Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар Дөргөн нуурын мөсөнд цөмөрч суусан хоёр дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эхний дуудлагыг өчигдөр /2022.01.23/ 05:48 цагт хүлээн авч Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 100 км замыг туулан иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч, 10 метрийн гүнд живсэн байсныг 15:05 цагт татан гаргасан байна.
Удаах дуудлагыг мөн өдрийн 12:15 цагт хүлээн авч, “Дөргөн” нууранд мөн өдрийн 08:00 цагт очиж, үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Н-ийн ”Приус-10” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 16:15 цагт татан гаргасан байна. Иргэн Н Дөргөн сумаас “Сэвтэй” гэдэг газрын чиглэлд зорчин явж байхдаа ийнхүү суужээ.
“Уур баагьдаг” гэдэг газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км-т оршдог юм байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Түүнчлэн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.