Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

500 гаруй мянган иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай


УИХ-ын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч ээлжит бус чуулган зарлалаа.  Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгсний дагуу Засгийн газар төсвийн тодотголын төслийг шуурхай боловсруулж УИХ-д өргөн барилаа. Энэ дагуу баасан гарагт холбогдох бүхий л байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхний хэлэлцүүлгийг хийгээд байна.  Ээлжит бус чуулганыг нээх үеэр спикер “Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна” гэдгийг онцлов. Нийт 500 гаруй мянган иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 637 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Энэ мөнгийг Богд Зонхова, айрагны өргөө зэрэг шаардлагагүй бүтээн байгуулалтын төсвийг царцаах, дараа жилд шилжүүлэх замаар шийдвэрлэх юм. Үүнтэй холбоотойгоор ЕТГ, УИХ-ын дарга, Ерөнний сайд, Сангийн сайд нарын байр суурийг тоймлон хүргэе.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 322.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВсан
 
-2021 оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.6 хувьтай байна. Экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө давж биелж, Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ мэт эерэг үзүүлэлтүүд байгаа хэдий ч оны сүүлийн хагаст үүссэн тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлт зэрэгтэй холбоотойгоор экспорт, гадаад дотоод худалдаа хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулаад байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд таагүй нөлөөлж байна. Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол тэтгэврийн орлогоороо амьдардаг өндөр настнууд, халамж тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд юм.  2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж гурав дахин нэмэгдэнэ хэмээн төсөөлж, төлөвлөж байна.
 
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВДАГ 197 МЯНГАН АХМАД НАСТАН  БАЙНА
 
-Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган ахмад настан байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 421 мянган төгрөг байсан. Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна. Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, мөн бусад тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сар бүр 288 мянган төгрөг болгож, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй 71 мянган иргэн, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган иргэн, нийлээд 500 мянга гаруй иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр болж байна. Иргэдийн амьжиргааг хамгаалах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийн бус зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих зэрэг ажилд анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2022 ОНЫ ТӨСВИЙН ЗАРДАЛ НЭМЭГДЭХГҮЙ, ОРЛОГО БУУРАХГҮЙ
 
-Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно. Дээрх арга хэмжээг нэмэгдүүлэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй. Олон эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай.  Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна. Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой.
 
Сангийн сайд Б.Жавхлан:  ЦАРЦААСАН ТӨСЛҮҮДИЙГ 2023 ОН РУУ ШИЛЖҮҮЛСЭН
 
-Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн. Царцаасан төсөл арга хэмжээнүүдийг төслөөс хасаагүй, төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн .
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ