“Төсвийн хөрөнгө оруулалтад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр Ховд аймагт боллоо. Энэхүү сургалтын үйл ажиллагааг “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Жавхлант гэрэлт ирээдүй” ТББ, “Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.
Сургалтын зорилго нь нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, төсвийн хөрөнгө оруулалтад эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жендэрийн тухай ойлголтыг сайжруулахад чиглэж байв.
Энэ удаагийн сургалтад Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож байна. Тэд сургалтын үр дүнд нийгмийн эгэх хариуцлага, төсвийн хөрөнгө оруулалт, ил тод байдал, иргэдийн оролцоо, жендэр ба хөгжил, амьдралын зөв хэвшил, харилцаа, хандлага, аливаа өвчлөлөөс сэргийлэх боломжуудын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон.
Судалгаанаас үзэхэд төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, эгэх холбоо, хяналт сул байдаг. Иймээс энэ удаагийн сургалтын үйл ажиллагааны нэг чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг иргэд үнэлэх, санал хүсэлтээ өгөх, чанар хүртээмжид хяналт тавихад иргэдийн оролцоог хангах байлаа.