Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сайд нарын ХОМ: 2020 он VS 2021 он

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгосон.  Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүргэсэн билээ.  Тэгвэл энэ удаа сайд нарын ХОМ-ийг өмнөх онтой харьцуулан нийтэлж байна. 
 
Үл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгджээ
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн орлого долоон сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрбээр 2020 онд 35 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 42 сая болсон байна. Гэр бүлийн гишүүдийн орлого зургаан сая төгрөг.   Өмнөх онд 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол энэ жил 383 сая төгрөгийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлэв. 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Venza автомашин, долоон сая төгрөгийн үнэт эдлэл,135 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ.
 
Шадар сайд  С.Амарсайханы орлого огцом буурчээ
Шадар сайд С.Амарсайхан  2020 онд нэг тэрбум 817 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн орлого 73 сая хэвээрээ байна. 10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda, CX-9-1, Lexus, RX 350 машинтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 96 сая төгрөгийн хадгаламжтай.  Хоёр тэрбум 999 сая төгрөгийн авлага,100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлэв. "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК, Оюуны Ундраа Групп ХХК-д хувь эзэмшдэг.
 
Орлого нь 11 дахин өсч, үл хөдлөх хөрөнгөгүй болов
Сангийн сайд Б.Жавхлан 2020 онд 36 сая төгрөг олсон бол 2021 онд 430 сая төгрөг болж өсөв. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 58 саяас 64 сая төгрөг  болж нэмэгдсэн байна. 80 сая төгрөг бүхий суудлын жижиг авто машинтай байсан бол 2021 онд 195 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр жийп машинтай болжээ. Мөн 445 сая төгрөгийн мал аж ахуй, 50 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж мэдүүлэв.  2020 онд нэг тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 2021 онд ямар нэг орон сууц, авто зогсоол мэдүүлээгүй байна.
 
Тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй сайд
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн ХОМ нэлээд анхаарал татдаг.  Тэрбээр 2020 онд  найман тэрбумын орлоготой хэмээн мэдүүлж байсан нь энэ жил өөрчлөгдсөнгүй. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого өсч,  598 сая болжээ. Дөрвөн тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэл, дөрвөн тэрбум төгрөгийн авлагатай. Мөн 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus 570 машин хөлөглөдөг. Харин 2020 онд 67 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол энэ удаа 14 сая төгрөг болж буурчээ.
 
"Аргалант Атар" компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2020 онд 67 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 64 сая  болж буурчээ.  Харин өмнөх жил нь гэр бүлийн гишүүдийг орлогогүй гэж мэдүүлсэн бол 2021 онд 176 сая төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. 719 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 22 сая төгрөгийн газар, 78 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн нь өөрчлөлт ороогүй байна.  Хадгаламж нь 213 саяас 219 сая болж нэмэгджээ. Тэрбээр "Аргалант Атар" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг.
 
Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ 100 сая төгрөгийн газартай
Засгийн газрын хамгийн отгон сайд Б.Бат-Эрдэнэ 110 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 22 сая төгрөг. 450 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай. 50 сая төгрөгийн Chrysler, Dodjedurango маркийн автомашинтай. Мөн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмшдэг. 12 сая төгрөгийн хадгаламжтай бол 95 сая төгрөгийн зээлтэй байна. Б.Бат-Эрдэнэ сайд “Монгол Тулгат Финанс” ХХК, “Монмарт трэйд” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг.
 
Үл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгдэж, тэрбумаар хэмжигдэх болов
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 онд 28 сая төгрөг олсон гэж мэдүүлж байсан бол 2021 онд 26 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.  Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2021 онд 98 сая төгрөг байсан бол 2022 онд 24 сая төгрөг болж мөн буурсан байна. 650 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2021 онд нэг тэрбум 122 сая төгрөг болж өсчээ. Өөрөөр хэлбэл нэг орон сууц нэмж худалдан авсан байна. 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин хөлөглөдөг.   Старкатеринг ХХК, Хамаг Монгол групп ХХК-ийн хувь эзэмшдэг.
 
11 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Соёлын сайд
Соёлын сайд Ч.Номин 235 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлэв. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь гурван тэрбум 785 сая төгрөг байна. Нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай. Дөрвөн тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банканд нэг тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлага, есөн тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй байна. Харин 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
 
Хурдан удмын адуугаар “гангардаг” сайд
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2020 онд 220 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол энэ удаа 421 сая төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого мөн 145 сая төгрөг болж өссөн байна. 76 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй.  Өнгөрсөн жил 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын таван адуу мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй. 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 150 сая төгрөгтэй. 2020 онд тэрбээр 518 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 726 сая төгрөг болж өсчээ. Мөнхийн үсэг ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК-ийн хувь эзэмшиж байна.
 
Өөрийнх нь орлого буурч, гэр бүлийн гишүүдийнх нь өсөв
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2020 онд 111 сая төгрөгийн орлоготой  хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 29 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 98 саяас 196 сая төгрөг болж өсчээ.  235 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 2020 онд тээврийн хэрэгсэлгүй гэсэн бол энэ удаа 23 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai, Sonata 7” машинтай гэжээ. 464 сая төгрөгийн мал аж ахуй эзэмшдэг.  54 сая төгрөгийн хадгаламж, 270 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр “Разно импекс нэгдэл” ХК-д хувь эзэмшдэг
 
55 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикльтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2020 онд 38 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн бол 2021 онд 36 сая төгрөг болж буурчээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 51 саяас 48 сая болж буурсан байна. 646 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  Автомашингүй,  55 сая төгрөгийн мотоцикльтэй гэж мэдүүлэв. 82 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжиндаа 138 сая төгрөгтэй. 100 сая төгрөгийн зээлтэй байна.
 
30 сая төгрөгийн орлоготой Эрүүл мэндийн сайд
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын жилийн орлого 30 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого дөрвөн сая төгрөг. 320 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай. 98 сая төгрөгийн Ланд круйзер машинтай бол 10 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 320 сая төгрөгийн авлагатай. 70 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
 
Говь ХК-д хувь эзэмшдэг сайд
Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын жилийн орлого 26 сая, гэр бүлийн орлого 122 сая төгрөг байна. 650 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 20 сая төгрөгийн Kia, SORENTO автомашинтай. Найман сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн адуутай. Харин 65 сая төгрөгийн үнэт эдлэл нь энэ удаа таван сая болж буурчээ. Хадгаламждаа 45 сая төгрөг, 205 сая төгрөгийн авлагатай. 10 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн нь өмнөх оноос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр Говь ХК, Инжирийн үндэс ХХК, Их инжирийн үр ХХК, Прайм Лөүн ББСБ-д хувь эзэмшдэг.
 
Ард санхүүгийн нэгдэлд хувь эзэмшдэг болжээ
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 658 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Жилийн орлого нь 39 саяас 48 сая төгрөг болж өссөн бол  гэр бүлийн орлого нь 54 саяас 73 сая болж өссөн байна.   70 саяар үнэлэгдэх машинтай байсан бол 155 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Lexus, RX 350 машинтай болжээ.  50 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 19 сая төгрөгтэй бол 125 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Ард санхүүгийн нэгдэл ХК, шируки мичи ХХК-д хувь эзэмшдэг болжээ.
 
1.6 тэрбумаар үнэлэгдэх хурдан удмын адуу, мал аж ахуйтай
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өмнөх онд 57 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд  29 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 181 саяас  372 сая төгрөг болж өссөн байна. 530 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 2020 онд нийт 365 сая төгрөгийн хурдан удмын адуутай байсан бол 2021 онд нэг тэрбум 620 сая төгрөгийн мал аж ахуйтай болжээ. Нэг тэрбум 81 сая төгрөгийн авлагатай.
 
Орлого нь дөрөв дахин буурчээ
Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 онд 141 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 31 сая төгрөг болж буурчээ. Мөн гэр бүлийн гишүүдийн орлого 28 сая төгрөг байсан бол 2021 онд ямар ч орлогогүй болсон байна. 460 сая төгрөг бүхий хоёр нийтийн орон сууцтай. 17 сая төгрөгийн үнэтэй Toyota, Prius маркийн нэг автомашинтай. 45 сая төгрөгийн газар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 26 сая төгрөгийн хадгаламжтай. Ямар нэг зээлгүй харин 19 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлэв.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 140 (6872)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ