Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханы 24 сумын 60 сурагч морин хуур хөгжмийн хөтөч багшаар бэлтгэгджээ



Тус аймгийн Алдархаан суманд 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 сурагч морин хуурын хөтөч багшаар суралцжээ.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Морин хуурын хөтөч багш бэлтгэх” сургалтыг аймгийн 24 сумын сургууль, Улиастай сумын зургаан сургуулийн 60 сурагчийг хамруулан явуулжээ. Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, соёлын биет бус өв болох морин хуур хөгжмийг хойч үедээ өвлүүлэх, уламжлуулах зорилготой энэ сургалт гуравдугаар сарын 09-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ний өдрийн хооронд Алдархаан суманд болсон. Эдгээр хүүхдүүд нь Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцахын хажуугаар морин хуурын сургалтад хамрагдсан байна.
Тэд гурван сарын хугацаанд морин хуур тоглож сурснаас гадна дуулж, бүжиглэж, үкүлүлэ хөгжим тоглож суралцсан. Хамгийн чухал нь морин хуурын хөтөч багшаар бэлтгэгдсэн эдгээр сурагчид сургалтад хамрагдах явцдаа хүний хөгжлийн талаар эзэмших ёстой багаар ажиллах. Бие даах, тэвчээртэй байх, эмх цэгцтэй байх, харилцан бие биеэсээ суралцах чадваруудад суралцаж, олон найз нөхөдтэй болж нутаг буцлаа.  Сургалтаа дуусгаж, эцэг эх, багш нарынхаа өмнө тайлант өдөрлөгийг амжилттай зохин байгуулснаар гурван сарын сургалт өндөрлөлөө. Энэ сургалтыг Алдархаан сумын ерөнхий боловсролын сургууль, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран явуулж, эцэг эх, багш нар дэмжиж оролцсон байна. Хүүхэд бүр авьяастай, ерөнхий боловсрол эзэмшихийн хажуугаар хөгжих боломжтойг энэ сургалт харууллаа. Аймгийн 24 сумын сургуулиудаас ирж суралцангаа хөгжсөн эдгээр сурагчид өөрсдийн сумандаа, сургуульдаа очиж ирэх намраас үе тэнгийнхэндээ морин хуур хөгжмийг зааж сургах хөтөч багш хүүхдээр ажиллах юм гэж Алдархаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэв.

Завхан аймгийн Соёл урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Э.Пагмаа:

Манай аймаг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг бодлогоор дэмждэг
-Сайн байна уу? Яагаад заавал морин хуур хөгжмийг хүүхдүүдэд сургах сургалтыг эхлүүлсэн юм бол?
-Морин хуур хөгжмийг 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ. Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхагласан байдаг. Тиймээс энэ хөгжмийг хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх, сургах, хөгжүүлэх. Улмаар соёлын бие бус өвийг өвлөн уламжлахын ач холбогдлыг хүүхэд байхаас нь ойлгуулах, хамгаалуулах, бахархуулах, сургах нь үр дүнтэй  гэж, морин хуурын сургалтыг аймгийн хэмжээнд явуулахаар хөтөлбөр баталсан байгаа. Ер нь хүүхэд бүр морин хуур хөгжмийг сонирхон суралцах боломжтой гэдгийг энэ удаагийн сургалт харууллаа.
Монголын ард түмэн олон зууны турш мал маллаж нүүдэллэн амьдрахдаа адууг машид эрхэмлэн, туг сүлдэндээ дээдэлж, дуу хөгжимдөө мөнхөлж ирсэн түүхтэй. Энэ хүндэтгэлийн нэгэн илрэл нь морин хуур хөгжим юм. Морин хуур гэдэг морин толгойтой хуур гэсэн утгатай. Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа, илэрхийлэх чадвар сайтай, хийц ба эгшиг дуурслын төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг юм. Тийм ч учраас нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж хуур ба хуурчийн чадал увдисыг ...”Хорвоогийн хамаг явдлыг  Хоёрхон чавхдасанд багтаадаг” хэмээн магтан дуулсан билээ.
-Завханы хүүхэд бүр морин хуур хөгжимд хайртай, сонирхон судалдаг түүх бий. Тухайлбал Монголд анх удаа 999 морин хуурчийн тоглолт хийсэн гээд?
-Тийм ээ. Завхан аймгийн 24 сумын нийт 36 ерөнхий боловсролын сургууль морин хуур хөгжмийн хамтлагтай болно. 2011 онд анх Сүхбаатарын талбайд 999 морин хуурч тоглуулсан түүх бий. Манай аймаг морин хуур хөгжмийг хүүхэд залуучууддаа сургах, монголын өв уламжлалаас суралцуулахад бодлогоор дэмждэг. Тиймээс ч 2013 онд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяраараа 2222 морин хуурчийг цэнгэлдэх хүрээлэндээ тоглуулж байсан.Мөн
2018 онд аймгийн  төв цэнгэлдэх хүрээлэнд 3030 морин хуурч  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн түүхтэй.“Морин хуур” хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлсний үр дүн гарч сум бүрт бүх насныхан морин хуур хөгжмийг сонирхон суралцаж, Монголын уламжлалт ардын хөгжмийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй. Энэ ажлыг үргэлжлүүлэн уламжлуулж байна.

Харин ирэх жил буюу 2023 онд Завхан аймаг байгуулсны 100 жилийн ой тохионо. Энэ үеэр манай аймаг төв цэнгэлдэх хүрээлэндээ морин хуурын аялгууг тоглоно, одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй. 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байгаа. Манай аймагт ямар нэгэн үйл ажиллагааны нээлт, арга хэмжээ, тэмдэглэлт баяр наадмыг морин хуурын аялгуугаар төсөөлөшгүй. Морин хуурыг хүүхэд бүртээ сургаж, айл бүхэнд хуур тоглодог хүн байгаасай гэж бодлогоор дэмжиж байгаагийн үр дүн жил бүр гарч байна. Хүүхэд залуучууд морин хуур хөгжмийг сонирхож, судал, суралцах хүсэлтэй байгаа нь ч бахархууштай.
Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Тэгээд ч айл болгон морин хууртай байхыг чухалчилдаг, гэрийнхээ хойморт хамгийн хүндтэй байранд залдаг, айлд орсон хүн заавал хуурдаж, эс чаддаг нь хуурт гар хүрдэг заншилтай байв.
Мөн хаврын улирал Монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар эхлэх бөгөөд энэ баяраар хүмүүс өөр хоорондоо золгон ёсолж, айл өрх бүр жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлгэдэл болгон “Гэрийн жавар үргээж” морин хуураар ая өргөдөг заншилтай. Энэ уламжлал төрийн ёслолд тусгалаа олж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу жил бүрийн цагаан сараар Монгол улсын сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн Төрийн ёслолын өргөөнд “Төрийн их хан хуур”-ын сүлд аялгууг эгшиглүүлж, морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг орон даяар телевиз, радиогоор нэвтрүүлдэг шүү дээ.
-Морин хуур хөгжмийн талаарх Монголын олон ястны дунд өөр өөр заншил, ёс жаяг бий байх?
-Тийм шүү. Монголын олон ястны дунд хуурдахад тусгайлан зориулсан “татлага“ гэдэг уламжлалт аязууд бий. Төв Халхад “Жонон хар морины явдал” хэмээх хуурын аяз нутаг нутгийн онцлог ялгаатайгаар түгээмэл тархсан байдаг юм билээ. Говийн бүсэд гэхэд “Хуурын магнай”, “Уулган шар атны явдал”, “Өрөөлт халтар морь”, “Аргалын хурга”, “Дааган нэмнээ”, “Шөргийн шар ат” гэх мэт холбогдох домог, түүх бүхий онцлог татлагууд байдаг юм билээ. Харин Дарьгангын хуурчид “Зээний аяз”, “Могой хээр”, “Ширүүн хар” /морь/, Нүцгэн цавьдар“, “Харцага зээрд”, “Хөх нуурын тогоруу” зэрэг татлагууд хуурддаг. Харин
баруун монголд икэлийн татлага ба бии биелгээний татлага хэмээх өөр өөр зориулалттай аязууд буй. Биелгээний ая аялгуу нь тогтсон нэр устай, биелэх хөдөлгөөнд тохирсон аялгуу байдаг бол икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая гэх мэт төрлүүд байна.
“Сариг цагаан ингэ”, “Жороо морины явдал”, “Балчин хээрийн домог”, “Эйвийн голын усан”, “Дөрвөн Ойрадын уриа”, “Өрөөлт шарга морь”, “Бээжин шар ат”, “Үен улаан цар” гээд баялаг олон төрөл байдаг. Морин хуур нь эдгээр уламжлалт татлагуудаас гадна ардын уртын дууг дагнан тоглох, уртын дуучинтай хамсран тоглох хөгжмийн гол зэмсэг юм. Хуур, икэл нь уртын дуу, бии биелгээнээс гадна үлгэр, тууль, ерөөл, магтаал зэрэг ардын аман билгийн олон төрлүүдтэй ая хамсарч, тэдгээрийн салшгүй нэг хэсэг болж байдаг тухай судлаачид хэлсэн байдаг шүү дээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ