Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар өчигдөр /2022.05.08/ 14:30-15:00 цагийн хооронд салхины хурд 23 м/с хүрч шороон шуурга шуурчээ. Хүчтэй шуурганы улмаас тус сумын Соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларсан байна. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Ойрын өдрүүдэд тус аймгийн нийт нутгаар салхи шуургатай байгаа бөгөөд 10, 11-нд говийн нутгаар 9-14м/с, түр зуур 16-18м/с давж ширүүсч шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв. Мөн 11-нд хангайн ихэнх, хээр талын нутгийн зарим газраар, 10-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Энэ сарын 12-ныг хүртэл сэрүүсч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Харин 13-наас дулаарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх аж.