Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт сумдын нислэг дахин сэргээсэн түүх буюу “АН-2” хөлгийн отгон экипажийн дурсамж


Эрдэнэбулган сумын аэродром дээр 1997 оны 8 дугаар сард. Зүүн гараас: “Нисэх ТАС” компаний онгоцны дарга нисгэгч, зохиолч Т.Батжаргал, Эрдэнэбулган сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Намсрай, хоёрдугаар нисгэгч Баяржаргал, онгоцны техникч Д.Ариунсайхан, дарга нисгэгч И.Лхагвасүрэн.
Миний төрсөн нутаг унасан газар, угаасан ус минь Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Дэлгэрмөрөн голын дэлгүүхэн хөвөө билээ. Намайг бага байхад манайх Мөрөн хотын 7 дугаар хороо/одоогийн 4 дүгээр хороо/ алдарт “Цагаан мухлаг”-ийн зүүн хойд гудамжинд байсан юм. Аав маань 1959 онд “Ардын зориг” нэгдэл анх байгуулагдахад хамаг малаа нийгэмчилж, манайх гэдэг айл аймгийн төв рүү нүүж энд хашаагаа хатгасан гэдэг байлаа. Манай гудамжны зүүн талд онгоцны буудал байсан тул би мэдээ орсон цагаасаа л тэнд бууж, хөөрч байгаа онгоцны нүргэлсэн их дуу чимээг нь сонсож, шуудангийн цагаан онгоц, сумдын ногоон онгоц нисэхийг харж өссөн билээ.  
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны зургадугаар сарын 1-ний “Зарим аймагт агаарын шуудан ба тээврийн харилцааг байгуулах тухай” 272 дугаар тогтоолоор Улаанбаатар хотоос алслагдсан Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудын чиглэлд агаарын шуудан ба тээврийн харилцааг тогтмол хуваарьтай явуулахаар болжээ. Иргэний агаарын тээвэрчид Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1956 оны долдугаар сарын 7-ны өдөр энэхүү тогтоолд дурьдсан чиглэлүүдэд “Ан-2” онгоцоор шуудангийн тогтмол рейсийг хийснээр Мөрөн-Улаанбаатарын хоорондын агаарын тээврийн үйлчилгээ бий болжээ. 1960 оны нэгдүгээр сараас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудалд “Ан-2” онгоц, экипажийг суурин байрлуулж, сум хооронд үйлчилж эхлэв., Мөн оны зургадугаар сараас Ренчинлхүмбэ сум руу, 1962 оноос Хатгал, Ихжаргалант, Эрдэнэбулган, Галт, Цагааннуур сумдыг агаарын тогтмол харилцаатай болгож ард иргэддээ үйлчлэх болсон байна.
Хожим би нисгэгч болж, Иргэний нисэхийн салбарт ажиллах болсноор төрөлх нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд 1995-1997 онуудад ажиллаж амьдрах хувь тавилан тохиолоо. Миний бие эхлээд Батлан хамгаалах салбарт буюу Монголын Ардын армийн 137 дугаар нисэх тусгай хороонд сөнөөгч “Миг-21” дуунаас хурдан онгоцны жагсаалын нисгэгчийн албанд зүтгэж байтал 1989 онд Батлан хамгаалах салбарын хүн хүч, зэвсэг техникийг цөөрүүлж цэргийн боловсон хүчнийг армийн эгнээнээс чөлөөлж Улс ардын аж ахуйн салбаруудад мэргэжлийн дагуу шилжүүлэн ажиллуулах төр засгийн бодлого шийдвэр гарав.  Манай 137 дугаар нисэх тусгай хорооны гурван эскадрилийн нэгийг нь цомхотголд оруулахад бидний хэдэн залуу цэргийн албанаас чөлөөлөгдөв.
Тэр үед Монголын Иргэний Агаарын Тээврийн “МИАТ” Нэгтгэлийг Даржаагийн Сүрэнхорлоо (хожим Монгол Улсын гавьяат нисгэгч цол хүртсэн) гэж ажил мэргэжлийн асар өндөр мэдлэг, туршлага, холч ухаан, далайцтай бодлого үйл ажиллагаа, алсын хараатай мундаг дарга удирдаж байсан бөгөөд цэргийн нисэхээс чөлөөлөгдсөн залуусыг авч алдарт “Царцаа ногоон” хэмээх “Ан-2” онгоцонд шилжүүлэн сургах гурван сарын дамжаанд сарын 200 төгрөгийн тэтгэлэгтэй суулгаж ажил, амьдралтай залгуулсан юм. Тэр үед аль ч байгууллагыг удирдаж байсан ажлаа мэддэг зангарагтай дарга нарын хэлсэн үг, гаргасан тушаал шийдвэр нь тэр дороо ажил хэрэг болон хэрэгждэг, маш өндөр хариулага, сахилга бат нийгмийн бүх салбарт төлөвшиж хэвшсэн байсан юм.
Ийнхүү би иргэний агаарын тээврийн нисгэгч болсноор олон зориулалтаар ашиглагддаг “Ан-2” хэмээх 12 зорчигч тээвэрлэх, давхар далавчит, дотоод шаталтын поршинт хөдөлгүүрт, сэнст онгоцоор хийж гүйцэтгэдэг олон төрлийн чухал ажлын амт, бахархалтай сайхныг мэдэрсэн юм. Иргэний агаарын тээвэрт ирснээр хөдөө сумдад зорчигч, ачаа шуудан тээврийн нислэг үйлдэн ард түмэндээ үйлчлэх болов. Тухайн үед “МИАТ” нэгтгэл нийт 60 шахам “Ан-2” онгоцтой байв. Сэлэнгээс бусад 17 аймгийн 300 орчим сум, бригадад зорчигч, шуудан тээврийн нислэгээр доло хоногт тогтмол хоёр удаа нислэг үйлддэг, жилд дунджаар 1,5 - 2 сая га бэлчээрийн талбайг хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготноос хамгаалах, 200.000 га тариалангийн талбайн ургац хамгаалах, 150.000 га талбай ойн бүсийг хортон шавьжнаас хамгаалах, ой хээрийн түймрийн эргүүлд жилд 1000 гаруй цагийн нислэгийн үүрэг тус гүйцэтгэн улс орны хэмжээнд асар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг чухал салбар болон хөгжиж нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжөө өгч байв.
Зөвлөлт Холбоот Улсад 1980–аад оны дунд үеэс өрнөсөн перестройка, гласность буюу өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үр нөлөөнд социалист систем цаашид оршин тогтнох боломжгүй болж 90-ээд оны эхээр задран унав. Үүний нөлөөгөөр Монголд  ардчилсан хувьсгал өрнөж манай улс социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж, зах зээлийн чөлөөт эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд шилжив. ЗХУ-аас авч байсан зээл тусламж бүр мөсөн зогсч, Монгол Улсад нийгмийн шилжилтийн үеийн эдийн засгийн хямрал үүсэхэд дагаад агаарын тээврийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд доголдов. Ардчилсан хувьсгалын далбаан доор өрнөсөн улс төржсөн шүүмжлэл ч энэ салбарыг тойролгүй дайрч, хөдөөгийн ард иргэдийн зорчих хэрэгцээнд чухал үүрэг гүйцэтгэж байсан сумдын нислэгийг хүртэл “гурван төгрөг зараад нэг төгрөгний орлого олдог алдагдалтай”, “коммунизмын суртал ухуулга болсон МАХН–ын “Үнэн” сонинг хөдөөгийн иргэдэд хүчээр тараах хэрэгсэл” хэмээн хэт улс төржсөн шүүмжлэл, элдвийн дайралт гарах болов.  Ёстой л “гүжрийн үгэнд хариу олддоггүй” гэдэг болов.
Улс орны нийгэм, эдийн засгийн олон чухал ажил үүргийг амжилттай гүйцэтгэлүүлэхийн тулд төр бодлогоор тогтоож байсан хямд өртөг, хөлсөөр зах зээлийн орчинд цаашид ажиллаж оршин тогтох  боломжгүй болж, 1991 онд “Ан-2” онгоцны нислэг үйлдвэрлэлийг зогсоов. 30 жилийн турш манай улсын 17 аймгийн 300 орчим сум, бригадын төвийг аймгийн төвүүдтэй нь агаарын тээврээр холбож, тээврийн салбарт тухайн үед хийж чадсан нэгэн том дэвшил болох сумдын зорчигч, шуудан тээврийн тогтмол нислэг ийнхүү улсын хэмжээнд бүрмөсөн зогсов Асар их өмч хөрөнгө үрэн таран болох үүд хаалга нээгдэж, олон зуун мэргэжлийн боловсон хүчин тарж бутран олон арван онгоц, техник сул зогсолтод шилжсэнээр байгаль орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалж байсан тогтсон систем нурж, хөдөө орон нутгийн иргэд хөл мухардав. Бүх үйл ажиллагааг зах зээлийн хууль, шинэ шаардлага зарчмаар явах боллоо. 
Нисэхийн салбарт 1991-1992 онд үүсгэсэн алдаа, завхралыг залруулж, цаашид үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой олон тооны “Ан-2” онгоцны нислэг үйлчилгээг сэргээж дахин ашиглах зорилгоор Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний нисэх “Тас” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарын 1994 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 2/10 дугаар  хамтарсан тушаалаар байгуулагдахад миний бие Ан-2 онгоцоо даган энэхүү компанид  хоёрдугаар нисгэгчээр томилогдов. 
Шинэ тулгар компани байгуулагдсан эхэн үедээ хийх ажил орлогогүй шахам байсан ч намар нь Иргэний хамгаалалтын газар буюу одоогийн Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ой хээрийн түймэртэй тэмцэх шүхэрчин гал сөнөөгчдийн буулт дадлагыг Мөрөнд хийх болов. Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн ойн бүсийн 4 аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын 80 гаран шүхэрчид цугларчээ. Тэнд шүхрийн буулт дадлага хийлгэх “Ан-2” онгоцны экипажид онгоцны дарга Сүхбаатар, техникч Батсайхан нарын хамт хоёрдугаар нисгэгчээр нь миний бие томилогдон 1994 оны 9 дүгээр сарын дундуур Мөрөнд ирж, долоо хоног байрлан шүхэрчдийн дадлага буултын 30 орчим цагийн нислэгийг төрсөн нутгийнхаа  тэнгэрт анх удаа  үйлдсэн юм.
Ирэх жил нь буюу 1995 онд тохиох “Нисэх хүчний түүхт 70 жилийн ой”-д  ИНЕГ–аас өндөр ач холбогдол өгч, Батлан хамгаалах яамтай хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх, сүр дуулиантай зохион байгуулах санал санаачлага өрнөж, нисэхийн нийт хамт олон ч догдлон хүлээж байлаа. Миний бие энэ ойд зориулан хуучин хийж байсан сумдын шуудан тээврийн нислэгийг сэргээн хөгжүүлэх саналаа 1994 оны намар нисэх “Тас” компанийн удирдлагад танилцуулахад ерөнхий захирал Х.Чулуун, дэд захирал М.Раднаасамбуу нар ихэд дэмжиж, эхний ээлжинд Хөвсгөл аймагт туршиж хэрэгжүүлэхийг зөвшөөрөв. Хөвсгөл аймгийг сонгох болсон олон хүчин зүйл байлаа. Учир нь хүн амын тоогоор улсдаа нэгдүгээрт ордог, зорчигч эргэлт хамгийн өндөр үзүүлэлттэй аймаг бөгөөд саяхан болтол Мөрөн нисэх буудлаас гурван “Ан-2” онгоцоор сумдын нислэг үйлддэг байсан. Одоо ч иргэдийн зүгээс байнга хүсэлт тавьдаг, эрэлт хэрэгцээ их байлаа.
Өвөл цас мөсөнд хаагддаг олон уул даваатай, зун нь олон гол мөрнийх нь шавар ус нь боодог гэх зэрэг байглын бартаа, саад их юм. Бас миний төрсөн нутаг гэхээс гадна Мөрөн нисэх буудалд 50 тонн Б91/115 хэмээх нэг кг-ын өртөг нь 140 төгрөгийн үнэтэй нисэхийн бензин агуулагдаж, мөн энд “Зил” сумлагч (шатахуун цэнэглэгч) машин бэлэн байсан ба “Ан-2” онгоцны техникчээр олон жил энд ажилласан ажилсаг хичээнгүй Сундуйн Болд тус нисэх буудлын  онгоцны техникчийн үндсэн орон тоонд ажилладаг зэрэг нь нисэх онгоц суурин байрлаж үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлж байв. Гэхдээ үндсэн хэрэглэгч, зорчигчид болох хөдөөгийн иргэд байнгын орлогогүй, бэлэн мөнгөний хомсдолтой, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан нисэх онгоцоор зорчих тийзний төлбөрийг бэлэн мөнгөөр болон зах зээлд эрэлт их байгаа иргэдийн гар дээрх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох хонины нэхий, үхэр, адууны шир, ноос, ноолуур, ан амьтны арьс үс, байгалийн жамаар унасан бугын ясан эвэр гэх мэтээр тооцон хийж болох санаа төрж, төлбөр тооцоог түүхий эд бүтээгдэхүүн солилцоогоор зохицуулах журам зохион боловсруулан компанийхаа Захирлын зөвлөлд танилцуулж дэмжигдэв.
Ингээд Монголын онцлогт тохируулж цаг зуурын хүндрэлийг шийдэх, нисэх онгоцоор зорчих хөлс, тийзийн төлбөрийг хөдөөгийн иргэдэд амар хялбар хэлбэрээр тооцох, дэлхийн практикт байгаагүй журмыг ИНЕГ, “Нисэх Тас” компанийн удирдлага зөвшөөрсөн юм. Миний бие энэ ажлын бэлтгэл хангахаар “Ан-2” онгоцны дарга нисгэгч, уран сийлбэрч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Лигдэнгийн Адилбиш, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, аэродромын инженер Цэрэндоржийн Эрдэнэбат(хожим Өвөрхангай аймгийн нисэх буудлын даргаар олон жил ажилласан) нарын хамт 1994 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Цагаан нуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Ханх, Рашаант, Цэцэрлэг, Цагаан-Уул зэрэг 15 сумын аэродромыг сэргээх, орон нутгаас нь хүн томилж хариуцуулах албан томилолт өвөрлөн Мөрөнд ирэв. Бидний ирсэн зорилгыг аймгийн Засаг дарга С.Лувсандаш гуай талархан хүлээн авч  бүх талаар дэмжихийг сум орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов. 15 сумын нисэх буудлыг/аэродромыг/ орон нутгийн хүчээр нэг сарын дотор засч, сэргээх зохион байгуулах ажлыг шахуу хугацаанд амжуулахын тулд бид унтаж амрахыг умартан ажилласан юм. Өдөр нь нэг суманд ажиллаж, шөнө нь дараагийн сум руу хүргүүлнэ. 
Эхний удаа бид гурвыг нисэх буудлын дарга Базаргүрийн Батсүх гуай Шинэ-Идэр суманд өөрийнхөө УАЗ-469 машинаараа хүргэж өгөөд буцсан ба цааш зорчих унааны асуудлыг сумдын удирдлагууд өртөөлөн хүргэж өгч шийдэж байв. Очсон сумдын аэродромын хуучин хашаа хамгаалалтыг сэлбэж тордон, онгоц хөөрч буух шороо зурваст гарсан малын чийр, хонхор хотгорыг засч тэгшлэх, чулуу хог хаягдлыг нь түүж цэвэрлэх, оролт гаралтын шийт, хажуугийн тэмдэгт хийх ажлыг тухайн сумдын иргэдийг удирдан зохион байгуулж заавар зөвлөгөө өгч акт үйлдээд томилолтын хугацаанд зорьсон хэргээ амжуулаад арванхоёрдугаар сарын дундуур нийслэлд буцаж ирэв. Ингээд зохих бэлтгэл хангаад 1995 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хөвсгөл аймгийн сумдын нислэг эхлүүлэхээр 415 дугаартай “Ан-2” онгоцоо хөлөглөн Мөрөнг зорин нисч билээ.
Улаанбаатараас хөөрөөд бид гурван цаг нисч ирэхдээ Мөрөнгийн хотын дээгүүр гурав эргэн шинэ оны хуанли бүхий сурталчилгааны хуудсыг онгоцноос цацаж бяцхан сурталчилгаа хийж амжив.  Бидний санаачилсан энэ ажлыг ИНЕГ-ын зүгээс анхаарч татвар хураамжаас чөлөөлөх зэргээр дэмжиж байсны дотор “Мөрөн” нисэх буудлын хамт олон ялангуяа нисэх буудлын дарга Батсүх гуай халуунаар дэмжиж зарим ажлыг бидний өмнөөс амжуулж, түүний гэргий, нисэх буудлын гуанзны эрхлэгч Бадамцэцэг эгч сэтгэл харамгүй туслаж байсан юм. Адилаа ах бид хоёрыг нисэх буудлын нэг жижиг өрөөг суллан тохижуулж, үнэ төлбөргүй байрлуулах болов.
Ийнхүү 1995 оны нэгдүгээр сараас эхлэн Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Шинэ-Идэр гурван сумыг нэг маршрутанд, Ренчинлхүмбэ-Цагааннуур–Улаан-Уул сумыг нэг багц, Цагаан-Үүр–Чандмань-Өндөр-Эрдэнэбулган сумыг нэг багц,  Ханх сумыг дангаар нь нэг маршрут болгон сумдын зорчигч тээврийн нислэгийг зах зээлийн шинэ орчинд төлбөрийн шинэ хэлбэрээр хийж эхэллээ. Тухайлбал, Цагааннуур сумаас зорчиход 20-25 кг хөлдөөсөн цагаан загас эсвэл дөрвөн ширхэг хонины нэхий, Ренчинлхүмбээс зорчиход гурван ширхэг хонины нэхий эсвэл нэг ширхэг үхрийн шир, эсвэл 15 литр нэрс жимс, таван кг байгалийн жамаар унасан бугын ясан эвэр гэх мэт түүхий эдийг зах зээлийн үнэ ханшнаас харьцангуй хямд үнээр тооцон төлбөр хийнэ.
Эдгээрийг сумдын холбоочин бүртгэж данслан хуримтлуулж байгаад газраар аймгийн төв рүү хүргүүлснийг зах дээр ченжүүдэд борлуулж мөнгө болгоод орлогод авдаг байлаа. Үйлчилгээний төлбөрийн энэ хэлбэр нь ажил явуулж байгаа бидэнд ихээхэн төвөгтэй ч хөдөөгийн иргэдэд хялбар дөхөм байлаа. Хэн дуртай нь арьс нэхийгээ шууд барьж ирээд тийз бичүүлээд онгоцоор нисдэг болов. Идэр есийн хүйтэн ид тачигнаж байхад Дархадын хотгорын Цагааннуур, Ренчинлхүмбэ суманд буухад мөн ч хүйтэн сэн. Энд шөнөдөө -40, –50 хэм хүйтэн хонодог, өдөртөө -30 хэмээс доош орж хүйтрэх нь олонтаа байдаг, хойд туйл тундрын байгаль цаг ууртай их төстэй битүү цас, мөсөнд хучигдсан цав цагаан орчинд очиход тун сонин бөгөөд биширмээр.
Тэсгим өвлийн нөхцөлд гадаах температур -30 хэм хүйтэн байхад Цагааннуур суманд буугаад хөдөлгүүрээ унтраалгүй бага хаазан дээр ажиллуулж байгаад ачиж ирсэн ачаа шуудан, зорчигчдоо түргэхэн буулгаад явах зорчигчдоо бушуухан зөрүүлж суулган хаалгаа хааж цас манарган хөөрдөг байлаа. Хэрэв ийм хүйтэнд хөдөлгүүрээ унтрааж 5 минутаас илүү болоход л хөдөлгүүр царцаж улмаар хөлдөх аюултай. Бид хэдийгээр нисгэгчийн нэхий хувцас, нохой гутал зэрэг тун дулаан хувцас өмссөн хэдий ч цөөхөн минут онгоцноосоо гарах төдийд л хүйтэн жаварт хоёр чихээ час хийтэл хайруулж амждаг байв. Гэтэл нутгийн иргэд нимгэн хөвөнтэй дээл, бакал гуталтай хэрнээ уур савсуулан, цан хүүрэг татуулан явцгаах нь тэд их л өлчир чийрэг хүмүүс болохыг илтгэнэ.
Би ихэд гайхан ийм хүйтэнд үстэй дээлээ өмсөхгүй яасан улс вэ гэхэд, тэд өөдөөс үстэй хүнд дээл өмсөөд өвдөгөөр татасан цас туулахад хөлрөөд явж болдоггүй, хөвөнтэй дээл нь биед хөнгөн, амар байдаг гэх.Алс буйд нутгийн иргэд төвөөс шуудангийн онгоц ирж буух бүрийд олноор цугларч, ирэх, буцах хүмүүсийг сониучирхан харна. Ялангуяа сургуулийн дотуур байрны бололтой улаан хацартай бяцхан жаалууд зориуд ирж онгоц зогсоолоос хөдлөхөд сэнснээс үүсдэг салхинд орж туугдан хийсэх гэж учиргүй дурладаг байв. 
Би эхлээд зөөлөн хаазаар зогсоолоос аажуухан хөдөлж эхэлснээ араас тэднийг шаваад ирэнгүүт нь гэнэт хаазаа огцом нэмэхэд үүссэн их салхинд мөнөөх зүггүй хүүхдүүд хунгар цасан дээгүүр хамхуул шиг туугдан өнхөрч хийсэх бөгөөд түүндээ хязгааргүй хөөрөн баярлацгааж тас тас инээлдэн шуугиж хөгжин жаргацгаах нь туйлын эгдүүтэй хөөрхөн. Онгоцны сэнсний салхинд орох гэж хөөрч зугаацах гэнэн жаахан багачуудын энэхүү үзэгдэл манай улсын хөдөөгийн аль ч суманд элбэг тохиолддог байсан юм. Өвлийн саруудад тэнгэр хачин тунгалаг тогтуун болдог тул зорчигч тээврийн нислэг үйлдэхэд мөн чиг таатай агаад энэ улиралд л хөдөөгийн иргэдийн зорчих хөдөлгөөн ид идэвхждэг байв.
Харин хаврын сар гарангуут салхины хүч ширүүсч байнгын сэгсрэлтэд өртөхөд зорчигчид их тух алдаж тавгүйтнэ. Ялангуяа Галт, Жаргал, Шинэ-Идэр чиглэлд Эрчим болон Бөгсийн нурууг даван нисэхэд агаарын босоо урсгалын нөлөөнд үүсдэг хүчтэй сэгсрэлтэнд онгоц маань дээш доош, хажуу тийш  огцом шидлэн зайлагдаж,  жолоодоход төвөгтэй болгодог байв. Гэвч давхар далавчит “Ан-2” онгоцны аэродинамик чанар гайхалтай сайн билээ. 
Зуны улиралд сумдын нислэгээ өглөө эрт гэгч нь төлөвлөж үдээс өмнө амжуулахгүй бол хангайд үдээс хойш гэнэт өтгөн хар үүл хуралдаж яаж ийхийн зуургүй дуу цахилгаантай аадар бороо асгарч замын агаар муутгана. Ялангуяа ийм цаг агаарын үзэгдлийн үед Дархадын хотгорыг зорин Хорьдил сарьдагийн нурууг даван нисэхэд маш хэцүү болдог тул нислэгийн замын цаг агаарын мэдээг сайтар нягталж маш хянуур болгоомжтой ажиллах шаардлагатай. Гэвч онгоцны дарга Адилбиш багш бол 10 гаран жил баруун Алтайн өндөр уулсын хүнд нөхцөлд онгоцны даргаар(Ховд, Говь-Алтай, Баянхонгорын нисэх буудлуудад нийт 15 жил ниссэн) ажилласан, асар их туршлагатай нислэгийн ур чадвар гойд сайн эзэмшсэн мундаг нисгэгч байлаа. 
2020.03.31
Үргэлжлэл бий...
Үндэсний шуудан
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ