Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий нурууны хойд хэсэг алтанд шунасан нинжа нарын гарт сүйдэж дууслаа-II


ЭХЛЭЛ ХЭСГИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.  https://ergelt.mn/news/125/single/23519

-МОНГОЛЫН ТӨР НИНЖА НАРАА ДАРАХГҮЙ БОЛ ТӨРИЙН ЦАГДАА НЬ ДОРОМЖЛУУЛААД ДУУСАХ НЬ-

      Нинжа нар өдөр, шөнөгүй мод хядаж, гол, усыг нь улаанаар эргэлдүүлж, хэдэн мянган га талбайг сэндийчиж байхад Монголын төр юу хийж байгаа вэ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гар аргаар алт олборлодог нинжа нараас гадна алтаар хэдэн тэрбумын ашиг олдог бүлэглэл бий болж, хууль бусаар алт олборлож байгааг бид өмнөх цувралаараа хүргэсэн. Сэлэнгэ аймаг их хэмжээний байгалийн баялагтай, алтны орон учир нутгийн иргэд нь хамаарал бүхий хүмүүстэйгээ нийлж, алт ухдаг болоод удаж байна. Олон жил алт ухчихсан шунал нь дуусдаггүй нинжа нар аймаг, сумдын Засаг дарга, МХЕГ-ын удирдлагууд, цагдаа нарын амыг мөнгөөр хав дараад сурчихсан. Одоо ч энэ төрлийн гэмт хэрэг үргэлжилдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг. Тухайлбал, энэ талаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг  иргэн Б ярихдаа “Нинжа нар цагдаа нарт бие биеэ матдаг. “Минийх, чинийх” гэж булаацалддаг учраас Улаанбаатар хотоос цагдаа нар ирж хяналт, шалгалт хийдэг. Нинжа нарын дунд авлигын сүлжээ бий болчихсон. Янз бүрийн наймаа цэцэглэчихсэн шүү дээ. Нинжа орон нутгийн цагдаа, сумын удирдлагууддаа “Биднийг чимээгүй өнгөрөөчих. Та нарт хөөгдөхгүй удахгүй явчихна. Бид их юм олж амжаагүй байна. Одоохондоо үүнийг авчих”  гээд зуу, зуун саяар нь авлига өгдөг” гэсэн юм. 

-УЛСТӨРЧ, БИЗНЕСМЕНҮҮДИЙН ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ОЛОХ АРГА УУЛЫН АМАНД БАЙДАГ УУ-

     Монгол Улс хуулиараа “Ой модтой, усны ундарга газар ашигт малтмалын лиценз олгохгүй” гэж заасан учир ямар ч тохиолдолд хэнд ч ашиглалтын лиценз олгох боломжгүй юм. Манай улс ой мод ихтэй, усны ундаргатай газраа алтны асар их баялагтай учир эрх бүхий хүмүүсийн шунал хөдөлж,  хууль бус аргаар нинжа нар ажиллуулахаас өөр аргагүй болдог гэх. Монголын алтны баялгийг АМГТГ-аас тогтоогоогүй байхад нинжа нар аль хэдийнэ нөөцийг нь тогтоочихсон байдаг юм билээ. Ингээд ямар ч хэргийн ар талыг даагаад,  зохицуулаад сурчихсан эрх бүхий хүмүүс алтанд шунаж, уул уурхайн лиценз авах боломжгүй газар нүх ухахын тулд холбогдох хүмүүст их хэмжээний авлига өгдөг нь нууц биш болжээ. Ингээд хууль бус газар руу хоёр, гурван экскаватортай жолооч оруулж, хэдэн төгрөгөөр цалинжуулж, маш амар аргаар алт олборлох гэж улайрдаг байна. 

-УЛСТӨРЧИД НИСДЭГ ТЭРЭГ ЯВУУЛЖ, АЛТАА АВДАГ ГЭВ ҮҮ-

     Монголчууд нинжа гэхээр ядарсан, хоногийнхоо хоолтой залгах гэж аргаа барсан хүмүүс байдаг гэж ойлгодог. Гэвч олонх нь сарын хэчнээн сая төгрөгийн цалинтай, техникжсэн баячууд байдаг. Харин бор зүрхээрээ хумсын чинээ алт олох гэж зүтгэж байгаа цөөхөн нинжа бий. Тэд 100 сая гаруй төгрөгийн үнэтэй экскаватор авч чадахгүй. Тэгэхээр тэдний ард заавал нөлөө бүхий техник, бусад зүйлээр хангадаг мөнгөтэй хүмүүс байдаг нь тодорхой. Энэ нь мэдээж, улстөрч, бизнесменүүд шүү дээ. Тэд алтны асар их нөөцтэй уулын амыг  “Минийх, чинийх” гэж хувааж аваад, хууль бус аргаар их хэмжээний мөнгө олдог нь хэзээнээс тодорхой болсон. Мөн тэд алтаа нисдэг тэргээр явуулж, авдаг ямар ч татвар төлөхгүйгээр хууль бусаар хилээр гаргадаг  гээд маш том бүлэглэлийг удирддаг байна. Мөн чулуун ордны алтыг мөнгөн ус буюу байгаль, дэлхийд маш хор хөнөөлтэй бодисоор салгадаг. Тиймээс алтны нинжа нар хууль бусаар мөнгөн ус зардаг хүмүүстэй холбогдож, байгаль онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарч байсан эсэхийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах, хошууч Д.Сүхбаяраас тодруулсан юм.  
-Нинжа нар хууль бусаар алт олборлохдоо мөнгөн ус ашигладаг гэж ярьдаг. Энэ төрлийн гэмт хэргийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлж байв уу?  
     -Экологийн цагдаагийн албаныхан хууль бусаар мөнгөн ус зарж байгаа иргэдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус бодисыг хураасан. Тухайлбал,  2020 онд 19 килограмм, 2021 онд 24.5 килограмм мөнгөн ус хууль бусаар зарж байхад нь хурааж авсан. Тус химийн хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах бригадын агуулахад хадгалж байгаа. Манай улсад энэ төрлийн нэн хортой бодис устгах байгууламж байхгүй. Тиймээс хэдий хүртэл хадгалах нь тодорхойгүй гэсэн үг. 
-Мөнгөн усыг найдвартай хадгалж байгаа эсэхийг хянах боломжтой юу?
      -Нэн хортой бодисыг харуул, хамгаалалт сайтай газар хадгалж байгаа. Үүнд ТЕГ, МХЕГ, ОБЕГ,  цагдаа нар хянадаг. Мөнгөн ус аюулын зэрэглэлээрээ дэлхийд эхний 10-т ордог гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. 
-Хууль бусаар мөнгөн ус зарж байсан иргэдийг хаанаас илрүүлж байсан бэ?
     -“Баянзүрх”, “Нарантуул”, “Хархорин”, “Урт цагаан” зэрэг худалдааны төвүүдээр хяналт, шалгалт хийж байхдаа иргэдэд мөнгөн ус зарж байсан этгээдүүдийг илрүүлж, бодисыг нь хурааж авсан. Мөн бичил уурхайд, алт мөнгөний дархад ашиглаж байхад нь илрүүлж байлаа. 
-Гараас гар дамжин хууль бусаар зардаг мөнгөн ус ямар үнэтэй байдаг вэ?
      -Мөнгөн усыг хуруу шилээр зардаг. Нэг хуруу шил мөнгөн ус таван зуун мянгаас сая төгрөгийн үнэтэй.
Хууль бусаар мөнгөн ус зардаг этгээдүүд мөн нинжа нарын бүлэглэлд байдаг гэдгийг холбогдох албан тушаалтнууд онцолдог. Олон жил Монголын газар нутгийг хууль бусаар  сэндийчиж, алтыг нь нууцаар хилээр гаргадаг хэрэг даамжраад олон жил болж байна. Үүнээс гадна нинжа нар алт болон ухах нүхээ булаацалдаж, нэгнийхээ аминд хүрч байсан олон жишээ байдаг. Тухайлбал, 2006 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлодог дотоодын “Монполимет” компанийн уурхай руу наадмын өдрүүдэд нинжа нар бүлэглэн дайрч,  хүний аминд хүрч байсан. Мөн одоогоос долоон жилийн  өмнө Говь-Алтай аймгийн Бигэр суманд алт гарснаас үүдэж Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар сумын 1000 гаруй  нинжа цуглаж, алтны төлөө нүхээ булаацалдаж, хүний амь эрсдэж байв. 
      Тухайлбал, Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговийн нинжа нарын дунд амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Бүгд зохион байгуулалттай хэн нэгнээс цалинжиж, мөнгө авч очдог аж. Энэ мэт хууль бус алт олборлолтоос болж хэд хэдэн хүний амь эрдэж байлаа. Тухайн үед өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр нинжа нарыг тараах шийдвэр гаргаж, тэднийг нисдэг тэргээр ачиж, экскаваторуудыг нь хурааж байгаад орхисон. Дээрх нөхцөл байдал дахин даамжирч, хэзээ хэн эрсдэхийг үгүйсгэхийн аргагүй байна. 

ЕРӨНХИЙ САЙД АА, ТЕГ-ЫН ДАРГА АА ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, НИНЖА НАРЫГ АЧИЖ, ТЕХНИКҮҮДИЙГ НЬ УЛСЫН ӨМЧ БОЛГООЧ

    Экологийн цагдаагийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан болон холбогдох яам, байгууллагуудын мэргэжилтнүүд нинжа нар дээр очоод ямар ч хэрэггүй болжээ. Орон нутгийн удирдлагууд, цагдаа нар бүр шаардлага ч тавьж чадахаа больчихсон хэтэрхий дундаа орчихсон гэх. Тэд хэдэн нинжа нарт үг хэлээр доромжлуулж, хөөгдөөд л таардаг гэдгийг орон нутгийн иргэд ярьж байв. Нөгөөтэйгүүр нинжа нар “Хууль, хяналтынхан мянга ирж үглээд яах билээ дээ. Бидний экскаватор, техник, тоног төхөөрөмжийг хурааж аваад, биднийг хөөж явуулж чадах биш. Тэгж л байдаг юм” гээд бүр дөжирчихсөн юм билээ. Тиймээс цагдаа нар том, том техник хураах, ачих боломжгүй учир амаараа албадан шаардаад хүчирхдэггүй. Тэгэхээр Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Байгаль орчны сайд аа, ТЕГ-ын дарга аа та бүхэн яаралтай хамтарсан Ажлын хэсэг гаргаж, бүх нинжаг ачиж, техникүүдийг нь хурааж улсын өмч болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нинжа нар жилийн дөрвөн улирал техникээ эвдэртэл уул ухаж, Монголын баялгийг хуйгаар нь гадагш гаргаж, эх орныг минь сүйдэлж дууслаа.
https://ergelt.mn/news/125/single/23561
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ