Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Албан тасалгааг ардчилал гэж эндүүртлээ доош орох гэж дээ, АН-ынхаан



Ардчилал гэдгийг бид шударга ёс, хариуцлагатай байдал, сайн сайхны туйл гэж итгэж хүлээж авсаар ирсэн. Энэ итгэл үнэмшлээ монголчууд өнөөдөр ч тээсээр явна.
Магадгүй “Би ардчилсан улсын иргэн шүү” гэдэг бахархлын гал гэмээр юм монголчуудын цээжинд бадарсаар байдаг нь олон зүйл дээр анзаарагддаг. Тусгаар тогтносон, шударга нийгэмд, элбэг хангалуун амьдарч, хийдэг ажилтай, ажиллаж олсон цалин нь эргээд амьдралд нь хүрэлцдэг ийм тогтолцоог ардчилал гэж ойлгоцгоодог. Тийм ч учраас ардчилсан нийгмийг байгуулж, цогцлоож түүчээлэгчдийг яг ийм шударга, гүндүүгүй, ард түмэн, хүний төлөө зүтгэж өөрсдөө ч, өрөөлийг ч сайхан амьдруулахын тухайд явдаг хүмүүс байх ёстой гэдэг хүлээлттэй байдаг.
Монголд ардчиллыг анх эхлүүлсэн, Ардчилсан хувьсгал хийсэн залуучууд хэр чадлаараа, өөрсдийнхөө хэмжээнд ард түмэнд боломж, бололцоог нь нээж өгсөөн. Бүгд амьдралдаа анх удаа гадаад паспорт гээч баримт бичигтэй болж, хилийн дээсэн дээгүүр алхахаас эхлүүлж, хаа дуртай газраа шилжиж нүүж, юу дуртайгаа санаж сэдэж, үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо хаалтгүйгээр илэрхийлж, хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх, туурга тусгаар орны иргэн гэдгээ мэдэрч, аль нэг орны хараанд байхгүй байхын жаргал, эрх чөлөөг мэдрэх... гээд тоочвол тоо томшгүй боломжтой болгоцгоож, ийм боломжуудыг нь олгосоор ирсэн. Иймээс монголчуудын хувьд ардчилал бол оюун санааных нь дээд түвшинд хүлээн зөвшөөрддөг ойлголт л доо. Нэг үгээр монголчууд ардчиллыг мах цусаараа мэдэрч, хүлээж зөвшөөрч, шимийг нь хүртэж ирсэн дээд түвшний ардчилагчид гэж болно. Дэлхийн улс орнууд ч үүнийг толгой дохин зөвшөөрч Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” гэж тодорхойлж, зарим улс орнууд манайхаас “Ардчиллыг хэрхэн хөгжүүлэх вэ”, “Ардчиллын сайн туршлага” гэсэн сэдвүүдээр зөвлөгөө хүртэл авч байсан нь саяхан шүү дээ. Ковидын үеийн хөл хориогоор далимдуулж эрх баригчид ардчиллын үнэт зүйлсийг бүдгэрүүлэх гэж оролдож, дуугарсан болгоныг барьж, цагдаж хяхан боогдуулж байгааг эс тооцвол бид ардчилсан орны иргэд хэвээрээ байгаа.
Гэтэл одооны Ардчилсан нам гээд бөөгнөрөөд талцаад байгаа бүлэг хүмүүсийг харахаар ардчилсан үзэлтэй шударга иргэдийн гэлтгүй, бүх монголчуудын урам хугарч байна. Энэ нам хэд хуваагдчихаад байгаа юм, хэдэн толгой, хэдэн үзэл баримтлал, хичнээн тамгатай юм бэ. Юуны төлөө хоорондоо тэмцэж, олон нийтэд шившиг болж, ардчиллын нэр хүндийг унагаад байгаа юм бол гэдэг дээр бараг өөрсдөө ч дүгнэлт хийж чадахгүй хэмжээнд хямралд орчихоод байгаа юм.
УИХ-ын дахь намын бүлгийн дарга болохын төлөө үгсэн хуйвалдаж Үндсэн хуулиа золин наймаалцчихлаа. Үүнийгээ ардчилал хийж байна, ардчиллын замаар явж байна, ардчиллаа хамгаалж байна гэж боддог юм уу, АН-ынхаан. Байр булаалдахаа ардчиллын амин чухал хэсэг гэж үздэг болчихсон юм уу, та нар. Албан тасалгааг ардчилал гэж эндүүрч доош орох гэж дээ, АН-ынхаан. Өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улс эх орноо золиослохыгоо ардчилал гэх гээ юу? Ингэж бодоцгоож байгаа бол “Горьдсоны чинь гарз” гэж хэлье.
Ардчилал ийм байдаггүйг Ардчилсан Монгол Улсын иргэд мэддэг юм шүү. Ардчилал гэж ямар юм байдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Та нарыг үнэндээ ямар ардчилагчид гэх юм бэ. Нэг өрөө, нэг албан тасалгаанд суухын төлөө үнэт зүйлээ худалдагчид! Үнэт зүйл гэдэг ойлголт бол Ардчиллын хамгийн гол зарчим. Хувь хүний үнэт зүйл, лидерийн үнэт зүйл, намын үнэт зүйл, байгууллагын үнэт зүйл...ийм олон эрхэм үнэт зүйлээ бүлгийн дарга, намын дарга болох төдийхнөөр наймаалцаж, хоорондоо талцаж, үсдэлцэж байгаа та нарыг хэн ардчилагчид гэх юм бэ. Одоо ардчилагчдын дүр эсгэгчид болон АН-ын нэр хүндийг доош татаж буй та нарын “эрин” дууссаан. АН-ыг албан ёсоор татан буулгаад, шинээр байгуулж эмхлэх цаг нь ирчихлээ. Одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, хэрүүл уруултайгаар энэ нам цааш удаан явах боломжгүй болсон учир татан буулгах нь хамгийн зөв шийдэл. Тиймээс намаа шинэчлэхийн өмнө хуучин байсан хүмүүс нь больцгоо. Хөгшчүүл нь намаасаа гарцгаа, одоо та нар болсон гэж нийт ардчилсан үзэлтнүүдийн өмнөөс хэлэхэд нэг их буруудахгүй дээ. АН-ын нэрийг барьж, ардчиллаар түрий барьж та нар өрмийг нь олон жил хамж идэцгээлээ. Үр дүнд нь та нарын үгээр явдаг чадваргүй нөхөд намын толгойд гарах гэж талцаж, зодолдоод эцэст нь ардчилал энэ улсад мөхөж буй мэт буруу ташаа ойлголтыг төрүүлж, ардчиллыг муухай харагдуулаад байна.
Одоо бол АН-ын залуус, залуу үеийн төлөөлөгчид шударга, ёс зүйтэйгээр ялгарч гарч ирж намаа шинээр байгуулах торгон мөч шүү. Энэ бол нийгмийн захиалга гэж ойлгож болно. АН-ыг дахин шинээр бүрэлдэн улс төрийн тавцанд гишгэхийг ард түмэн хүлээж байна. Залуу ардчилагчдын хувь өмнөх үеэсээ ялгарах том зүйл бол үнэт зүйлтэй байх. Хувийн үнэт зүйлтэй хүн юунд ч гуйвдаггүй, ямар ч элдэв санал, наймаанд үнэт зүйлээ хольж хутгадаггүй тэсч гарч ирдэг. Үнэт зүйлээ эрхэмлэдэггүй, хайрладаггүй хуурамч, хямд хүмүүс албан тушаал, албан тасалгааны төлөө яаж амархан худалдагдаж шившиг болж байгааг та нар харлаа. Өмнөх үеийн алдаанаас суралцаж, намаа шинээр байгуулах нь тохиромжтой хугацаа нь бүрдчихлээ гэдгийг улс төр судлаачид онцолсоор байгааг анзаарсан гэж найдаж байна. Сүүлийн үед хэвлэлээр бичээд байгаа шиг Ардчилсан намын залуус намдаа хувьсгал хий. Бүхэл бүтэн тогтолцоог Ардчилсан хувьсгалаар өөрчилж сайн цагийг авчирч чадсан түүх энэ намд байсан юм чинь шинэ үеийн залуус нь одоо нам дотроо хувьсгал хийцгээ. Цаг алдвал одоо байгаа хууччуул, хөгшчүүд чинь ардчиллын үнэт зүйлүүдийг өөр юутай яаж наймаалцаж, ардчиллыг дордуулж, сульдаах гэж үзэхийг үнэндээ таашгүй нь. АН-ын залуус цөөн биш. Ард чинь олон зуун мянган дэмжигчид байна, шинэ үеийн иргэд, залуус ч байна, намаа шинэчил, шинэчил.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ