Шинэ оны эхний өдөр агаарын чанар муу, утаа ихтэй байна гэж олон нийт шүүмжилсэнтэй холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах албан тайлбарыг гаргажээ.
Тайлбарт "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч, өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн бөгөөд дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан байна.
Нөгөөтэйгүүр, Богд- Хаан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ 3, ТЭЦ 4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулсан байна.
2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулуудын мэдээнээс үзэхэд агаарын чанар бага бохирдолттой түвшинд байсан байна" гэжээ.