Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Мөнхцолмон: Аливаа зүйлст тоо баримттай, шинжлэх ухаанч, төлөвлөгөөтэй хандах хэрэгтэй


Улсын аварга фермер "Жигд хүч" ХХК-ийн ерөнхий менежер Батбилэгийн Мөнхцолмонтой ярилцлаа
-2021 оны Улсын аварга фермерээр шалгарсанд баяр хүргэе. Юуны түрүүнд компанийхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?
-"Жигд хүч" ХХК нь 2005 онд анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлж "Улаанбаатар" нэрийн майонез үйлдвэрлэн 14 жилийн турш тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм. 2007 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад оруулж байсан. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд түүхий эдийг өөрсдөө боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Иймд сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулах төслөө эхлүүлсэн бөгөөд “Шим Агро” фермийг 2018 оны 2 дугаар улирлаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Европ стандарт бүхий бүрэн механикжсан 100 саалийн үнээний ферм болон өсвөр үхрийн бааз бүхий үржлийн аж ахуй барьж байгуулсан. 

- Анх уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг байсан байна. Ямар учраас эрчимжсэн мал аж ахуйг эрхэлж эхлэв? 
- Уламжлалт мал аж ахуйн хувьд бэлчээрийн даац хэтрэх, цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлт гэх мэт маш олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Иймд бэлчээрийн мал ахуй эрхэлдэг иргэдтэй нэгдэн энэхүү фермийг дөч гаруй үхэртэй эхэлж байсан. Эрчимжсэн мал ахуй нь нэг малаас авах ашиг шимийг өндөр байлгахад утга нь оршдог. 
-Анх дөчин үхэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ферм өнөөдрийн байдлаар хэр өргөжин тэлсэн бэ? Үхрийн үүлдрийн талаар? 
- Өнөөдрийн байдлаар 100 гаруй үхэр байна. Үүнд тугал, бяруу зэрэг багтсан бөгөөд саалийн үнээ 53 байна. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан сүү, махны хосолмол ашиг шимт “Алатау” үүлдрийн үхэрт суурь зохиомол хээлтүүлэг хийдэг Швейцар улсаас гаралтай Brown swiss үүлдрийг нийлүүлдэг. Олон улсад өргөн тархсан өндөр гойд ашиг шимтэй үүлдэр гэдгээрээ танигдсан. Эцэг үүлдрээс зохиомол хээлтүүлэг хийж тугалыг өсгөн бойжуулж байна. Өдрийн дунджаар нэг үнээнээс 20 гаруй литр сүүг авах боломжтой. Сүргийн дунджаар сард нэг үнээнээс 5200 литр цаашлаад хамгийн шилдэг гэсэн үнээнүүдээс 8300 литр сүүг гарган авч байна. Өнгөрсөн жилийн хувьд 275 тонн сүү үйлдвэрлэсэн. Энэ нь дэлхийн стандартад нийцэхүйц бараг илүү гарах тоо мэдээлэл гэж ойлгож байна. Энэхүү түүхий эд нь "Улаанбаатар" сүү, сүүн бүтээгдэхүүн болон гарч иргэдийн гарт хүрч байна. 
- Фермийн үйл ажиллагаанаас гадна газар тариалан эрхэлдэг. Үүний талаар товч мэдээлэл өгвөл? 
- Фермийн үйл ажиллагааг өвс тэжээл буюу газар тариалангаас салгаж төсөөлөхийн арга үгүй. Иймд бид худалдаж авахаас илүүтэй өөрсдөө өвс, ногоон тэжээлээ бэлтгэдэг болсон. Баяндэлгэр суманд 400 га газар тариалангийн эргэлтийн талбайтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол орны нөхцөлд ургах бүрэн боломж бүхий улаан буудай, вандуй, овъёос, ногоон тэжээлийг тарьж ургуулдаг. 2020 оны Аймгийн аварга тариаланч, мөн тус оны Аймгийн аварга фермерээр шалгарч байсан амжилттай. 
-Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй залуусдаа хандан зөвлөгөө өгвөл? 
-Би өөрөө хүнсний чиглэл тэр дундаа, сүүний чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж байсан. Аливаа зүйлст харанхуй хандаж болдоггүй гэж боддог. Тэр дундаа фермийн аж ахуй бол өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухааны стандартад суурилж байж үйл ажиллагаа нь алдагдалгүй үргэлжилж чадна. Жишээлбэл фермийн дотоод агаарын хэм нь нэмэх 5-25 градус байх ёстой. Энэхүү стандартаас халуун болон хүйтэн байхад л үхэр стресстэж сүү нь татрах асуудал үүсдэг. Иймд аливаа зүйлст тоо баримттай, шинжлэх ухаанч, төлөвлөгөөтэй хандаж байгаарай гэж хэлмээр байна. 
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ