Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Баяннамсрай: Цахилгааны гэмтлийн үед шөнийн хэдэн цагт ч хамаагүй дуудлагад явдаг

“Увс Цахилгаан түгээх сүлжээ”ХХК-ийн Ашиглалтын мастер Ж.Баяннамсрайтай ярилцлаа. Тэрбээр сүүлийн 33 жилийн хугацаанд засварчин, гагнуурчин, цахилгаанчин, ашиглалтын мастер зэрэг албан тушаалыг хашиж иржээ.
-Таны намтар түүхээс яриагаа эхлэх үү?
-Би 1968 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Аравдугаар анги төгсөөд хоёр жилийн цэргийн алба хааж ирээд 1989 онд аймгийнхаа Цахилгаан түгээх станцад дизелийн засварчин, гагнуурчнаар ажилд орж байлаа. 1997 онд ОХУ-аас Баруун таван аймаг цахилгаан эрчим хүч авдаг болсноор дизель станц зогссон. Үүний дараа мэргэжил дээшлүүлэх сургалт болон ажлын байрандаа практикаар суралцаж, 1998 оноос цахилгаанчин, монтёр, 2015 оноос ашиглалтын мастераар ажиллаж байна. Ашиглалтын мастер нь цахилгааны саатлын үед шуурхай ажиллагааны засварын багийг удирдаж ажилладаг. Мөн хөдөөгийн 18 сум, аймгийн төвд цахилгаан эрчим хүчийг аюулгүй, найдвартай түгээх техникийн ажлыг хариуцдаг. Цахилгааны гэмтэл гарвал шөнийн хэдэн цагт ч хамаагүй засварын ажилчдаа аваад дуудлагад явдаг.
Дизель станц ажиллаж байх үед дизель хуучраад Улаангомын хагас нь тоггүй, гэр хорооллын айл өрхүүд олон хоног харанхуй байдаг байлаа. Хожмоо эрчим хүчний тасалдал буурч, өнөөдөр хэрэглэгчдэд хүндрэл үүсэхгүй байна. Сүүлийн жилүүдэд цаг хугацааны давтамжтай цахилгааны томоохон гэмтэл үүсэж байгаа нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Манай хамт олон гэмтлийг засварлах ажлыг хариуцлагатай, шуурхай хийж ирсэн.
-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн цахилгааны томоохон гэмтлийн үед засварын багийг удирдаж ажилладэг гэлээ. Энэ талаар тодруулж ярих уу?
-Сүүлийн 30 жилийн хугацаанд 10 жилийн давтамжтай томоохон цахилгааны гэмтэл гарсан. Тодруулбал, 1998 онд хүчтэй салхины улмаас ОХУ-аас баруун таван аймаг руу татсан цахилгаан дамжуулах агаарын 28 шон унасан. Тэр үед засварын ажил хавар эхлээд намар хүртэл үргэлжилж байлаа. 2008 онд мөн тулгуур багана унаж, 14 хоногийн дараа засварын ажил дууссан. Хамгийн сүүлд 2018 онд цахилгааны 3 шон унаж, 72 цагийн дараа гэмтлийг бүрэн засварласан. Өнгөрсөн хугацаанд ажил мэргэжлийн хүрээнд бүхий л цахилгааны гэмтэл, саатлын үед хамт олонтойгоо нэг баг болж ажилласан. Залуу байхад Санжжав, Сайнхүү, Бямбадорж, Гантөмөр зэрэг ахмад үеийн чадварлаг ажилчдаас суралцаж, ур чадвараа дээшлүүлсэн байдаг. Салбартаа өдгөө 33 жил ажилласан байна, удахгүй хэдхэн жилийн дараа тэтгэвэртээ сууна.
-Цахилгааны ажил аюулгүй ажиллагаа талаасаа хариуцлага өндөр байдаг байх?
-Ховд аймгийн Зэрэг сумын чиглэлд цахилгааны шугам унах үед тулгууруудыг босгох ажилд 15 хоногийн турш бригадаараа ажиллаж байлаа. Өвлийн хүйтэнд ажиллахад эрсдэл ихтэй. Цахилгааны ажил бол хүний нүдэнд харагдахгүй, дуу чимээ байхгүй болохоор аюулгүй ажиллагаа чухал байдаг. Мөн хүн удирдах, тэдний аюулгүй байдлыг хангах нь том хариуцлага. Манай хамт олон бол минийхоёрдахь гэр шүү дээ. Сайхан ах нарынхаа шавь болж ажиллаж байсан бол одоо дүү нартайгаа хамт ажиллаж байна. Залуу үе маань бидний ажлын үргэлжлэл гэдэг утгаараа мэдэх, чадах зүйлээ харамгүй хэлээд л явдаг. Миний хувьд ажлын цагийг барих дуртай. Ажлыг чанартай, сэтгэлээсээ хийхийг чухалчилдаг. Ялангуяа цахилгааны ажил бол дутуу дулимаг, чанаргүй хийж боломгүй аюулгүй ажиллагааны ажил учраас алхам тутамд л хянамгай байх хэрэгтэй.
-Эрчим хүчний салбарын үйлчилгээнд гарч буй  дэвшлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай салбарын үйлчилгээ, техник жил тутамд хөгжиж байна. Цахилгааны тоолуур хүртэл ухаалаг болсон. Байцаагч өөрийн биеэр очиж заалт авах, бичилт, таслалт хийх шаардлагагүйгэх мэт олон давуу талтай болсон. Алдагдал ихтэй хэсэгт нэн түрүүнд ухаалаг тоолуурыг нэвтрүүлж байгаа бол цаашид нийт хэрэглэгчийг бүрэн ухаалаг тоолууртай болгоно.
Засварын шуурхай багийн хувьд хөдөө явж ажиллахад машин, техник хэрэгсэл сайжирсан. Бид ажлын 8 цагаар ажилладаг боловч гэнэтийн гэмтэл гарвал илүү цагаар ажиллана. Энэ ажилдаа дасчихсанболохоорбэрхшээгээд байдаггүй. Олон жил сайхан хамт олныхоо дунд ажиллаж, амьдралын хэрэгцээгээ хангаж байна. Бидний ажил хариуцлага өндөртэй учраас утас унтрааж болохгүй, сүлжээгүй газар явах бол урьдчилан мэдэгдэх гээд албан хаагчдаас хариуцлага шаарддаг.
-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?
-Манайх гурван хүүтэй. Гэр бүлийн хүн маань мөн энэ салбарт ажиллаж байсан. Том хүү механикийн инженер мэргэжилтэй, саяхан манайд ажилд орсон. Удаах хоёр хүү маань сэргээгдэх эрчим хүчболоннийтийн хоолны салбарт ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандхоёрудаа “Байгууллагын аварга”, салбарын ойн медалиуд, “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, ”Тэргүүний мастер” зэрэг шагнал хүртэж байлаа. Ярилцлагын төгсгөлд мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо ажлын амжилт хүсээд бидний ирээдүй болсон залуу үе маань эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байхыг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ