"Архангайн амьдрал" сонины редакциас санаачлан 2015 онд аймгийн байгалийн ес, түүхийн ес, нийт 18 гайхамшгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнээс түүхийн есөн гайхамшгийг цувралаар оруулж байна. /Цуврал-1: Хөшөө Цайдамын дурсгал/
Хашаат сумын төвөөс 18 км зайд орших “Хөшөө Цайдам”-ын музейд VIII зууны Түрэг улсын их хаан Билгэ, цэргийн жанжин Куль-Тегиний гэрэлт хөшөө бий.
ТүрэгийнIIхаант улсыг үндэслэн байгуулагч Эльтерес хааны отгон хүү Куль-Тегин нь 16 наснаасаа төрийн хэрэгт хүчин зүтгэж, өөрийн ах Билгэ хааны улс төр, эдийн засаг дипломат бодлогыг хэрэгжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасаа зориулсан цэргийн жанжин байжээ. Тэрбээр 731 онд 47 настай таалал төгсөхөд дурсгалд нь зориулсан энэ тахилын цогцолбор шүтээний сүмийг 732 онд босгожээ.
Том яст мэлхийн нуруунд углуургадан суулгасан 3,33 метр өндөр, 1,32 метр өргөн, 0,46 метр зузаан гэрэлт хөшөө босгож, Куль-Тегин жанжны түүхэн үйл явдлыг Түрэгийн руни болон нангиад бичгээр сийлж бичсэн ажээ. Энэхүү бичгээс нь "Орхоны бичээс" гэж дэлхийд алдаршсан байна.
Куль-Тегиний дурсгалаас өмнө зүгт нэг км орчим зайд Билгэ хаанд зориулан босгосон шүтээний цогцолбор, тахилын онгон бий. Билгэ хааны хөшөө нь мэлхий суурин дээр байрласан бөгөөд өндөр нь 3,45 метр, өргөн нь 1,47 метр, зузаан нь 0,75 метр хэмжээтэй. Гурван талдаа Түрэг бичээс, хойд талд нь хятад бичээстэй.
Билгэ хаан Түрэг улсын төрийг бэхжүүлэх, эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд 716 онд төрж, 734 оны 11 сарын 25-нд нас барсан гэж үздэг. Билгэ хаан болон түүний хатны цагаан гантиг хөшөөг Монголын үндэсний музейд шилжүүлжээ.
Энэхүү гэрэлт хөшөөний бичээс нь дэлхий дээрх Түрэг бичгийн зургаан том дурсгалын нэгэнд ордог бөгөөд Монгол нутаг дахь Түрэг бичгийн дурсгалуудын хамгийн том нь юм. 1961 онд улсын хамгаалалтад авсан.