Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАЯН МЭРГЭН Ө.ХАТАНБОЛОР: Даян мэргэн цолтой сумынхаа 100 жилийн ойн баярт очих гэж байгаадаа баяртай байна


Улсын их баяр наадмын эмэгтэй сур харвааны даян мэргэн Өрнөхийн Хатанболортой ярилцлаа. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь хүнс" ХХК, “Цахиур” багийн харваач бөгөөд үндэсний их баяр наадамд 40 сум харваснаас 38-ыг нь онож даян мэргэн цол хүртсэн билээ. Даян мэргэн Ө.Хатанболор 2019 оны үндэсний их баяр наадмаар улсын мэргэн болсон бөгөөд Дундговь аймгийн анхны эмэгтэй мэргэн юм. 

-Сайхан наадсан уу, та. Цэц мэргэн, сум оньтой байв уу. Даян мэргэн болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
                -Сайхан наадлаа, Монгол  Улсын даян мэргэн болсондоо баяртай, сэтгэл өндөр байна. Амжилт бүрийн  минь ард байдаг гэр бүл, ханьдаа баярлалаа. Харваач хүний хамгийн чухал зүйл болох нум урлаж өгдөг спортын мастер Ч.Эрдэнэ-Оюу болон Г.Мөнхсайхан ахлагчаар удирдуулсан “Цахиур” багийн хамт олондоо үргэлж ард минь бат зогсож, дэмжиж байдагт нь баярлалаа гэж юун түрүүнд хэлмээр байна. 
-Сур харваж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу. Хэрхэн сур харваатай холбогдсон юм бэ, та?
                -Миний аав Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Өрнөх гэж хүн байсан. Сур, шагай харвадаг, сурын спортын дэд мастер цолтой хүн байлаа. Би багаасаа сур, шагай харваж байгаа хүмүүс харж өссөн. 2012 онд миний хань анх сур харваж эхэлсэн юм. Дараа жил нь надад “Аав нь сур харвадаг, мэргэн хүн байсан юм чинь чамд удам байгаа. Сур харваагаар хичээллээд үзвэл яасан юм бэ” гэж санал тавьсанаар сур харваагаар хичээллэж эхэлж байлаа. Одоо миний хань спортын мастер цолтой болсон. 
-Сур харвахыг заасан багш, зөвлөдөг хүн бий юү?      
                -Анх Монгол Улсын мэргэн Б.Цэцэгийн нумаар алтан шар зурхайдаа сум тавьж байлаа. “Хүч” спорт хорооны залуустай баг болж, харвааны техникээс эхлээд олон зүйл сурч, хамт бэлдсэн дээ.
-Та дөрвөн жилийн өмнө улсын мэргэн цол хүртэж байжээ. Дундговь аймгийн анхны эмэгтэй мэргэн гэсэн шүү дээ. Хэд дэх жилдээ улсын наадамд сум тавьж байна вэ?
                -2013 оноос үндэсний их баяр наадамд тасралтгүй оролцож, 2019 онд улсын мэргэн цол хүртэж, Дундговь аймгийн анхны эмэгтэй мэргэн болсон. Энэ жил түүхт 100 жилийн ойн баяраараа даян мэргэн цолны болзол хангаж Дундговь аймгийнхныгаа мялааж байгаадаа баяртай байна. Даян мэргэн цолтой төрсөн нутагтаа очиж, ойн баяр наадамдаа сум тавих гэж байгаадаа сэтгэл дүүрэ, тогтож чадахгүй сууна даа. 
-Сайн харвахын тулд мэргэн байхаас гадна сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байдаг байх. Энэ талаараа ярихгүй юу?
                -Сур харваа бол сэтгэл зүйн спорт. Хэчнээн бэлтгэл сайн байсан ч сэтгэл зүйгээ өндөр бэлдсэн байх хэрэгтэй. Би сур харваагаар хичээллэснээр даруу төлөв байдал, тэвчээрийг хүнд суулгадгийг ойлгосон. Энэ сайхан спортоор хичээллэж, өв уламжлалаа хадгалж байгаадаа  манай гэр бүл, харваачид минь их бахархаж явдаг.
-Харваачид юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ. Тэр дундаа эмэгтэй харваачдад тулгардаг бэрхшээл бий юү?
                -Харваачдад тэсвэр тэвчээр хамгийн чухал. Халуун наранд удаан зогсоно, бороотой, хүйтэн шуургатай өдөр байсан ч сураа харваж л байдаг шүү дээ. Эмэгтэй хүнээс тэсвэр тэвчээр шаардсан спорт гэж боддог. Хүнийг их тайван цэгцтэй болгодог ухааны спорт доо.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Баяр наадам дөхөх үед сандарч, догдолдог уу?
                -Энэ жил наадмын бэлтгэлийг Дундговь аймгийн “Цахиур” багийнхантайгаа хийсэн. Үндэсний их баяр наадам гэдэг бусад тэмцээнээс илүү шалгуур өндөртэй. Наадмаар харвах гэж байгаа бол догдолно, огшино бусад тэмцээнээс огт өөр сэтгэл хөдлөл, мэдрэмж авна. Гурван өдөр сэтгэл зүй, нойр, хоол гээд бүгдийг нь тохируулж, амжилт гаргахын төлөө хичээдэг.
-Үндэсний сур харваа таны амьдралд ямар үнэ цэн, байр суурь эзэлдэг талаар нь сонирхож болох уу?
                -Миний амьдралын үнэт зүйлийн нэг. Үндэсний өв соёлоо тээж, гэр бүлээрээ сур харваж үр хүүхдүүд, харваачдад үлгэр дуурайлал болж мэргэн хүн ямар байх ёстой, зурхай дээр яаж биеэ авч ёстой гэдгийг харуулж байгаадаа баяртай байдаг. Амьдралдаа ийм сайхан боломжийг өөртөө нээж Ерөнхийлөгчөөрөө зарлиг уншуулж, төв талбайтайгаа бахархал дүүрэн тойрно гэдэг амьдралд олон тохиохгүй үнэ цэнтэй зүйл байх. Харваач хүний хэрэглэл, бусад харваачдаа хүндлэх сэтгэл бүр нь үнэ цэнтэй. Үндэсний их баяр наадмын хамгийн шударга спорт нь гэж боддог доо.
-Сур харвах үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
         -Сур харвах үеийн мэдрэмж их сайхан. Сумаа гаргаад бэлтгэл хийж эхлэхэд сэтгэл тайвширна. Хүний  амьдрал учраас сайн, муу олон зүйл тохиолдоно шүү дээ. Сэтгэл хэдий тавгүй байсан ч харваагаа бэлдэж, сумаа гаргахад үед “Энэ сумыг яаж гаргах вэ” гэх бодол  толгойд үлдэж төвлөрдөг.
-Хүүхдүүд сур харваагаар хичээллэснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
                -Үндэсний өв соёл гэдэг утгаар хүүхдүүд энэ спортод дурлаж хичээллээсэй, эцэг эх нь дэмжээсэй гэж боддог. Эерэг мэдрэмжтэй, хүнийг хүчирхэг, тайван, тэвчээртэй болгодог, сургадаг спорт. Үндэсний өв соёлоо тээж явна гэдэг монгол хүний бахархал шүү дээ.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
                -Хүүхдүүдийг энэ спортыг сонгож хичээллүүлэхийг бодох болсон. Аймаг, сумдын баяр наадам дууссаны дараа сур харваагаар хичээллэхийг хүссэн хүүхдүүдийг бэлдэхийг хүсэж, төлөвлөж байгаа.
-Баярлалаа, хараа хурц, зурхай мэргэн байх болтугай.
                -Баярлалаа.

https://ergelt.mn/news_full/155/single/34954
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ