Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Бадарч: Монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай


М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан. Үүнтэй холбогдуулан тэрээр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргалаа. Тэрбээр "Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсоноор миний амьдралын хамгийн чухал ажлын маань нэг болсноор миний бие энэ спортод сэтгэл зүрх цаг заваа бүрэн дайчилж өдий зэрэгт хүрсэн билээ.Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч Монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнэтэй нэр төрийн хэрэг билээ. Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага, 2020 онд улсын гарьд 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг билээ.
Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Би барилдах хугацаандаа улсын наадамд болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ. Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу байсан эсэх дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага, гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз, тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" хэмээжээ.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ