Итали орон эрин үеийн шинжтэй томоохон өөрчлөлтийн босгон дээр ирээд байна. Учир нь, Муссолинигоос хойших түүхэнд анх удаагаа хэт барууны үзэлтнүүд засгийн эрхэнд гарах нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрсөн ням гарагт болсон сонгуульд хэт барууны үзэлт “Италийн ахан дүүс” нам үзэл баримтлал ойролцоо “Лига” нам болон нэртэй улстөрч С.Берлусконигийн тэргүүлсэн баруун төвийн үзэлт “Итали Урагшаа” намтай эвсэл болж оролцсоноор ялалт байгууллаа. Эдгээр гурван нам нийлээд 41-45 хувийн санал авах төлөвтэй байгаа нь парламентын хоёр танхимыг хяналтандаа байлгахад хангалттай тоо юм. Ингэснээр “Италийн ахан дүүс” намын дарга, 45 настай Жоржа Мелони тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болно.
Гэхдээ шинэ парламент 3 сарын дараа байгуулагдах ба засгийн газрын кабинетын бүрэлдэхүүн хамгийн эртдээ гэхдээ 10 дугаар сарын сүүлчээр тодорхой болох төлөвтэй. Италийг 20 жил удирдсан дарангуйлагч Бенито Муссолинигоос хойш анх удаагаа 79 жилийн дараа хэт барууныхан засгийн эрхэнд гарч байгаа нь энэ юм. Гэхдээ Мелонигийн засгийн газар удаан тогтохгүй болов уу гэж ажиглагчид үзэж байна. Учир гэвэл, сүүлийн 30 жилийн хугацаанд Италид 20 засгийн газар солигдсон бөгөөд эдгээр засгийн газрын “амьдрах дундаж хугацаа” нь ердөө 1 жил 6 сар байжээ.
Зүүн гараас: Сальвини, Берлускони, Мелони нар
Нөгөөтэйгүүр, Мелонигийн хувьд үүнээс арай удаан ажиллах боломж бий, яагаад гэвэл, тэрбээр үзэл санааны хувьд ойролцоо хоёр намтай хамтран эвсэл байгуулсан бол огцорч буй ерөнхий сайд М.Драги засгийн газартаа янз бүрийн намуудын төлөөллийг оруулж, тун хэврэг эвслийг удирдаж байсан билээ. Одоо сонгуульд ялсан гурван намын эвслийг томоохон сорилтууд хүлээж байна. Эдийн засгийн гүнд хямралд автаж, асар их өрийн дарамтанд орсон улс орон, инфляц түүхэнд үзэгдээгүйгээр өссөн инфляц, Оросын хийг авахгүйгээр ирэх өвлийг давж чадах уу, хүн амын насжилт гэх мэт олон асуудал тулгарчээ. Ер нь бол, хэт барууныхан засгийн эрхэнд хэчнээн удаан байхаас үл шалтгаалан тус улсын баримталж буй бодлого чиглэл тодорхой хэмжээнд өөрчлөгдөх болов уу. Иймээс Европын Холбоон дахь гуравдахь том улсын байр суурь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг Европ дахин анхааралтай ажиглан харж байна.
Италичууд хэт барууныханд итгэл үзүүлсний учир
Товчхондоо, италичуудын сэтгэл санааны байдал ба тэдний түрийвчин дэх мөнгөний хэмжээ нь өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байна хэмээн дүгнэж болно. “Биднийг зүгээр л тэр чигт нь мартаад хаячихсан мэт санагддаг, ялангуяа өмнөд нутгийнхнийг. Иймээс хүмүүс барууныхныг дэмжсэн, учир нь, тэд бол засгийн эрхийг барьж байгаагүй, бидний итгэлийг одоохондоо алдаагүй байгаа хүмүүс” хэмээн Неаполь хотын төвд жижигхэн кафе ажиллуулдаг Пино де Стасио ярьж байна. Түүний энэ дүгнэлт бол Мелони сонгуульд ялалт байгуулсан гол шалтгаануудын нэг мөн.
Неаполь хотын гудамжинд
Берлускони ба “Лига” намын дарга, Дотоод хэргийн сайд асан Маттео Сальвини хоёр бол улс төрд нэлээд олон жил болсон туршлагатай хүмүүс. Харин Мелони өөрийгөө жирийн ард иргэдийн дундаас гарч ирсэн шинэ үеийн улстөрч, элит гаралтнууд ба төвч үзэлтнүүд, зүүний үзэлтнүүдээс ялгаатай хүн гэдгээ сонгогчдод таниулж байлаа. Ажилчны гэр бүлээс гаралтай тэрбээр Ром хотын захын хороололд эцэггүй өссөн ба их дээд сургуульд суралцаагүй хэдий ч бага залуугаасаа улс төрийн мөр хөөсөн аж.
Сүүлийн жилүүдэд түүний удирдсан намын гишүүд болон тэрбээр нийслэлийн улстөрчдийн очихоос жийрхдэг хамгийн алсын тосгон суурингуудад очиж сонгогчидтой уулзалт хийж байлаа Үүний ачаар “Италийн ахан дүүс”-ийн нэр хүнд нь огцом өслөө. 2018 оны парламентын сонгуульд Мелонигийн нам арай чүү 4 хувийн босгыг давж байсан бол сүүлийн өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээр сонгогчдын 25 хувийн дэмжлэгийг хүлээж, улс төрийн намуудын жагсаалтыг тэргүүлж байна.Шулуухан хэлэхэд, “Италийн ахан дүүс” намын уг гарал үүсэл нь неофашист үзэл баримтлал бүхий Италийн нийгмийн хөдөлгөөн /MSI/ гэдэг байгууллагатай холбоотой боловч Мелони тус хөдөлгөөнөөс зайгаа барихыг хичээсээр иржээ. Гэсэн хэдий ч үүнд фашизмыг эсэргүүцэгчдийн санаа амрахгүй байгаа юм. Учир нь, намын бэлгэдэл дээр гурван өнгөт дөл ассан зураг байдаг нь Муссолинигийн шарил дээрх галтай төстэй гэнэ. Гэхдээ эцсийн эцэст, сонгогчдын ихэнх нь Муссолинигийн хойд дүрийн төлөө санал өгөөгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд сайхан амьдралд хөтлөх өөрчлөлтийг хийж чадна гэж найдсан учраас Мелониг дэмжсэн билээ.
Италид юу өөрчлөгдөх бол?
Сонгуульд ялахын тулд барууныхны зүгээс татварыг бууруулж, иргэд ба бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгоно гэсэн эдийн засгийн амлалтуудыг өгсөн байна. Сонгуульд оролцохдоо Мелонигийн дэвшүүлсэн нийгэм-улс төрийн гол уриа бол “Бурхан, Эх орон, Гэр бүл”. Тэрбээр бэлгийн цөөнхийн эрхийн төлөөх ЛГБТ хөдөлгөөнийг ад үзэж, лалын шашинт цагаачдыг Италид нэвтрүүлэхийг хориглохыг шаардаж, Африкийн цагаачдын урсгалыг зогсоохын тулд Ливи улсыг тэнгисийн талаас нь бүслэн хаахыг уриалж байсан хүн билээ. Сальвини ч мөн адил Дотоод хэргийн сайд байхдаа цагаачдыг нутагт нь буцаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Үүний зэрэгцээ зүүнийхний дэвшүүлдэг санаануудыг барууныхан зээлдээд авчихсан нь бий. Олон хүүхэдтэй гэр бүлд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хүмүүжүүлэх – энэ бол төрөлтийг дэмжихэд чиглэсэн барууны гурван намын эвслийн томоохон амлалт. Гэтэл энэ бүхэнд мөнгө хэрэгтэй.
Шинээр элдэв зардал гаргахад өнөө энэ цаг үе хамгийн тохиромжгүй гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Орос-Украины дайнаас үүдэн эрчим хүчний хямрал ужгирч, хийн нийлүүлэлт тасалдсан бол ковидын дараах инфляц, түүхий эд, сэлбэг хэрэгслийн хомсдол улам нэрмээс болж байна. Яг энэ үед Сальвини эрчим хүчний эх үүсвэрийн үнийг тогтворжуулахын тулд 30 тэрбум еврогийн татаас олгоно гэж амлажээ. Ийм их мөнгийг хаанаас олох вэ гэдэг нь тун адармаатай. Италийн улсын өр Дэлхийн I дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, өр ба ДНБ-ний харьцаа 150% болчихоод байгаа үед шүү дээ.
Үүний зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн байдал тун баргар байна. Нийгмийн хамгааллын зардлууд жил ирэх тусам өссөөр. Гэтэл Италид 65-аас дээш настай иргэд хүн амын 23,5 хувийг эзэлж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ 14 хүртэлх насны хүүхдүүд 12,9 хувийг эзэлж байна. Хүн амзүйн ийм үзүүлэлт цаашид хадгалагдах аваас цагаачид нэмэгдлээ ч гэсэн Италийн хүн ам 59 саяас 37 сая хүртэл буурна гэсэн тооцооллыг НҮБ хийжээ. Одоо зөвхөн ЕХ-нд найдах л үлдэв. Италийн ковидын дараах сэргээн босголтын хөтөлбөрт тус холбоо 200 тэрбум евро төсөвлөөд байгаа аж. Энэ мөнгийг бага багаар шилжүүлж байгаа бөгөөд хэрвээ Брюссельтэй тохирсон шинэчлэлийн явц саатвал мөнгө шилжүүлэхээ зогсоох аж. Харин Мелони, Сальвини нар тусламжийн багцын нөхцлүүдийг өөрчлөхийг хүсэж байгаа нь ЕХ-той маргаан үүсгэхэд хүргэж мэднэ. Улмаар эл маргаан сунжрах аваас Европ тив хагаралдахад хүрнэ гэсэн яриа хэдийнэ тархжээ. Италийн хэт барууны үзэлтнүүд ЕХ-г дотроос нь хагалах гэж байна уу, еврогийн бүсээс гарахаар завдаж байна уу, эсвэл бүр ЕХ-ноос бүрмөсөн гарах гэж байна уу?
Мелони Европыг хагаралд хүргэх үү?
Итали орон “баруун тийш хазайсан нь” нь ЕХ-г амар тайван байлгахгүй нь. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тус холбооны гишүүн орнуудад төвч үзэлтнүүд, социалистууд засгийн эрхийг барих нь олонтоо тохиолдож байгаа бол барууныхан ялсан газруудад холбооны эв нэгдэлд ан цав үүсэж байна. Жишээ нь, Унгарын В.Орбан, Польшийн консервативчуудыг дурдаж болно. Цагаачид ба Европын интеграцийг эсэргүүцдэг хүмүүс Шведийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд орсон гэх мэт. Энэ талаар Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйенаас асуухад “ардчилсан замаар сонгогдсон ямар ч засаг төртэй хамтран ажиллахад бэлэн, гэхдээ ардчилал, эрх чөлөө рүү дайрч давшлах аваас бидэнд үүний эсрэг хэрэглэх арга хэрэгслүүд бий шүү” гэсэн утгатай үгийг Польш, Унгар хоёрыг дайруулан хэлжээ. Сөрөг хүчин, шүүгчид, хэвлэлийнхэн ба их сургуулиудыг шахан хавчиж буй тус хоёр улсад санхүүжилт олгохоо ЕХ хэдийнэ зогсоосон билээ. Фон дер Ляйены үг Сальвинийг ихэд бухимдуулсан бол Мелони арай илүү уян хатан хандаж байна. Тэрбээр гэр бүлийн үнэ цэн ба цагаачлалын асуудлаарх Унгарын ерөнхий сайдын үзэл бодлыг дэмждэг боловч гадаад бодлогын тал дээр түүнтэй санал нийлдэггүй аж.
Оросын талаарх бодлого
Огцорч буй ерөнхий сайд М.Драги Оросын эсрэг хоригийг хоёр гараа өргөн дэмжиж, Украинд тусламж үзүүлэхийн төлөө байлаа. Харин Сальвини, Берлускони хоёр бол өөр. Тэд В.Путинтэй дотно нөхөрлөдөг эртний андууд. Харин оросууд Украин руу довтолсны дараа тэд Оросын удирдагчаас зайгаа барих болжээ.
Гэхдээ сонгууль болохоос 3 хоногийн өмнө Берлускони ярихдаа хэл нь хальтирч багагүй шүүмжлэлд өртсөн аж. “Путиныг тойрон хүрээлэгчид ба Оросын нийгэм л Путиныг дайнд түлхэн оруулсан, харин Путин өөрөө Украины засгийн эрхэнд “сайн хүмүүсийг” гаргачихаад бушуухан цэргээ татах гэж байсан” хэмээн ярьжээ.
Берлусконигийн энэ үг Итали даяар дуулиан дэгдээсэн тул хэргийн эзэн өөрийгөө зөвтгөж “миний ярьсныг хүмүүс буруугаар ойлгожээ, Украины эсрэг түрэмгийллийг бид хүлээн зөвшөөрч болохгүй, бид үргэлж ЕХ ба НАТО-гийн талд байгаа” гэсэн тайлбарыг хийв. Харин Мелони ярилцлага өгөх бүртээ Орос, Хятад хоёрыг Барууны дайснууд гэж нэрлэх ба энэ хоёр улсын эсрэг бүх хүчээрээ тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байв. Сөрөг хүчний эгнээнд байхдаа хүртэл Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж байлаа. Путинд таагүй ханддаг тэрбээр Оросын талаарх ЕХ, НАТО-гийн бодлогыг дэмжих нь ойлгомжтой. Ийм учраас Мелони засгийн эрхийг авсныхаа дараа энэ тал дээр байр сууриа өөрчлөхгүй гэдгийг НАТО-д Италийн элчин сайдаар сууж байсан С.Стефанини онцлон дурдлаа.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС