“Монголын залуу малчдыг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн, эрх зүйч Т.Хасбаатартай ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн эдийн засагт тулгамдсан асуудлууд ер нь юу вэ?
-Яг энэ цаг үед Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-д орууллаа. Энэ жагсаалтад улс төр, эдийн засгийнх нь систем нь дампуурсан Зимбабве, Мьянмар, Монгол гээд хэд хэдэн улсууд орлоо. Энэ бол бид бүхэнд маш хатуу цохилт болж ирнэ гэж харж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын валютын сангаас бид нарт эдийн засгийнхаа бодлогыг эрүүл болгох, нийгмийнхээ бодлогуудыг оновчтой болгох талаар шаардлага тавьж, үүрэг даалгавар өгсөн. Монголын Засгийн газар энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллаж байсан. Харамсалтай нь энэ үүрэг талаар болж Европын холбооны “хар жагсаалт”-д орлоо. Энэ бол маш олон муу үр дагаваруудыг авч ирнэ. Ялангуяа бид чинь байгалийн баялагаасаа орсон жаахан ашгаар л нийгмээ хөдөлгөж байгаа улс шүү дээ. Малчид маань төр засгийн бодлогогүй алхамаас болж ноолуурын үнэ унаж, маш хүнд цохилт авлаа. Гадаад худалдааны бүх гэрээ хэлэлцээр цуцлагдаж, бүх дансны гүйлгээнүүд хаагдаж, Монгол Улстай холбоотой зээл тусламж, Европын холбооны улсуудаас явуулж байгаа урт, богино хугацааны хөтөлбөрүүд гээд маш олон асуудалд нөлөөллөө үзүүлнэ. Энэ удаагийн сонгуулиас өмнө бараг нөлөөллүүдээ үзүүлээд эхлэх байх. Эдийн засаг хүндрээд эхэлчихсэн байгаа учраас цаашдаа улам хэцүүднэ. Таатай сайхан амьдрал байгаагүй. Хүнд амьдрал дундуур иргэд амьдарч ирсэн, амьдарч байна. Короновирустэй холбоотой эдийн засгийн том том салбарууд, эдийн засагт нөлөөгөө үзүүлдэг хувийн томоохон аж ахуйн нэгж, бизнесменүүд хүндрэлтэй байгаа энэ үед улам хүнд цохилт болж ирж байна. Бид энэ улс орны эдийн засагт маш их попролтыг бий болгосон. Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн, оноо авах гэсэн мэдэгдлүүдийг байнга хийж байна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг дарамталсан, баялаг бүтээж эдийн засагт нэмэр нөөлөг болж байгаа хүмүүсээ адалдаг явцуу эрх ашгийг бий болгосон. Үүний хариуцлагыг өнөөгийн эрх барьж байгаа хүмүүс хүлээх ёстой.
-Оны эцсийн эдийн засгийн өсөлтийг 1,8 хувь гэж тооцсон байсан. Энэ хэр боломжтой вэ?
-Эдийн засгийн өсөлтийг бид маш хуучны арга барилаар хардаг. Энэ зүйлээ өөрчилж чадахгүй явсаар өнөөг хүрлээ. Засгийн газар, эрх баригчид дандаа өөдрөг мэдээлэл өгдөг. Гэтэл бодит амьдрал дээр эдийн засгийн өсөлт гэдэг бол ард иргэдийн амьдрал хэрхэн дээшлэв гэдгээр тооцоолол гардаг. Гэтэл алт, зэс гээд байгалийн баялагийн орлого жирийн ард иргэддээ очихгүй байгаа. Бодит өсөлтийг бид ард иргэдийнхээ амьдралаар хэмжиж байх ёстой юм. Орж ирсэн орлогын ихэнх нь цөөхөн гэр бүл, аж ахуйн нэгжид очоод үндсэн хуульд зааснаар иргэдэд эрх тэгш, жигд хүртээмжтэй байж чадахгүй байна. Бид 17 хувийн өсөлттэй хүртэл байсан. Тэр өсөлтийн үр шим, тэр мөнгө хаачив гэдэг асуултыг бид асуух эрхтэй. Гадаадад маш их хэмжээгээр мөнгө байршуулдаг, асар үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хөрөнгүүд энэ эрх мэдэлтнүүд, улстөрчдийн нэр дээр байршиж байна л гэдэг.
-Засгийн газраас халамжийн хэмжээг нэмсэн, ноолуурын килограмм бүрт мөнгө олгох гэх мэт мэдэгдлүүдийг хийгээд эхнээсээ хэрэгжээд явж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Ер нь бол короновирусийг бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болно гэж тооцоолоогүй. Тэгэхээр иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой байсан. Ард иргэддээ тусламж дэмжлэг өгөхийн тулд бид бүхэн байгаа бүх нөөц бололцоогоо дайчлах ёстой байлаа. Монгол Улсын иргэн хэн ч байсан гэсэн улсынхаа сан хөмрөгөөс тусламж дэмжлэг авах ёстой. Америк, Япон, Хятад гээд дэлхийн өндөр хөгжилтэй томоохон улсууд иргэддээ мөнгө өгч, энэ нь эргээд эдийн засагтаа нэмэр болж байна. Хүний биеэр бол цусан хангамжийг нь ингэж сайжруулж байна. Харин манай эрх баригчид цэвэр сонгуульд зориулсан, нэг ёсондоо хүүхдээр нь дамжуулж санал авах гэсэн увайгүй үйлдэл хийж байна. миний хувьд хүүхдэд мөнгө өгөхийг зөв гэж боддог. Гэхдээ яг энэ цар тахлын үед хүн болгонд төрийн тусламж, үйлчилгээ очих ёстой. Иргэддээ бэлэн мөнгө өгөх ёстой. Зарим хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байна гэдэг. Тэр үнэн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд иргэдрүүгээ төдий чинээ чиглэх ёстой байсан. Тэгэхээр байгаа төдийлөн онож чадахгүй байгаа бодлого хэрэгжээд эхэлчихлээ гэж бодож байна. Цэвэр сонгуулийн сурталчилгаа, санал худалдаж авах гэсэн үйлдэл болоод хувирчихлаа.
-Эдийн засгийг буцаагаад сэргээх, “хар жагсаалт”-аас гаргахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ?
-Энэ олон арван жилийн турш төрийн толгой дээр зайдалсан хүмүүсийг явуулах хэрэгтэй. Эрдэм мэдлэгтэй залуучуудыг гаргаж ирж, хүн төрөлхтний нийтлэг эрх ашигтай нийцэж ажиллаж, амьдарч, ард иргэддээ баялагаас олсон ашгийг тэгш хүртээх зарчим дээр явж, хувийн аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидээ дэмжиж байж л бид энэ жагсаалтаас гарна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс, компаниуд дандаа л улстөрчидтэй холбоотой байна. Ямар нэгэн холбоо сүлбээгүй хүмүүс бол үнэхээр үгээ барж байна. Маш их цементэд мөнгө хийж байна. Зам тавьж, байшин барьж байгаа нь өнөөдөр яг шаардлагатай юу гэвэл үгүй. Жаахан хойш нь татаад жирийн иргэдийнхээ амьдралыг тэтгэсэн бодлого явуулах шаардлагатай байсан. Бид нар мэдээж чадалтай, тэнхээтэй болбол томоохон бодлогуудыг авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл бид нар сонгуульд зориулж хамаг төсөв, байдгаа барж дуусч байна. УИХ-ын гишүүд маш зузаан тайлан сэтгүүл өрхийн тоогоор хэвлэгдэн гарч байна. Нэг ном, сэтгүүл гэхэд л 10-20 мянгаар хэвлэгдэнэ. Зуу гаран мянган өрхтэй тойргоос гарсан их хурлын гишүүдийг тэр хэмжээгээр үржүүлээд үзвэл ямар их хэмжээний хөрөнгө дэмий цаас болж байна. Тэрийг нь жирийн иргэд уншихгүй шүү дээ. Дээрээс нь тэр нь утгагүй, дандаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг өөрөө хийсэн гээд биччихдэг. Тэр төсвийг чинь хэн бүрдүүлдэг гэхээр ард түмэн бүрдүүлдэг. Ер нь бол олон жил төрд байсан хүмүүсийг зайлуулж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн цаг үе, зуунаар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж попорсон гарууд л байхаас ирээдүйн тухай ярьж тайлбарлаж байгаа улстөрчид алга. Тиймээс бид үүн дээр эрс өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-“Халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засаг болгох ёстой” гэж амтай болгон л ярьж байна. Үүний тулд яах ёстой вэ?
-Өнөөдөр өрмийг нь өөрсдөө аваад хусмыг нь ард түмэндээ өгөөд байна. Нэг ёсондоо Монгол Улс 2000 он гэхэд 200 орчим сая долларын төсөвтэй байсан. Өнөөдөр манай эдийн засаг арван тэрбум доллар болж өссөн. Тэгэхээр энэ их мөнгөний маш бага хэсэг нь л халамжид очдог. Улстөрчид халамж гэж ярихын хэрээр “халамжийн эдийн засаг” гэсэн үгийг хүмүүст цээжлүүлсэн. Халамж тодорхой хэмжээгээр байх ёстой, үгүйсгэх хэрэггүй. Гэхдээ өрмийг нь аваад хусмыг нь өгч байгаа халамжийн бодлого хэрэгжиж байна. Өрмөөр нь бид юу хийх ёстой юм, сүүгээр нь яах юм, хусмыг нь яаж ашиглах вэ гэдэг чинь бодлого. Өнөөдөр бол өрөм нь гадаадад олигархиудын хөдөлшгүй хөрөнгө болоод байна. Энэ бүхнийг тооцож үзвэл хэчнээн тэрбум долларын хөрөнгө болно. Манай халамжийн бодлого маш бага шүү дээ. Халамж хэрэггүй гэсэн дэврүүн үзлээр хуурч байна. Бид халамжийг хэрэгжүүлэх ёстой, хөдөлмөрлөх ёстой гэдэг бодлогыг ч түүнээс нь илүү хэрэгжүүлэх ёстой. Нэг ээжид халамж өглөө гэхэд тэр ээж үр хүүхдээ л тэжээх гэж явдаг. Тэрнээс биш ажил хийхгүй гэдсээ илээд хэвтэнэ гэж байхгүй. Архи аваад уучихдаг гэж ярьдаг ч тэр нь маш цөөхөн. Монголчууд олуулаа хэцүү байгаа учраас өнөөдөр халамж хэрэгтэй л байна. Гэтэл дарга нар нэг гараараа халамж өгөөд нөгөө гараараа халамж хэрэггүй гэдэг үгийг суурьшуулж байгаа.
-Сүүлийн хэдэн сонгуулийн өмнөхөн л “зөв сонголт” хийх ёстой, зайлуулах ёстой гэдэг хэрнээ начир дээрээ өнөө л хэд маань сонгогдчихоод байна. Энэ ер нь юундаа байдаг юм бэ?
-Хойшид Монголын улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзах хэрэгтэй. Ээлжлэн эрх барьсан намууд гишүүнийхээ тоогоор уралддаг. Улс төрийн сонгууль болохоор туйлшрал, хөөсрөл бий болгодог. Тэд нар нь манай л хүн ялж байвал гэсэн хөөрүү сэтгэлээр ханддаг. Тийм учраас энэ удаа аль ч намын гишүүн байлаа гэсэн маш бодлоготой хандах хэрэгтэй. Хойшид хэт их улайрал, хөөсрөл, туйлшрал нь үр хүүхдийн чинь ирээдүйд нөлөөлдөг юм байна гэж хэлмээр байна.
-Та “Монголын залуу малчдыг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. Энэ талаараа ямар ажлууд хийж байна вэ?
-Саяхан хөдөө орон нутгаар, Өвөрхангай аймгаараа яваад ирлээ. Малчид хүнд, газар нутаг гантай, отрын нутгаар олон малчид нүүж байна. Залуу малчид хоёр тусдаа амьдарч байна. Эхнэр нь хэдэн муу малтайгаа хүүхдүүдээ хараад үлддэг. Нөхөр нь арай дөмөг хэдийгээ аваад отор нүүдэлд явдаг. Зарим залуу гэр бүл цагаан сараас хойш уулзаагүй гэж байх жишээтэй. Бид нар хойшид залуу малчдынхаа нийгмийн асуудал, ялангуяа нийгмийн боловсрол, ахуй амьдралыг нь дээшлүүлэх чиглэлээр, залуу малчдынхаа дуу хоолойг төрд уламжлах замаар улам идэвхтэй ажил хийхээр төлөвлөж байна даа.
Т.Дарханхөвсгөл
Эх сурвалж: Zindaa.mn