Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ойн нөхөн сэргээлтийг сайжруулж, нутгийн модны үр бэлтгэх, мод үржүүлгийн плантаци байгуулан, ойн сангийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг тусгасан. Энэ ажлын хүрээнд улс, орон нутгийн төсөв, иргэд, аж ахуй нэгжийн нийт 486,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2021-2024 оны хугацаанд хийх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрс, байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харгалзан Хайрхан суманд 7 га, Чулуут суманд 2 га, Хангай суманд 3 га, Цэнхэр суманд 1 га талбайд шинээр мод үржүүлгийн талбайг байгууллаа.
Энэ 2022 оны тухайд нийт 120.0 сая төгрөгийн хөрөнгө оуулалтаар 600 мянган ширхэг тарьц суулгацыг бэлтгэсэн байна. Тухайлбал, Цэнхэр, Булган, Ихтамир, Өгийнуур, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хотонт суман дахь 65 га мод үржүүлгийн талбайд тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст модны 50 кг үр, 300.0 мянга гаруй мөчрөөр тарилт хийж усалгаа, арчилгааны ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.Мод үржүүлгийн газруудын талбайд 1 настай 10 гаруй төрөл зүйлийн 629.0 мянган ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн ба ирэх хаврын тариалтад бэлтгэж байна.