Японы Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд түүхэнд анх удаа дөнгөж төрсөн нярайн элгэнд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. NHK телевизээр мэдээлснээр, 2019 оны 10 дугаар сард төрсөн нярай бодисын солилцооны төрөлхийн эмгэгтэй байжээ. Ийм оноштой өвчтөнүүдийн элгэнд уургийн бодисын солилцооны үйл ажиллагаа доголдсоны улмаас их хэмжээний аммиак хуримтлагддаг бөгөөд улмаар хордлогод оруулж, эндэх эрсдэлтэй байдаг аж. Ийм үед өвчтөнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг боловч энэ мэс заслыг зөвхөн гурваас дээш сартай хүүхдэд хийдэг байна.
Тиймээс эмч нар тухайн үед төрөөд дөнгөж зургаа хонож байсан нярайн элгэнд 190 орчим үүдэл эс шилжүүлэн суулгахаар шийджээ. Шилжүүлэн суулгасан үүдэл эсүүд нярайн дотор эрхтний аммиак задлах үйл ажиллагааг сэргээж чадсан байна. Үүний ачаар нярайн биеийн байдал тогтворжиж, улмаар 2020 оны гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, мэс ажилбар амжилттай болжээ. Японы Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд энэхүү аргыг цаашид өвчтөнүүдийн дунд улам өргөжүүлэх зорилгоор клиник туршилтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Д.Жаргал