“Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргаас “Хүүхэд бүр тарьц, үрсэлгээ бэлтгэгч байх” уриалгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн жилээс ЗДТГ, БОАЖГ хамтран цэцгийн үрсэлгээ, модны тарьц суулгац хэрхэн бэлтгэх талаар танхимын болон цахим сургалтыг үе шаттай нийт багш нарт зориулан зохион байгуулсан. СӨББ-д хамрагддаг хүүхдүүд, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутнуудын экологийн боловсролыг сайжруулахад сургалтад хамрагдсан багш нар чиглүүлж мод, цэцгийн үр, үрсэлгээ бэлтгэхэд анхан шатны заавар зөвлөмжийг өгөх юм.
Энэ жилээс эхлэн хаврын тариалалтад зориулж цэцэрлэгийн бяцхан багачууд багшийнхаа зааж, сургаснаар нэг наст цэцгийн үрсэлгээ бэлтгэж Дархан хот тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгчээ. Нийт 11 цэцэрлэг хун цэцэг, наранцэцэг, цинния, хилэнжин цэцгийн 1500 ширхэг үрсэлгээг ирүүлсэн аж.
Үүнээс 90 гаруй хувь нь зөв технологиор суулгасан амьдрах чадвартай үрсэлгээ гэж мэргэжлийн байгууллагынхан онцолж багш, хүүхдүүдэд талархал илэрхийлж амжилт хүслээ. Түүнчлэн хүүхэд бүр хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлбэл ногоон орчин нэмэгдэж, түүнийг хайрлах, хамгаалах дадал хэвшилд суралцана гэж багш нар хэлж байна.
Дархан хот тохижилтын газрын үржүүлгийн талбай зуны гурав, өвлийн нэг хүлэмжтэй. Жил бүрийн хоёрдугаар сарын арванаас гуравдугаар сарын 10 хүртэл есөн төрлийн 200.000 нэг наст цэцгийн үрсэлгээг бэлтгэдэг ажээ. Бэлтгэсэн үрслэгээ соёолж, дэлбээлэх үе буюу зургаадугаар сард мандалд суулгадаг. Зөвхөн цэцгээс гадна мод үржүүлгийн 4 га талбай бий. Үүний 2 га талбайг 100 хувь ашигладаг. Жилд 100 гаруй мянган нэг наст модны суулгац бэлтгэж нийтийн эзэмшлийн талбайд тарьж ургуулдаг ажээ.