Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Нямбат: Сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийг томилж дүгнэлт гаргуулах боломжтой боллоо


Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” хавсарга судалгааг хавтаст хэргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааны үр дүнгийн талаар тус хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбаттай ярилцлаа.
Та бүхний хийсэн судалгааны зорилгын талаар ярилцъя?
Энэ судалгааг гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч болсон хүүхдийн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хангаж, хохирогчоор тогтоож байгаа эсэх, хохирсон хүүхдийн эрхийг сэргээж чадаж байгаа эсэх, энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл юу байгааг тогтоох зэрэгт дүгнэлт хийх зорилгоор хийсэн.
Мөн судалгааны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар зохицуулсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн хүн Эрүүгийн хуульд заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг давхар үйлддэг эсэх, дээрх гэмт хэргүүдийн ялгагдах шинжийг гаргах гэж оролдсон.
Судалгааны үр дүнгийн талаар танилцуулаач?
Судалгаа нэлээд өргөн цар хүрээг хамарсан. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хэргүүдийг 21 аймаг, 8 дүүргийн прокурорын газрын архиваас татан авч, хавтаст хэрэг нэг бүрийг уншиж танилцсан.
Шүүгдэгч нарын 87.9 хувь нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол нийт хэргийн 82.5 хувь нь шүүгдэгч, хохирогч нарын гэрт үйлдэгдсэн байна. Эндээс харахад гэр бүлийн хүчирхийлэл нь бусдын гэр оронд эсвэл гудамж талбайд үйлдэгддэггүй харин ихэвчлэн хохирогчийн гэрт, хаалттай хаалганы цаана далд хэлбэрээр үйлдэгдэж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хүүхэд хамт байсан тохиолдол  нийт хэргийн 57.1 хувийг эзэлж байсан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед буюу аав нь ээжийг нь зодож, цохих үйлдлийг харж байсан хүүхдийн 94.9 хувь нь сэтгэл санааны, 31.6 хувь нь бие махбодын,  2 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүд бараг бүгдээрээ хэл амаар доромжлуулах, түгшүүрт автах, айж эмээх, стресст орох буюу сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн үг юм.
undefinedЖишээ нь: Шүүгдэгч шөнө гэртээ согтуу ирээд эхнэр, хүүхдэдээ агсам тавьж, эхнэрээ цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсныхаа дараа өвлийн хүйтэнд эх, хүүхэд хоёрыг гэрээсээ хөөж гаргаад, хаалгаа түгжээд оруулахгүй, гадаа хонуулсан хэрэг гарсан.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хохирогчоор тогтоож хэвшсэн байгаа боловч сэтгэл зүйн дарамтад өртсөн хүүхдийг хохирогчоор тогтоох ажиллагаа практикт хангалтгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн эсхүл түүнийг харсан, эсхүл ийм орчинд өссөн хүүхдийн сэтгэл зүй гэмтэх, хямралд орох, магадгүй хүчирхийлэлд дасан зохицох, ирээдүйд асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг буруу зуршилтай болох гээд олон сөрөг үр дагавар бий болдог.  
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн хүйсийн харьцааны талаар илүү тодруулж өгөөч?
Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй. Судалгаанд хамруулсан 182 эрүүгийн хэргээс харахад нийт хохирогчдын 96.6 хувь нь эмэгтэй байна. Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд түлхүү өртдөг мэт харагдах боловч нөгөө талаараа энэ төрлийн гэмт хэргийн эрэгтэй хүйсийн хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргадаггүй, шалгуулдаггүй гэж харагдаж байна.
Хүчирхийлэлд зөвхөн бие махбодын бус сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл давхар яригддаг. Гэхдээ өөрийгөө ийм төрлийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдэхгүй байх нь их байдаг.
Сэтгэл санааны хохирол тэр тусмаа гэртээ ойр дотны хүнийхээ хүчирхийллээс улбаатай сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхдийг яаж хамгаалах вэ. Эрхийг нь сэргээх, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах боломж байдаг уу?
Сэтгэл зүйн дүгнэлт гаргуулж сэтгэл заслын эмчилгээнд хамруулсан нэг л тохиолдол гарсан байсан. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзсэн 17 хүүхдийн асуудал орхигдсон байна. Энэ нь хууль эрх зүйн орчин байхгүй байсантай холбоотой.
Харин энэ онд Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж бие махбодод учирсан гэмтлийн зэргийг тогтоодогтой адил сэтгэл санааны хохирлыг мөн тогтоож мөнгөн дүнгээр үнэлэх аргачлал бий болоод байна.
Өмнө нь огт яригддаггүй байсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл мөрдөгч шинжээч буюу сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийг томилж дүгнэлт гаргуулах боломжтой эрх зүйн орчин одоо л бий болж байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдсэн.
Одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтад дүн шинжилгээ хийгдсэн талаар судалгаанд дурдсан байна. Энэ талаар тодруулж яривал?
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх шинжид энэ гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон бол эрүүгийн хариуцлага оногдуулна гэсэн заалт бий. Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдийн эсрэг 11 гэмт хэргийг хуульчилсан байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд “хүүхэдтэй хэрцгий харьцах” гэсэн заалт байгаа боловч судалгааны хамрах хугацаанд ердөө 14 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь гэр бүлийн хүчирхийлэлд давхар өртөж байгаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн үг юм.
Цаашид хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хохирогчоор тогтоож байх, үүний тулд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үү эсвэл хүүхэдтэй хэрцгий хандах гэмт хэргийн хохирогч болсон уу гэдгийг заавал анхаарч нотлох баримт цуглуулах, сэтгэцийн шинжээч томилж байх талаарх сургалтыг үе шаттайгаар хийх төлөвлөгөөтэй байна.
Нэг удаагийн ярилцлагаар манай хүрээлэнгээс хийсэн судалгааны талаар дэлгэрэнгүй нарийн ярих боломж хомс тул та бүхэнд товч мэдээлэл өгөх гэж хичээлээ.  Судалгааны тайлан хэвлэгдсэн тул та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй холбогдож танилцах боломжтой.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ