Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уяачид өвлийн уралдаанд оролцохоор морьдоо сойж эхэллээ


-ИРЭХ САР ШИНИЙН БАЯРААР "ДҮНЖИНГАРАВ" УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЪЯ-

Хүлгийн шандас, уяачийн эрдэм, унаач хүүхдийн тэсвэр, тэвчээрийг сорьдог хэмээн бэлэгшээж, хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг өвлийн уралдаан эргэн ирлээ. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа гэх үндэслэлээр тодорхой хугацаагаар зохион байгуулахыг хориглоод байсан хурдан морины өвлийн уралдааныг аймаг, сумдууд хийх нь баттай болж, уяачид хурдан морьдоо сойж эхэлсэн гэнэ.

                          Монгол Улсын Засгийн газрын захирамжийн дагуу өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосноос хойш дөрвөн жил өнгөрчээ. Ойрхондоо хурдан морь сонирхогчдын чихийг "сортолзуулсан" овооны тахилга уралдаан битгий хэл сунгаа ч үзэгдэхээ болив. Засгийн шийдвэрийг дагаж, энэ онд ч олон аймаг өвлийн уралдаан, сунгаа хийхийг хориглож буйгаа мэдэгдээд байгаа ч уяачдын хурдан морио улсын наадмаас өмнө сорих өвлийн уралдаан, урин цагтай энх золгосны баяр, хаврын уралдаанаа энэ жилээс хийж эхлэн өвөл, хаврын уралдааныг дахин сэргээж гэнэ. Засгийн газар ч, аймгийн Засаг даргын ч шийдвэр бай уяач, морь сонирхогчид идэр есийн хүйтэнд хүлэг, хүүхэд хоёрынхаа чансааг сорьдог өвлийн уралдаанаар "цангаж" байж. Ирэх өвөл, хаварт нь уралдах эсэхийг мэдээгүй ч морьдоо тавьж явуулж чадаагүй уяачдын "нар" нь гийж байгаа сурагтай. 
 
                          Өвлийн уралдаан, сунгаа хийхийг хориглосноос хойш л эргэн уралдаан зохион байгуулахыг нь хүлээж, өвөлдөө морьдоо барьсан уяачид тавьж чадалгүй л хавартай золгож байлаа. "Тэгсгээд л болчихно доо" гээд чадахаараа морьдынхаа уяа, сойлгыг тааруулж байсан уяачид хоол, тэжээлийн зардлаас эхлүүлээд алдсан юм их. Өвлийн уралдаан, сунгаа ч худлаа болж гэхэд "Урин цагтай мэнд золгосны баяр гээд хаврын уралдаанаа хийх байлгүй дээ" хэмээж, хамаг байдгаараа "форм"-ндоо байсан уяач, хүлэг хоёр хөөрхий. Харин одоо зөвхөн уяач, морин спорт сонирхогчид гэлтгүй бүр огтоос ч сонирхдоггүй хүний гайхан санаж, дурсах болсон өвлийн уралдаан, сунгаанууд эхнээсээ эхлэх гэнэ.
 
 

2019 онд хурдан морины өвлийн уралдааныг зохион байгуулахыг хориглохдоо хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг хөндөж, хуулийг заалтыг өөрчлөхийг хүссэн байдаг. ХЭҮК-ын тооцсоноор манай оронд 7000 гаруй хурдан морины унаач хүүхэд байгаа бөгөөд нэг жилд хоёр хүүхэд хурдан морь унаснаас үүдэн амиа алдаж байгааг онцолж байв. Тухайлбал,

  • 1996-2017 оны хооронд хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь эрсэдсэн
  • 2016-2017 оны хооронд буюу ердөө хоёр жилийн хугацаанд 2422 хүүхэд мориноос унаж, хүнд, хөнгөн хэлбэрийн бэртэл авсан байдаг.
Өвлийн уралдаанд унаач хүүхэд даарч, бээрэх хүйтнээс эхлүүлээд хурдан морины шөрмөсний ачаалал нэмэгдэж, гэмтэх эрсдэл өндөр. Олонх хурдан адуу хэдэн сараас уяа сойлгондоо байж хурдаа хадгалдаг бол намар, өвлөөр тавьсан, барьсан адуу өнгөрсөн зун хурдалсан юм уу, ирэх зун хурдлах хурдныхаа хаана ч хүрдэггүй гэдэг. Тиймээс л баяр наадамд шижигнэсэн хурдан хүлгүүд оруулах гэж өвлийн уралдаан, сунгаанаас эхлэн өөрийнхөө ч, өрөөлийн ч морьдыг сонжиж, урин цагаар уяа сойлгийг нь тааруулахад анхаарч байж л улсын баяр наадамд шилмэл хурдан хүлгүүд гарч ирдэг аж. Хүүхэд, хүлэг хоёрт "ташуур" болдог өвөл, хаврын уралдаануудаас "Дүнжингарав хурд" уралдаан л олны хүлээлтийг үүсгээд удлаа. Хэдэн жилийн өмнө л урин цагтай золгосноо тэмдэглэл шинийн өдрөөр шилмэл хүлгүүдийн "Дүнжингарав" уралдаан болдог байсан нь олон ч хүний санаанд үлдэж, өдгөө санагалзах болжээ. Гэсэн ч "Дүнжингарав" сураггүй л.
 
                     Хэдхэн өдрийн өмнө ММСУХ-ноос энэ онд зохион байгуулах хурдан морины уралдааны товыг гаргасан. Ингэхдээ өвөл, хаврын ямар ч уралдаан оруулаагүйд морь сонирхогч олон цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлж байна. Залуус Чингис хааны үеэс өвлөгдөж ирсэн "Дүнжингарав" уралдаанаа зохион байгуулж, цар тахлын хүнд үеэс бага ч болов салж, урин цагтай энх золгосны баяр, уралдаанаа зохион байгуулахыг хүсэж байна. Морь сонирхогчдоос эхлүүлээд олон хүний дотор дурсагддаг "Дүнжингарав" наадмаа зохион байгуулж, сар шинийн өдрүүдээд баяр дүүрэн байхыг хүсэж байгаа гэв. Олны хүсэн хүлээсэн "Дүнжингарав" болбол идэр есийн хүйтэнд хүн, мал хотлоороо баяртай байна биз ээ.


https://ergelt.mn/news/105/single/29950
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ