Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ



УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2020.06.02/ албан ёсоор эхэлж байна. Сурталчилгаа санал авах өдрийн өмнөх өдөр 00:00 цагаас өмнө зогсох учиртай. Энэ удаагийн сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно. Сонгуульд 14 нам, эвсэлийн төлөөл болон  121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна.  Гэхдээ өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж дуусахад чухам хэдэн нэр дэвшигч хасагдахыг таашгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим хүмүүсийг нэр дэвшүүлэхгүйгээс хасаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. 
Энэ жил сонгуулийн түүхэнд байгаагүй олон бие даагч буюу 208 хүн СЕХ-д хүсэлтээ өгсөн. Түүнээс 121 нь өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр тоо. Өмнөх сонгуулиар 70 бие даагч өрсөлдөж, ганц хүн ялалт байгуулж байсан түүхтэй.  
Энэ удаагийн сонгууль маш онцлогтой болно. Учир нь цар тахлын үе учраас хөл хориог тодорхой хэмжээнд мөрдөх шаардлагатай.  Тиймээс Засгийн газраас  сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг баталсан. Уг журамд Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.  Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангаж байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна гэж заасан.
 39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
39.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
39.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
39.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
39.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
39.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
39.2.5.ухуулах байр ажиллуулах;
39.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
39.2.7.цахим орчин ашиглах;
39.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.
39.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.
39.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.
39.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
39.6.Энэ хуулийн 39.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.
41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх
41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:
41.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;
41.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;
41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.
41.2.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.
47 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах
47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:
47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
47.1.3.бусад цахим хуудас.
47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
47.3.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
47.5.Энэ хуулийн 47.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.
47.6.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.
47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:
47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;
47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ