Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Тэмүүжин: УИХ-д орж ирээд хулгай хийх, ах дүүгээ албан тушаалд томилох боломж бага болсон шүү!

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин МҮОНТВ-ийн “Цаг үе-Үзэл бодол” нэвтрүүлгийн зочноор оролцов. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Ярилцлагаа удахгүй хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхэлье. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бодит утгаар нь хийлээ. Гэхдээ хуульч мэрэгжилтнүүдийн хувьд тийм ч сэтгэл хангалуун бус үлдсэн харагдсан. Таны бодлоор алдаа, оноо нь юундаа байна?
-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэдэг санаа 2000 оны нөгөө “дордуулсан долоо” гэдэг өөрчлөлтөөс хойш илүү хүчтэй яригдсан. Яагаад гэхээр 2000 оны өөрчлөлтүүдийн эерэг, сөрөг үр дагаврууд ил гараад эхэлсэн гэсэн үг.
Гүйцэтгэх эрх мэдлийг булаацалдсан хэд хэдэн субьект бодитой байж байдаг. Албан ёсоор Ерөнхий сайд гэдэг нэртэй мөртлөө кабинетаа өөрөө байгуулах эрхгүй. Үүнэс болоод УИХ-д суудалтай нам, бүлгүүд нь Ерөнхий сайдаа шахаж, төлөөллөө шургуулаад байхаар Засгийн газрын кабинет нь парламентийн жижигсгэсэн хувилбар шиг болчихсон. Ерөнхий сайд нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа юм шиг мөртлөө яг нарийн харахаар сайд нар нь салбар салбараа өмчлөөд авсан дүр зураг харагддаг.
Хоёрт, үе үеийн Ерөнхийлөгч нар Засгийн газартай сөргөөцөлдөж, эрх мэдлийг өөр дээрээ булааж авах гэж байнга оролдож ирсэн. Аль субьект нь гүйцэтгэх эрх мэдлийг хэргжүүлээд байгаа нь ойлгомжгүй дүр зураг маш тод харагдаж байсан.
Гуравт, сүүлийн гурван ч УИХ-ын дарга дээр анзаарагдаж харагдсан нэг зүйл бий. Мөн л гүйцэтгэх эрх мэдлийг булаацалдаж, Ерөнхий сайдтайгаа бодлогын түвшинд өрсөлддөг болоод хувирчихсан.
Иймэрхүү байдлаас болоод Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдлийг хэн толгойлж, хэн хариуцлага хүлээх гээд байгаа нь тодорхойгүй болчихсон. Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага хүлээх нь Ерөнхий сайд юмаа гэдэг нь Үндсэн хуульд маш тодорхой байдаг боловч бодит байдал дээр тийм биш байсан. Үүнийг засч залруулах чиглэлийн шинэтгэлийг харьцангуй сайн хийчихлээ гэж би харж байгаа.
-Гэвч...
-Үндсэн хуулийн шинэтгэл дээр гурван зүйл яригдсан. Нэгдүгээрт, сонгуулийн тухай. Монгол улс парламентийн засаглалыг бий болгож сонгож авсан юм бол УИХ ямар төлөөлөл байх, хууль тогтоох чадвар нь ямар байх, Засгийн газраа хянаж байна уу, үгүй юу гэдэг асуудал чухал. Гэтэл манай УИХ сонгуулийн тогтолцооноосоо шалтгаалаад жалга довны маягтай болоод хувирчихсан. Улсын, нийтийн эрх ашгийн төлөө дуугарахаасаа илүү төсвийн мөнгө, албан тушаал гээд ямар нэг байдлаар жалга дов руугаа чирж л байвал мундаг улстөрч гэдэг хандлага явчихсан. Үүнийг би сонгуулийн тогтолцооны гажиг байна гэж харж байгаа. Үүнээс шалтгаалаад 2008 оны сонгуулийг томсгосон тойргоор, 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан. Судлаачдын зүгээс холимог тогтолцоо нь илүү таарч байна гэсэн. Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо нь нийт улсын эрх ашгийг харж байна, можиратор тогтолцоо нь орон нутгийн ашиг сонирхлыг гээгдүүлэхгүй, энэ хоёр тогтолцоог хослуулах нь зөв юм байна гэж харагдаад байдаг.
Харамсалтай нь Үндсэн хуульд тогтолцоог тодорхой зааж өгөөгүйн улмаас тухайн үед эрх барьж байгаа намууд юу хүссэнээрээ саваад байдаг. Энэ савалгаа нь парламентийн төлөөлөл болон хууль тогтоох чадавхыг сулруулаад байна гэж судлаачид хэлдэг. Гэтэл бид энэ талын шинэтгэлээ хийж чадаагүй. Маш их ярьсан боловч яг сүүлийн мөчид аваад хаячихсан.
-Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудал бас хойш ухарлаа гэж шүүмжлээд байх шиг харагдсан...
-Гурав дахь хүчтэй маргаан бол шударга ёсны асуудал байсан. Хууль, шүүхийн байгууллага бие даасан байдлаа хангаж чадах уу? гэдэг. Нэг талаас шүүхийн хараат бус байдал алдагдсан гэж шүүмжилдэг. Нөгөө талдаа эсрэгээрээ, хараат бус байдлын ард хуулийн байгууллага, шүүгч нарын завхрал өөрөө нуугдаж, хариуцлага хүлээхгүй үлдээд байна. Энэ хоёрын яаж шийдэх вэ? гэж ярьдаг. Сая баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт дээр энэ тал дээр хангалттай шийдэл гаргаж чадсангүй.
Шүүхийн шинэтгэлтэй холбоотой Цэцийн шинэтгэл, шүүхийн хараат бус байдлыг эвдээд байгаа дээд шүүхийн эрх мэдэл, чиг үүргийг тодорхой хуульчилж өгөхгүй бол Дээд шүүх өөрөө бүх шатны шүүхийн томилгоонд оролцдог, шүүхийн шийдвэр ямар гарахыг урьдчилан зааварладаг, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг. Энэ талаасаа тийм ч амжилттай шинэтгэл хийж чадаагүй.
-АН-ын дэд даргыг хувьд асууя. Өнгөрсөн 30 жилд Монголын ардчиллын түүхийг бичиж ирсэн энэ нам өнгөрсөн онд “намынхаа үзэл баримтлалыг сэргээн тодотголоо” гэж ярьсан. Нэлээд цаг хугацаа зарцуулсан байх. АН ер нь ямар үзэл баримтлалтай, чиг шугамтай нам бэ?
-Монгол Улс 1990 онд хаалттай тогтолцооноос чөлөөт нийгэм рүү шилжих гэж оролдсон. Тэр шилжилтийг манайхтай зэрэг хийсэн Дундад Азийн зарим орнуудтай харьцуулбал манайх хавьгүй сайн, туршлага болхуйц амжилттай шилжилтийг даван туулсан. Энэ үйл явцыг эхлүүлж байх үед ардчилсан хүчнүүдийн үзэл санаа мэдээж хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан зах зээлийн тогтолцоо, түүнийг бий болгохыг тулд хувийн өмчийг бий болгох тухай, өрсөлдөөнт ардчилал буюу улс төрийн олон ургалч үзэл байсан.
2000 оны дараахнаас юу болсон гэхээр социал демократ гэж явсан нам, Ардчилсан нам гэх мэтчилэн барууны маягийн намууд хоорондоо нэгдээд үзэл санааны хувьд “холион бантан” болж эхэлсэн. Үүнээс болсон уу, манай намын хоёр ч дарга “Үзэл баримтлал хамаагүй шүү дээ, тулгарч байгаа асуудлаа хараад, яаж шийдэх ёстой шийдлээ гаргаад явна аа” гэж ярьсан. Нэг талаар зарчим, үзэл санаагаа гээх тухай ярьсан байхгүй юу.
-Нээрээ тийм зүйл болсон...
-Үүнээс болоод АН-д итгэдэг сонгогчдын итгэл, дэмжлэг буурч, хүмүүс АН-ыг бусад намаас ялгахаа больсон. Тэр ярианы дараа Ардчилсан нам хүний эрхийн талаар ярихаа больсон, шударга ёсны тухай алхмууд нь арай өөр харагдаж эхэлсэн. Эдийн засгийн үр ашигтай л бол юу ч хийсэн яадаг юм гэдэг хэт прагматик алхмуудыг хийх гэж оролдлоо шүү дээ. Адилхан авилга, хор найруулалт гээд болж бүтэхгүйтэй нь ч холилдсон. Ядаж хүний эрхийн тухай ярьдаг байсан нам яагаад дуугарахаа байчихав аа гэх мэт асуултуудыг иргэд тавьж эхэлсэн.
2016 оны сонгуулийн ялагдлыг хүмүүс хоёр янзаар тайлбарласан. Нэгд, АН өөрийн үзэл санаанаасаа холдсон учраас гол дэмжигчдээ алдсан. АН эрх авсныхаа дараа бизнес эрхлэгчидтэйгээ дайн зарласан. Баялаг бүтээгчдээ дээрэмдэх гэж оролдсон, зарим бизнесийг хорьж, хязгаарлах гэж оролдсон. Энэ чинь АН-ын үзэл баримтлал бишээ гэдэг. Хоёрт, АН засаглаж чадаагүй, дотооддоо хэт их хэрэлдсэн. Нэг үнэт зүйл, нэг зарчмын төлөө цуг явахаас илүү тэрний хүн, энэний фракц гэж бүлэглэж, хоорондоо зөрчилдсөний улмаас “засаглаж чаддаггүй” гэсэн хаяг зүүсэн. Энэ сургамжаас бид нам доторх хуваагдал, хүн дагасан бүлэглэлийг аль болох алга болгох ёстой юм байна. Ижил үзэл санаа, үнэт зүйлтэй байж, зарчим, ажлынхаа ард нэгдэх ёстой юм байна гэж үзээп үзэл баримтлалаа тодотгосон. 1990 онд анх гаргасан үзэл санаануудаа сэргээн засч сайжруулсан, зөрчилтэй зүйлүүдийг засварлаж, илүү тодоор зураглах гэж оролдсон. Мэдээж тодорхой хугацаа, процесс шаардах байх.
-Тэгвэл та энэ удаагийн сонгуулиас ямар үр дүн хүлээж байна. Тухайлбал, АН-аас?
-Хүссэн хүсээгүй энэ удаагийн сонгуулиар улс төрд үе солигдоно. Зөв хүнээ гаргаж ирж, дараа дараагийн үеэ зөв зүйтэй дэмжиж чадсан нам нь илүү санал авч, илүү асуудлаа шийдэж, үзэл санаагаа илүү бодит амьдрал болгох боломж гарах байх.
-Ямар үе гарч ирнэ гэж та харж байна?
-Ер нь бол дунд болон шинэ залуу үе хүчтэй түрж орж ирж байна. Мэдээж хууччуул дунд туршлагатай, үзэл санаандаа тууштай зогсдог хүмүүс байгаа. Гэхдээ тэд ч гэсэн олон зүйл дээр араас ирж байгаа үеэсээ хоцорч байна. Шинэ үе шинэ нөхцөл байдлыг шаардаж байхад өөдөөс нь хараад хуучин юмаа яриад суух нь салхины өөдөөс дэвүүр барихтай л адилхан.
-АН-ын үзэл баримтлал, одоо сонгуульд орж байгаа мөрийн хөтөлбөрийн бусад намынхаас ялгарах ялгааг та яг юу гэж хэлэх вэ?
-Хамгийн том гурав, дөрвөн ялгарал бий. Би өөрийн ажилладаг салбар дээрээ хэлье л дээ. 2012 онд АН олонхи болоогүй, гэхдээ хамгийн олон суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр үед АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан шинэтгэлүүдээ хийх гэж оролдсон. Тэрний нэг нь Тахрын алба.
Тахрын алба бол хохирогчийг хамгаалах зорилготой байгууллага. Урьд өмнө нь манай төрийн байгууллагын философи нь юу байсан гэхээр төрийн алба, даргыг хамгаалах, тэр эрх мэдлийн тойрсон бүтэц байсан. Яг хохирогч, гэрчийг хамгаалах зорилготой, ийм чиг үүрэгтэй байгууллага, ийм үйл ажиллагааны соёлын тухай ойлголт ч байхгүй байсан.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд хамгийн их хохирсон хүн нь жирийн ард иргэд л байсан. Хохирсон хүний нөгөө талд эрх мэдэлтэй, танил талтай хүмүүс зогсч байдаг. Энгийн иргэд яагаад хохироод байна гэхээр нэг хэсэг нь өөрөө хийсэн алдааны улмаас хохирсон байж болох ч дийлэнх нь төрийн буруугаас, эсвэл тогтолцооны гажуудлаас, байгаа мөнгөндөө сагасан бусдын эрхийг үл хүндэтгэгчийн буруугаас болж маш олон хүмүүс хохирсон байдаг. Энэ хүмүүст зориулсан чиг үүрэг, бодлого байхгүй байсныг бий болгох гэж оролдсон. Тахрын албыг байгуулсан.
-Одоо Тахрын алба байхгүй болсон...
-Нөгөө намууд гарч ирээд устгачихсан. Оронд нь Дотоодын цэргийг дахин байгуулсан. Эндээс философи нь ялгагдаж байгаа биз. Нэг нь иргэнээ хамгаалах төрийн байгууллага байгуулахаар нөгөөх нь татан буулгаад тогтолцоо хамгаалахад зориулсан байгууллагаа бий болгож байгна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хороог татан буулгачихлаа. Иргэдийн өргөдөл, гомдлоо гаргаж, төрийн бодлогод нөлөөлөх гэж оролддог үүд хаалгыг хаачихаж байна. Үүнийхээ оронд УИХ-ын гишүүдийн хамгаалдаг Халдашгүй байдлын дэд хороогоо татан буулгаад, хуяг дуулгыг тайлж хаях ёстой биз дээ.
Ингээд харахаар АН-ын бусад намаас ялгарч байгаа бодлого нь хууль зүйн бодлогын хүрээнд жишээ нь иргэнээ хамгаалсан хуультай болох. Эрх мэдэлтэн хамгаалсан биш. Иргэдээ тойрч, тэдэнд хүртээмжтэй хуулийн байгууллагын тогтолцоог сонгож, бий болгох гэж оролддог. Дарга тойрч, хэн нэгэн генералд үйлчилж, цол зэрэг ахиж, албан тушаалын шатаар гүйдэг биш.
-Иргэдийн дунд шударга ёс байхгүй боллоо гэдэг. Яг хаана очоод хана хэрэм мөргөөд байгааг хэлж болох уу?
-Шударга ёсыг ард түмэн гурван зүйлээр төлөөлүүлж ярьж байна. Нэгт, хууль хэтэрхий алагчлалтай байгааг ярьж эхэлж байна. Жирийн иргэнд хатуу хөтүү үйлчилдэг хэрнээ, албан тушаалтнуудад хүрч чадахгүй байна аа гэж.
УИХ-ын чуулган дээр М.Энх-Амгалан Ерөхий прокурорын хэлсэн үг бий. ЖДҮХС-гаас эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад мөнгө авсан хүмүүс байна. Гэрээн дээр гарын үсэг зураад, шийдвэр гаргасан хүмүүс нь 461-т хоригдож байна. Өдөр шөнөгүй утасдаад, дарамт шахалт үзүүлж байгаад зээл авсан, үр шимийг хүртсэн хүмүүс УИХ дотор хариуцлага хүлээхгүй сууж байна. Энэ шударга явдал уу? гэж.
Асуулт ердөө л энэ. Дунд түвшний удирдлагын хүн өөрсдөө гуйж тэд нарт зээл олгоогүй, дээрээс нь шахаж дарамталсаар байгаад авсан. Бичгүүд нь тодорхой, утсаар ярьсан тэмдэглэлүүд нь тодорхой байхад үр шимийг нь хүртсэн хүмүүс хуулиас гадуур, дарамтлуулж гүйцэтгэсэн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээгээд шоронд орсон. Тэд энэ мөнгийг өөрсдөө аваагүй шүү дээ.
Хоёрт, дэлхийн улс орнуудын шударга ёсны хэмжүүрт нэг зүйл байна. Гэмт хэргийг харсан, энэ хүн ингэсэн юм аа гээд үнэнээр нь гэрчлэх гэрчийг хамгаалахгүй бол шударга ёс тогтохгүй. Гэрчийг дуртай нь айлган сүрдүүлж, худалдаж авч, мэдүүлэгт нь нөлөөлж, янз бүрийн амлалт өгч, ярьсан хэлсэн зүйлийг нь өөрчлөх гэж оролддог, гэрч энэ дарамтанд нь ордог бол шүүх хуулийг амилуулж, шударга ёсыг тогтоож, бэхжүүлж чадахгүй.
Одоо ч гэсэн олон нийт шүүхэд эргэлзэж байна. Шүүх хэтэрхий улс төржиж, захиа даалгавар биелүүлж байна. ҮАБЗ нэрийн доор шүүхийн хараат бус байдлыг үгүй хийчихлээ. Үүнээс болоод хуулиа бариад шударга алх цохих шүүгч алга. ҮАБЗ гэж байгаа гурван хүний амьсгалаар шүүхийн шийдвэр гарч байна аа гэж.
Бас нэг шударга ёсны яриа байна. Хэн дуртай, эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс бусдын бизнесийг булааж, эсвэл бусдын амьдралаар тоглосныхоо төлөө хуулийн өмнө очиж байна уу? гэдэг асуудал. Монголд хууль байна уу, үгүй юу гэдэг шударга ёсны эхний асуудал. Хоёрт, шүүх нь хэрэг маргааныг үнэн зөв, бодитой, баримттайгаар хуулийн дагуу шийдэж байна уу үгүй юу? Гуравдугаарт, тэр хуулийн өмнө албан тушаалтан иргэнтэй нэг буруутай бол сөхөрдөг, буруугүй бол босоод явдаг тийм зарчим ажиллах уу, үгүй юу? Энэ гурваар иргэд шударга ёсыг хэмжиж, бас нэхэж байна.
-Энэ удаагийн сонгуулиар Ан-аас хамгийн олон бие даагчид гарлаа. Үүнд ямар шалтгаан байсан гэж та бодож байна? Энэ нөгөө 100 саяас болсон уу, эсвэл өөр зөрчил байсан болов уу?
-Сонгууль дөхөхөөр намаасаа гарч байгаа хүн МАН-д ч байна, АН-д байна. Ялгаагүй. Улс төрийн зам замнал нь бие даасан нь дээр байх, намын дотор явснаас гадна явсан нь дээр байх гэж үзээд бие дааж байгаа бол тэр хүмүүсийн сонголт. Хүмүүс өөрсдийгөө хэн гэж үзэж, хэрхэн нэрээ дэвшүүлэх нь тэр хүмүүсийн эрхийн асуудал. Нөгөө талд нь тэр хүмүүсийг сонгох, сонгохгүй нь ч гэсэн сонгогчийн эрх шүү дээ.
МАН-ын 60 тэрбум, АН-ын 100 сая уу, эсвэл төсөвт суусан УИХ-ын гишүүний 5 тэрбум. Мөнгөн дүн өөр өөр боловч ард нь нэг л асуудал байна. Улс төрийн намуудын санхүүжилт чинь ил тод юм уу? гэдэг асуулт. Хоёрдугаарт, Сонгуулийн зардал чинь Монголын дундаж иргэн даагаад гараад ирэх хэмжээний түвшинд байна уу? Эсвэл ардчиллын өртөг иргэд нь дийлэхээргүй хэтэрхий өндөр болчихсон уу?
Ардчиллын өртгийг иргэд нь дийлэхээ болиод эхлэхээрээ л олигархуудын халаасанд, эсвэл ардчилал нэрийн дор эрх мэдлээ тахалж авч үлдэх гэсэн хулгайчдын арга хэрэгсэл болоод хувирчих аюултай. Тиймээс бид бодох ёстой.
Одоо байгаа УИХ-ын гишүүд 65 суудалтай байхдаа улс төрийн намыг эрүүлжүүлэх, санхүүжилтыг зөв болгох, ардчиллын үнэ өртгийг багасгах чиглэлд нэг ч бодитой алхам хийсэнгүй. Улс төрийн намын тухай хуулийг яриад л байсан, одоо болтол байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо ил цагаанаар УИХ-ын тойргийн зардлыг “300, 400, 500, 600 сая” гээд нэг бүрчлэн зарлачихлаа шүү дээ. Дундаж монгол хүний нүд орой дээрээ гарахаас өөр аргагүй зардал хэлчихлээ.
Энд сонгуулиар амьдардаг нэг хэсэг хүн байна, мөнгө хийдэг нэг хэсэг хүн байна, сонгуулиар зарсан мөнгөө албан тушаал дээр очоод авдаг ч нэг хэсэг хүмүүс байна. Улс төрийн нам өөрөө төрийн авилгын үндэс суурь болоод улс үндэстнийг нөгөө “чөтгөрийн тойрог” шиг татаад байна шүү дээ. Үүнийгээ хэзээ зогсоох вэ?
Үндсэн хуулийг өөрчлөх эрх мэдэлтэй нам лав үүнийг өөрчилж, зогсоохыг хүссэнгүй. Сонгуулийнхаа системийг өөрчлөөд, холимог тогтолцоог сонгочихсон бол сонгуулийн зардал шууд доошоо буух байсан. Гэтэл мажоритор тогтолцоо руу шахаад л байна гэдэг чинь тэнд мөнгөний хүч нөлөөг үнэлээд байна л гэсэн үг.
Хоёрдугаарт, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал. Намууд яаж өөрсдийгөө санхүүжүүлж байгаа юм.  АН муу хэлүүлээд татвар нэрийн дор гишүүдээсээ 100 саяыг авах гэж оролдож байна. Энд бол зөв буруу, хууль зөрчсөн, зөрчөөгүй тухай л яригдах байх. Улс төрийн намын тухай хуульд бол гишүүний татвартай холбоотой хязгаарлалт байхгүй. Тэрийг нь хийж өгөөгүй учраас татварын хэмжээ хэд ч байж болохоор байна. Гэхдээ татварын хэмжээг намын дарга тогтоохгүй. Нам өөрөө олон нийтийн байгууллага учраас олонхоороо хуралдаад шийдэж байна. Цөөнх болсон байр суурьтай хүмүүс байна. Тэд нь шүүмжилж байн. Гэхдээ олонх нь шийдчихлээ. Дахиад асууя. Ил ярьсан хэсэг нь баалуулаад, шүүмжлүүлээд явья. Тэгвэл далд байгаа санхүүжилтыг яах вэ? АН-аас бусад нь яаж санхүүжээд байгаа юм бэ?
-Энэ удаагийн сонгуулиар 208 нэр дэвшигч бие даалаа. Санамсаргүй тохиолдол биш байх. Сонгуулийн дараа бүр илүү сонирхолтой дүр зураг гарах болов уу?
-Хоёр хандлага хүчтэй явж байх шиг. Нэгдүгээрт, ҮХНӨ дотор дэвшилттэй гэж болохоор нэг утга санаа батлагдчихлаа. УИХ-ын гишүүн юу хийх вэ? гэдгийг маш тодорхой заачихсан. Томилгоо хийдэг, төсвийг өөрийн дураар задалдаг байсныг болиулсан. Урд өмнөх УИХ-ын гишүүд их сонин байлаа шүү дээ. Нэг сайд, Засгийн газрыг огцруулахад 76-лаа орж ирээд суудаг. Төсөв батлахаар бас бөөнөөрөө орж ирээд суудаг. Засгийн газар байгуулахад албан тушаал наймаалцах гэж орж ирдэг. Чи манайхыг дэмжвэл, би танайхыг дэмжинэ ч гэдэг юм уу. Одоо бол байхгүй. Ерөнхий сайд өөрөө шийднэ. УИХ-аас Засгийн газарт орж ажиллах дөрвөн л хүн байна.
Төсөв хэлэлцэх ч мөн адилхан байна. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр задалж, нэмж батална гэж байхгүй. Өмнө бол “Манай аймаг, сум руу тэдийг өгчих. Би чиний тэрийг дэмжээд өгье” гэдэг байсан. Монгол улсын хөгжлийн бодлогыг нэг цонхоор харах бус, тал тал тийш нь цоорхой шанага шиг урсгадаг байсан энэ хоёр эрх мэдлийг байхгүй болгосон.
Хоёрдугаарт, УИХ-д сонгогдсон гишүүн хууль тогтоож, Засгийн газрын үйл ажиллагааг хянахаас өөр эрх мэдэлгүй болсон. Ийм эрх мэдэлтэй УИХ-д бие даагчид хэн ч биш. Ямар ч ажил хийх боломжгүй, бодлогод нөлөөлөх боломжгүй. Ийм УИХ-д ямар хүмүүс нөлөөлөх боломжтой гэхээр илүү багаараа, тодорхой бодлоготой, бие биенээ шахаж ажиллаж чадавхтай хэсэг нь л шийдвэр гаргана.
-Гэтэл иргэд улс төрийн намуудад итгэх суларсан учраас бие даагчдыг сонирхож, бие дааж байгаа хүмүүс ч үүнд найдлага тавьж дэвшсэн байх?
-Тэгсэн ч энэ бол ард түмний сонголт. Ард түмний сонголтыг сайн, муу гэж шүүмжлэх боломжгүй. Ганцхан УИХ-ын ажиллах хууль, эрх зүйн орчин, арга барил ийм болсон гэдгийг л хэлж байна. Эндээс мөнгө хулгайлах, эсвэл ах, дүү, танил талаа албан тушаалд томилдог боломж бага болно. 
Эх сурвалж: inews.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ