Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжив



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжив.

Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг сайд мэдээлэлдээ онцолсон. Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар боловсруулсан анхдагч хуулийн төсөл 7 бүлэгтэй юм байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой гэж сайд танилцуулсан юм. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулснаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ гэлээ.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэхээс гадна биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэх ач холбогдолтой гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, уул уурхайн компаниуд хилийн цаана компани байгуулдаг, ашгийг нь хилийн цаана авдаг, байгалийн баялгийн үр өгөөж хилийн гадна үлддэг асуудлыг ярих цаг болсон. Биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг явуулах нь зөв. Ингэснээр татвараа ч бүрэн авах боломж бүрдэж, авлигын асуудал ч буурах болов уу гэж үзэж байна. Тавантолгойн нүүрсийг аман дээрээ 120 ам.доллараар зарж байхад хилийн цаана 400 ам.долларын ханштэй байдаг. Энэ мэт асуудлыг олон жил ярьсан. Одоо ярих цаг нь болсон гээд бид хуулиа баталчихаад биржийн үйл ажиллагааг хаагуур, хэрхэн явуулах вэ. Хөрөнгийн биржээр дамжуулах уу, тусдаа платформ байгуулж арилжааг явуулах юм уу гэсэн асуулт тавьсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Түүхий эдийн болоод уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо шинэ зүйл биш. Монголоос бусад орнуудад бий болоод байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дээр 198 таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна. Австралийн хөрөнгийн бирж таваарын худалдааг нэг пламформ дээр хавсран явуулжбайна. Бусад газар хөрөнгийн биржийн болон таваарын биржийн үйл ажиллагаа тусдаа явдаг юм байна. Улс орнуудын бараа бүтээгдэхүүний биржийн хөгжлийг харахад ашигт малтмалын бараа бүтээгдэхүүний гэх мэтээр салбарлаад хөгжих хандлагатай байгаа. Манай хувьд хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зөөлөн дэд бүтцийг ашиглах боломжтой. Хөдөө аж ахуйн бирж тусдаа өөр программ хангамжаар явдаг. Өнөөдөр бид биржийн эрх зүйн орчныг бий болгоод дараа нь хөрөнгийн биржтэй ойр байлгах уу, хөдөө аж ахуйн биржээр арилжаа явуулах уу гэдгээ ярилцах боломжтой гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эрдэс түүхий эдийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээвэр логистик, боловсруулах асуудлыг нь онцгой анхаарах, уул уурхайн биржийн үйл ажиллагааг орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан байдлаар хуулинд тусгах, биржийг байгуулахад гарах эрсдэлээ судлах, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ хуулийн төсөл нь томоохон ашиг сонирхолтой, улсын урт хугацааны эдийн засгийн системийн асуудлууд тул сөрөг хүчний оролцоог хангах,  уул уурхайн төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх, газар доорх нөөцөд хөрөнгө оруулалт хийхэд эрх зүйн орчныг бий болгох, ажлын хэсэгт орж ажиллах, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үзэл санааг өөрчлөхгүй байх, чөлөөт өрсөлдөөнийг нэмж хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэг цонхны бодлогоор борлуулалтаа хийх, төрийн болон хувийн хэвшлийн оролцоог ижил түвшинд хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах, газрын доорх баялгаа үнэлэхэд анхаарах, биржийн үнэлгээгээ зөв хийхэд анхаарч ажиллах гэсэн саналыг хэлж хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ