Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хогийн цэг, бие засах газар хайсан иргэд Улаагчны хар нуураар дүүрэн байна


Дөхөх тусам машины хөдөлгөөн улам л нэмэгдэнэ. Дэгсдүүлж ярьдаг хүнд бол улаанбаатарчууд чинь бүгд Улаагчны хар нуур дээр ирчихээ юу гэлтэй дүр зураг биднийг угтсан юм. Аялагчдын цуваа тасралтгүй үргэлжилж байгаа болохоор алгын чинээ майхан хатгачих газар ч олдохгүй тийм л их хөлтэй энэ газраас өдрийн сурвалжилга бэлдлээ.

 
УЛААГЧНЫ ХАР НУУР ДЭЭР ӨДӨРТ 200-220 МАШИН ИРЖ БАЙНА
 
Наадмын амралтын хоног тавиу тул иргэд хол гэлтгүй байгалийн сайхныг үзэхээр хөдөө талд “бэлчээрлэж” байна. Аав ээж, анд нөхөд, хамт олноороо нэгдэж нийлсэн хүмүүс андашгүй. Мөн Монгол орны байгалийн сайхныг үзэхээр ирсэн гадаадын жуулчид ч цөөнгүй үзэгдэнэ. Тэд Улаанбаатараас 1200 гаруй километрт байрлах Улаагчны хар нуурыг зорин иржээ. Хангайн сувд хэмээн алдаршсан Хар нуур элсэн манханаар хүрээлүүлсэн эгэлгүй үзэсгэлэн төгөлдөр байгальтай ажээ. Тийм ч учраас аялагчид ийм олноороо хошуурцгаадаг бололтой.
Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчийн ярьж буйгаар бол жил бүрийн өдийд буюу наадмын амралтын үеэр хамгийн их хүн ирдэг гэнэ. Түүнээс өдөрт хэчнээн машин орж байгааг лавлахад “Сүүлийн хэдэн жил л манай энэ хавьд хүмүүс их ирэх болсон. Оргил үедээ бол өдөрт 200-220 машин хүрнэ шүү дээ” гэлээ.
Зорьж ирсэн хүмүүс энд наанадаж нэг, цаанадаж нэлээд хэд хонох төлөвлөгөөтэй ирдэг байна. Гэвч ирсэн гийчдийн өмнө тулгамдаж буй том асуудал нь хог хаях цэг болон бие засах газар.
 
 
АВТОМАШИН БҮРЭЭС 3000 ТӨГРӨГ ХУРААЖ БАЙВ
 
Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор руу орох хэсэгт нэг машинаас 3000 төгрөг авч байна. Нуурын наад захаас элсэн манханд хүрэх хүртэл хүмүүс зай завсаргүй майхан, машинаа байрлуулжээ. Жаахан оройтож очсон хүнд бол аятай газар олдохгүй. Учир нь нуурын эргээ дагаж майхнаа барьсан иргэд хойшоогоо холгүйхэн яваад л бие засах аж. Ер нь л энэ бүсэд алхаж гишгэж яваа замаа сайн ажихгүй бол хэцүүхэн. Хаа сайгүй нойлын цаас хийснэ.
Үүнд иргэдийг ч буруутгах аргагүй. Хаа хол гурав, дөрвөн километрийн зайд буюу орж, гарах хэсэгт ганцхан бме засах газартай. Тэр нь нэг удаад хоёр л хүн орох хэсэгтэй. Ядахад нэг нь хаалгагүй. Үнэр танар гэж авах юмгүй. Навсайсан нэг муу модон жорлонд орохоос өөр аргагүй. Аялж зугаалж яваа иргэдийн хамгийн их бухимдлыг энэ хэсгээс харж болно. Өчнөөн олон километр замыг туулаад ирсэн аялагчид “Энд бие засах газрын асуудал хамгийн хүнд байна. Хураамж төлбөрөөсөө ганц, хоёр жорлон нэмээд хийчихэж болдоггүй л юм байх даа” хэмээн бухимдацгааж байсан юм. Бас болоогүй яг энэ асуудлаас болж аялагчид хоорондоо маргалдах нь энүүхэнд. “Манай майхнаас хол явж бие зас л даа”, “Энд та нар бие засах гэж ирээ юу. Тэр жорлон руу нь яваач” гэх зэргээр өөр хоорондоо ам муруйх асуудалтай гурав алхаад л таарна.
 
НЭГ Ч ХОГИЙН ЦЭГ АЛГА
 
Нэг үеэ бодоход дотоодын аялагчид соёлтой болжээ. Хогоо ил задгай орхидог, хаа хамаагүй хаячихдаг байдал бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Бүгд л зориулалтын хогийн уутанд хогоо хийгээд буудалласан газраа цэвэрлэж харагдана. Харин Улаагчны хар нуур дээр хогийн төвлөрсөн цэг ганц ч алга. Эндээс үүдээд мөн л иргэдийн бухимдал үүсэж байв. Бухимдаад зогсохгүй Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газрын ажилчид болон  аялагчдын дунд үл ойлголцол үүсэх аж.
Хүмүүс ууттай хогоо гарах хэсгийн ганц жорлонг бараадуулж орхих гэхээр үүдний хэсэгт мөнгө хурааж буй ажилчид “Хог энд хаяулахгүй. Хогийн цэг байхгүй. Наад хогоо Хогийн цэгтэй газар хая” гэсэн шаардлага тавих. Хогийн цэг нь хаана вэ гэж асуухаар өөдөөс “Хамгийн ойрхон хогийн цэг Яруу суманд байгаа” гэх. Эндээс хэр хол вэ гэхэд “Сайн мэдэхгүй ээ, Хорь, гучин километр байх” хэмээх. Элс, чулуу ихтэй, зам муутай газар зөвхөн хог хаяхын төлөө тийшээ явна гэдэг аялагчдын хувьд бухимдахаас өөр аргагүй. Зарим нь ч дуулгавартай гэгч нь хогоо аваад явж харагдах.
Харин зарим хэсэг нь “Бид өчнөөн хол цааш явна. Яаж хогоо аваад явах юм бэ” гэж үг сөрөөд нөгөө ганц нойлынх нь хажууд хогоо үлдээж байгаа харагдана. Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт оршдог аж. Энэ утгаараа тус сумын захиргаанаас энэ асуудлыг хариуцах ёстой. Тиймээс тус сумын Тамгын газрын албаны эх сурвалжаас хогийн асуудлаар тодруулга авах гэтэл “Улаагчны хар нуур манай сумын нутаг дэвсгэрт хамаардаг ч аймгийн Байгаль орчин хариуцдаг. Манай сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс хойш 110 км зайд оршдог. Бүх татвар хураамж, цэвэрлэгээний асуудлыг Аймгийн Байгаль орчин л хариуцна” гэсэн юм.
 
3.4 ТОНН ХОГ ХАЯЖ БАЙСАН
 
Улаагчны хар нуурын асуудлыг хариуцдаг газар нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтын захиргаа болж таарлаа. Тус газрын ажилтнаас хогны асуудлаа хэрхдэг талаар лавлахад “Жил бүрийн өдийд энэ асуудал сөхөгддөг. Долоон сард л ингэж оволздог юм. Бусад үед  наашаа хүмүүс нэг их ирээд байдаггүй. Хүмүүс аймар болгоод явдаг. Бид хөл татрахаар явж хүмүүсийн тарьсан хогийг түүж цэвэрлэдэг.
Улаагчны хар нуур, Мухартын голын дагуу анхааруулгын самбар, машин нэвтрүүлэхгүй домбо суулган хаалт хамгаалалт, автомашины зогсоолын тэмдэг, автомашин нэвтрэхийг хориглосон тэмдэг, элсэн манхан руу дамжин гарахыг хориглосон тэмдэг зэргийг хийсэн.
Мөн Мухартын голын элсэн манхан руу гулгахгүй, хог хаягдал хаяхгүй байх зэргийг анхааруулсан самбарыг байршуулж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэн ачуулсан. Мухартын голын эх рүү автомашинтай оруулахгүйгээр хаалт хийсэн учраас аялагч, амрагчид нэг км орчим алхаж очиж үздэг болсон. Аялагчид Мухартын голын эх рүү автомашинтайгаа орж байгаа гэх сошиал орчинд мэдээлж буй мэдээллүүд худал юм. Зөвхөн Улаагчны хар нуур гэлтгүй бусад байгалийн цогцолбор газраа бид байнга цэвэрлэдэг. Хоёр жилийн өмнө бид 3.4 тонн хогийг Яруу сумын хогийн цэг рүү ачиж байсан” гэв.
 
ДОТООДЫН АЯЛАЛАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХОГ, НОЙЛЫН АСУУДЛАА ШИЙДМЭЭР БАЙНА
 
Дотоодын аялал дагасан асуудлын ганцхан жишээ нь Улаагчны хар нуурын хог болон бие засах газар. Яг ийм хүндрэлтэй нөхцөл байдлууд манай улсын аялал жуучлалын бараг бүхий л бүсэд тулгамдаж байна. Уг нь сэтгэл байгаад зөв менежментийг хариуцсан газрууд нь хийж чадвал хог, нойлын асуудал толгой өвтгөх зүйл биш санагдана. Тухайлбал, Улаагчны хар нуур гэхэд өдөртөө 200 орчим машинаас хураамж авч байна. Нэг машинаас 3000 төгрөг авдаг гэж байгаа. Өдөртөө 600 мянга, сардаа 18 сая төгрөг зөвхөн хураамжаасаа бүрдүүлчихэж байна.
Эндээсээ ганц бие засах газар нэмээд барьчихаж яагаад болохгүй гэж. Зориод ирсэн аялагчидтайгаа хогны хэрүүл хийж суухын оронд бөөгнүүлээд ирсэн хогийг нь цуглуулаад авах ганц Хогийн цэг байгуулчихаж яагаад болохгүй гэж. Нэгэнт буй байгалийн үзэсгэлэнт цогцолбороороо аялагчдыг татаж, сум орон нутагтаа орох мөнгөний урсгалыг нэмээд авах бүрэн боломж бий дээ уг нь. Дотоодын аялал хөгжих хамгийн наад захын хэмжүүр нь хог, нойлоо хэрхэн шийдэхээс л эхэлнэ. Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг гэж гарчээ. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг сүйтгэнэ гэсэн үг. Иймээс хог, нойлын асуудлыг салбар яам, хариуцсан засаг захиргааны газар нь бодлогын хэмжээнд авч үзэж, дорвитой шийдэлд хүрмээр байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ