Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн.
Энэ нь товчхондоо, бүх сайд давхар дээлтэй байж гэсэн үг. Тиймээс ч одоогийн Засгийн газарт “хөдөлгөөн” орно. Дан дээлтүүдээ хөөж, дараагийн сайдууд дандаа УИХ-ын гишүүн байх нь гэх мессежийг нийгэмд тарааж байна. Мэдээж энэ нь дан дээлтүүдийн айдас болчхоод байгаа юм.
Ингэхдээ давхар дээлтэй Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас гадна дан дээлт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үлдэнэ. Харин давхар дээлтэй БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын суудал дэнжгэнэж, бусдыг нь үдэн гаргахаар болсон гэх мэдээлэл бий.
Үүнийг үүгээр, түүгээр яваа “бор шувуу”-д нисгэх бус дараагийн ээлжинд давхар дээлтэй болж, Засгийн газарт шигдэх гэсэн хүмүүс мессежээ илгээж эхэлсэн нь энэ.
Магадгүй бүр зарим сайдыг авч үлдэж байгаа ч дотоодод нь хөдөлгөөн оруулах талаар ч яриа хийсэн тухай мэдээлэл бий.
Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад зүтгүүлээд, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын нэр яригдах болжээ.
Хэдэн эмэгтэй сайдуудыг мөн л “зайлуулж” байгаад УИХ-ын эмэгтэй гишүүд Засгийн газарт шигдэхээр зүтгэх болж. Тухайлбал Соёлын сайдад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдад, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өөрсдийгөө сойж, өрөөлөөр дэмжүүлэхээр зэхэж явна.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ижил төстэй Байнгын хороо тойлголдог учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг төвөггүй нугалчихна хэмээн энд, тэнд хор найруулж яваа бол, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ч дутчих вий гэсэн шиг Эрчим хүчний сайд болно гээд МАН-ын төв байраар эргэлдэх болжээ.
Харин хамгийн их хэл ам дагуулдаг Зам, тээврийн хөгжлийн сайд болчихъё гэж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан яаравчилж байгаа аж.
Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд болох гэж зүтгэж байна.
Шинэ гэгдэж байгаа Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нарын хэн нэгэн, Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал гэх, харин Батлан хамгаалахын сайдаар Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарын нэр яригдаж байгаа аж.