Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онц хэрцгийгээр хөнөөгдсөн байж болзошгүй хүний араг яс олджээ


Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрээс хүний араг яс олджээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 21-нд АСА циркийн урдхан талд байрлах “Шинэ хонгор интернэшнл” компанийн барьж буй оффис, үйлчилгээний барилгын хажуугаас хувцас, хөнжилд боосон яс гарч иржээ. Энэ талаарх мэдээлэл Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэлийн мэдээллийн зарим нэг сайтаар цацагдсан юм. Гэтэл дөрөвдүгээр сарын 22-ноос хойш уг мэдээлэл тухайн сайтуудаас устгагдаж, алга болсон. Энэ тухай мэдээллийг сайтуудын мэдээллийн сангаас хэн, яаж устгасан нь тодорхойгүй байна. Бид энэ хэргийн талаар сурвалжиллаа. 
Араг яс олдсон газарт биднийг очиход “Шинэ хонгор интернэшл” компанийн барьж буй 14 давхар, шилэн хар барилгын хажуугаар энд тэндгүй нүх ухсан байв. Эргэн тойрон ухсан нүхийг ажвал, олонх нь жижиг хэмжээтэй байсан юм. Харин тус барилгын зүүн талд хоёр метрийн урттай, 1.5 метр өргөнтэй газар ухаж, сэндийчжээ. Ухсан нүхнээс гарсан бололтой овоолсон шороо, хувцас, шилэн хөвөн, тоосго хэргийн газарт байлаа. Бүр тодруулбал, даавуун материалтай хажуу талдаа халаастай ногоон өнгийн өмд, улаан хүрэн өнгөтэй болов уу гэмээр гандаж, муудсан цамц, саарал өнгийн даавуунууд байв.
Мөн илжирч, өмхийрсөн 1-2 метрийн урт хэмжээтэй шилэн хөвөн байсан юм. Харин ухсан нүхний дотор талын зүүн хананд долоон эгнээ тоосго давхарласан байв. Улаан өнгийн тоосго дөнгөж, үл ялиг цухуйж харагдана. Үүнийг харахад барилгын суурь байсан нь илт харагдаж байлаа. Түүнчлэн нүхний хойд талын хананд дулааны шугам хоолойн цементэн хана байлаа. Өөрөөр хэлбэл, яс гарсан нүхтэй залгаа дулааны шугам хоолой байрлаж байсан гэсэн үг.

ШАР ӨНГИЙН ЦАМЦАНД БООСОН, ЖИЖИГЛЭГЧИХСЭН ЯСНУУД ГАРЧ ИРСЭН

Дээрх нүхийг тус барилгынхан анх саравч барих зорилгоор ухжээ. Гэтэл ухаад удаагүй буюу ганцхан метр ухахад, цамцанд боосон үл мэдэгдэх яс гарж ирсэн гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тус барилгын инженер н.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулаа.
-Танай барилгын хажуу талаас хүний араг яс олдсон гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юү?
-Манай барилгын гадна талын ажил дуусаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт барилгын зүүн талд саравч барихаар нүх ухсан юм. Өглөө буюу 10:00 цаг өнгөрч байхад ажлаа эхэлсэн. Нүх ухаж байсан туслах ажилтан маань цамцанд боосон, үл мэдэгдэх яс гарч ирсэн талаар бидэнд хэлсэн. Хэлсэн ч гэж дээ, бид бараг хажууд нь зогсож байсан юм. Тэгээд цагдаагийн 102 утсанд “Үл мэдэгдэх яс гарч ирлээ” гээд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид 11:00-18:00 цаг хүртэл ухаж байсан нүхэнд ажилласан. Бид хүрзээр нэг метрийн хэмжээтэй газар ухахад тийм яс гарч ирсэн. Харин албаныхан экскватораар хоёр метр хүртэл ухаад, байсан бүх ясыг аваад явсан.
-Тухайн үед та нар яаж хүний яс гэдгийг мэдэж, дуудлага өгсөн бэ?
-Хүний яс гэдгийг нь бид мэдэхгүй. Цагдаа болон шүүх эмнэлгийн шинжээч нар хүний яс байх магадлалтай байна гэж хэлсэн. Шар өнгийн цамцанд боочихсон, жижигхэн яснууд байсан. Хүний яс ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор тодорхойлж хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн чөмөгний яс олон байсан. Мөн энэ газраас хүний бүтэн яс гараагүй гэсэн. Тэгэхээр дутуу гэсэн үг.
-Олдсон яснууд хэдий хэр удаан газар дор байсныг мэдэх боломжтой байсан уу. Эсвэл хувхай цайрсан яс юм болов уу?
-Бүр айхтар хувхай цайраагүй байсан. Шар ч гэмээр юм уу, цайвар өнгөтэй. Мөн зарим яс нь шар цамцанд боолттой байсан ч нөгөө хэсэг нь энэ тэндгүй байсан гэсэн.
-Цагдаагийн байгууллагаас яс гарсан газраас өөр энэ хавьд шалгалт хийсэн үү?
-Хийгээгүй. Нүх ухаж байх явцдаа ч бидэнд юм хэлээгүй. Харин биднээс ганц, хоёр зүйл асууж, утасны дугаар бүртгээд явсан. Цагдаа дээр энэ хэргийн бүх мэдээлэл байгаа учраас бидэнд ярих юм алга. Нүх ухаж, бидэнд мэдээлсэн ажилтан өнөөдөр ажилдаа ирээгүй.

“ЯС БООЧИХСОН ЦАМЦ НЬ ОРЧИН ҮЕИЙНХ БАЙСАН ГЭХЭЭР ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨХ ХЭРЭГ БАЙЖ МАГАДГҮЙ”

Яс олдсон газар нь нийслэлийн 31 дүгээр сургуультай залгаа оршдог аж. Мөн машин болон явган хүний замын хажуу талд байрладаг. Тухайн өдөр цагдаа нар бүтэн өдөржин хэргийн газарт ажилласан байна. Энэ талаар тус барилгын гадаад фасадны ажилтан Л “Би фасадны ажил хийж байсан тул сайн мэдэхгүй. Харин өглөө ирэхэд нүх ухаж байсан хүмүүс сандралдаж, ийш тийшээ гүйлдээд байсан юм. Төд удалгүй цагдаагийн олон машин ирээд, том машин дуудаж, нүхээ үргэлжлүүлэн ухсан. Сонсох нь ээ, хүний хэдэн ширхэг яс олдлоо гэсэн. Мөн шүүх эмнэлгийн шинжээч нар ирж, зураг хөрөг аваад л явсан даа.
Траншейний нүхний хажуу талаас хүний яс гарсан гэдэг сонин. Хажууд нь бэлэн тагтай, дулааны шугам хоолойн нүх байж байхад, дахиад нүх ухаж булсан гэдэг нь хачирхалтай байгаа биз. Яс боочихсон цамц нь орчин үеийнх байсан гэхээр хэдхэн жилийн өмнөх хэрэг байж магадгүй. Мөн энэ хавиарх хүмүүс дээр үеийн шарил байж магадгүй гэж ярьж байгаа” хэмээв. 

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ 21-30 ХОНОГИЙН ДАРАА ГАРНА

Тухайн яс нь бусдын гарт онц хэрцийгээр хөнөөгдөж, нас барсан хүнийх байж болзошгүй гэнэ. Хэрэгтэн хэргээ нуухын тулд цогцсыг мөчилж, жижиглэн газарт булсан байж магадгүй аж. Мөн цогцсыг хэдэн хэсэг хуваан, олон газарт булсан байх магадлалтай. Учир нь, тухайн газраас олдсон яснууд бүрэн биш байгаа гэнэ. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодруулахад “Тухайн ясыг шинжилж байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт 21- 30 хоногийн дараа гарна. Хэдий хэр удсан яс байна, төдий чинээ хариу нь удаж гарах байх” гэсэн юм.
Шүүх шинжээчийн дүгнэлт гарч байж хэдэн жилийн өмнө нас барсан хүний цогцос, хүйс зэрэг нь тодорхой болох аж. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг томилж, тэр хавиас алга болсон хүмүүсийг шүүж үзэх гэнэ. Хэдэн онд болсон хэрэг гэдгийг нь мэдчихвэл, Сүхбаатар дүүргийн III хорооноос алга болсон хүмүүсийг бүртгэлийг сөхөж, тухайн үеийн өмсөж явсан хувцсаар нь эрэн сурвалжилж, хэргийг илрүүлэх боломжтой. Мөн ясаар нь ах, дүү хамаатан садан байж болох хүмүүстэй харьцуулан ДНХ-ийн шинжилгээ хийх юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ