Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эмгэнэл


Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УБХ болон УИХ-ын гишүүн асан Жамбын Норовсамбуу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1943 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн, цаст буурал Сутайн өвөр бэлээр үеийн үед нутаглаж явсан өвөг дээдсийн удам Жамба хэмээх хүмүүний таван сайхан хүүхдийн дундах нь байв. Балчир бага насаа эцгийн голомтод өнгөрөөж, сумын бага сургууль, Ховд аймгийн арван жилийн I дунд сургууль төгсөж, 1965 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр, 1980 онд ЗХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн билээ.
Ж.Норовсамбуу ажлын гараагаа 1965-1970 онд Дорнод аймгийн Баянчандмань суманд малын их эмчээр эхлүүлж, 1970-1975 онд Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, 1975-1978 онд Хэнтий аймгийн “Онон” сангийн аж ахуйн даргаар ажиллаж, залуу халуун насныхаа 13 жилийг Монголын дорнод бүс нутгийн хөгжлийн төлөө зориулжээ. Улмаар 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн үр тарианы сангийн аж ахуйн дарга, 1984-1986 онд Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1992 он Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1992 оны I-VII сард Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2008 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж, ухамсарт амьдралаа тэр чигээр нь Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан туршлагатайтай улстөрч, монгол төрийн тулхтай түшээ байв. Түүний ажил амьдралыг хоёр том үед хуваан үзэж болно. Залуу насны эрч хүч, эрдэм боловсролоо  улс орны МАА, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт зориулж, Сэлэнгэ аймагт 1986-1992 онд ажиллах хугацаандаа улсын түүхэнд хамгийн их буюу 323.300 тонн ургац хураан авч байсан дурдах амжилт, дуурсах алдартай сайн удирдагч, манлайлагч байв.
Ард түмнийхээ гүнд орж, ажил амьдралын туршлага суусан Ж.Норовсамбуугийн мэдлэг чадвар нийгмийн шинэ харилцаанд шилжиж буй Монголын төрд хэрэгтэй болсны улмаас түүний ажил амьдралын хоёр дахь чухал үе буюу төрийн зүтгэлтний замнал 1992 оноос эхэлсэн.
Тэрбээр улс төр, намын бодлогыг тусад нь салгах үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын Парламентын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан анхны парламентын гишүүн байв. 1992 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт МАХН-аас нэр дэвшиж, парламентын түүхэнд хамгийн өндөр хувь(83.5%)-иар сонгогдож байсан Ж.Норовсамбуу 2000-2008 онд Төрийн албаны зөвлөлийн анхны даргаар ажиллахдаа төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, улс төрөөс ангид байлгах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой боловсронгуй болгоход чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг удирдагч юм.
Түүний ажил хөдөлмөр, төр түмний төлөөх хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, Ардын хувьсгалын ойн медалиуд болон “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус хоёр  удаа, мөн Сүхбаатарын одонгоор шагнажээ. 
Ж.Норовсамбуу нь аливаа ажил хэрэгт зарчимч хатуу шаардлага тавьдаг, дутуу дулимаг, буруу хазгайг үзэж чаддаггүй ч хүмүүний амьдрал, хувь заяаны асуудалд холч уужим ухаанаар ханддаг, уудам Монгол орны хаана ч очсон миний нутаг, монгол хүний л нутаг гэсэн эх оронч сэтгэлтэй, эртнээс нааш монгол түмэн төрийн хүнийг шинжиж ирсэн эерэг сайн зан чанарыг агуулсан жинхэнэ удирдагч байв. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс сургийн газраас алдартай Сутай хайрхан шиг өмөг түшигтэй, холын газраас алдартай Ховдын цэнхэр уулс шигээ хурц сэтгэлгээ, галтай залуу насаа үдсэн Дорнын их тал шигээ уужим талбиун занг нь ямагт магтан ярьж, талархан бахархдаг билээ.
Манлай удирдагч, төрийн зүтгэлтэн Ж.Норовсамбуу Таны төр түмний төлөө гэсэн сэтгэл, хөдөлмөрч, хичээнгүй, эгэл даруу, нөхөрсөг зөөлөн, хүнлэг энэрэнгүй, аливаад тууштай ханддаг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, Монголын төрд зүтгэж байгаа болон ирээдүйд хүчээ өгөх үе үеийнхэнд үлгэр дуурайл болсоор байх болно. Таны төр түмнээ хэмээн итгэл сэтгэлээ зориулж байсан үйл хэргийг залгамж хойч үе бид нэр төртэй үргэлжлүүлж, Монгол Улсынхаа мандал бадралын төлөө хичээн зүтгэх болно.
Та минь Тэнгэрийн оронд амгалан нойрс доо.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ