Орхон аймаг гэр хорооллын иргэдийг орон суужуулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр анх удаа “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж 260 айлын орон сууц барьж байна. Үүний эхний 77 байр ашиглалтад орж иргэдэд худалдахад бэлэн болжээ.
Бүртгэлийг энэ сарын 24-26-нд “Смарт Эрдэнэт” аппликейшнээр дамжуулан хийнэ. Бүртгэсний дараа иргэд 100 хувийн төлөлттэйгээр худалдаж авах буюу эдгээр 77 байрыг борлуулсан орлогоос дараагийн орон сууцаа үргэлжлүүлэн барих тул хөнгөлөлттэй нөхцөл болон түрээсээр ашиглуулахгүй гэдгийг хэлж байна. Тус байрны нэг м.кв талбайг 1,952, 000, автомашины зогсоол 21,380,000 төгрөгөөр худалдана.
Орон сууц худалдан авахад, өмнө нь төрөөс орон сууц хувьчилж авч байгаагүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээсийн орон сууцанд орж байгаагүй, сүүлийн таван жилд гэр хороололд амьдарсан байх/ инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй/ зэрэг хэд, хэдэн шалгуур тавьж байгаа ажээ.