Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан нэгдсэн бодлогыг бүх шатанд, хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.
Тогтоол батлагдсанаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болох, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Тогтоолын дагуу:
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
- Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх;
- Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох;
Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
- Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих;
- Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
- Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
- Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох зэргийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.
Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөв, олон улсын зээл, тусламж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, хандив зэргээс бүрдүүлэх юм.