Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

​CEPI: Хэн их мөнгө төлсөнд нь бус, хэрэгцээтэй хүмүүст нь коронавирусийн вакциныг түрүүлж нийлүүлнэ

Вакцин боловсруулагчдыг санхүүжүүлэгч олон улсын төр, хувийн хэвшлийн “CEPI” нийгэмлэг хэрэв коронавирусийн эсрэг анхны вакцин гарсан тохиолдолд дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй нийлүүлэх асуудалд шахалт үзүүлэхээ мэдэгдлээ. Тус байгууллага коронавирусийн эсрэг вакцин боловсруулах ажлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын хандивлагчдаас хоёр тэрбум ам.долларын хөрөнгө босгохоо зарласан. Одоогоор 915 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлээд байгаа юм.
“CEPI”-гийн Австралийг хариуцсан захирал Жэйн Халтоны мэдэгдсэнээр тус байгууллага их мөнгө төлсөн улс орнуудад бус хамгийн их хэрэгцээ, шаардлагатай орнуудад өөрсдийн боловсруулсан вакцинаа түрүүлж нийлүүлэх амлалт өгсөн вакцин боловсруулагчдыг санхүүжүүлэх аж.
Тэрээр энэ талаар “Бид энэ асуудлыг маш нухацтай авч үзэж байгаа. Учир нь аль нэг вакцин эмнэл зүйд нэвтэрлээ гэхэд түүнийг дэлхийн хүн амын дунд тэгш, шударгаар хуваарилах ямар ч боломжгүй. Бидний хувьд хамгийн их мөнгө төлсөн улс, орнуудад вакциныг түрүүлж нийлүүлэх асуудлыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 2009 оны H1N1 цар тахлын үед өндөр хөгжилтэй орнууд вакциныг олон тоогоор, өндөр үнээр урьдчилан захиалсны улмаас вакцин нэн шаардлагатай байсан ядуу буурай орнууд дарааллын гадна үлдсэн явдал тохиолдож байв. Мөн 2014 онд баруун Африкийн дэгдсэн эболагийн эсрэг вакцин гаргах ажилд томоохон биотехнологийн компаниуд болон хөрөнгө оруулагчид идэвхи гаргалгүй байсаар 11000 гаруй хүн нас барсан байдаг. Оксфордын их сургуулийн судлаач Адриан Хиллийн хэлснээр хэдий эболагийн эсрэг вакцины судалгаанууд дэлхийн олон оронд хийгдэж байсан ч вакцин борлуулах жижиг зах зээлээс хамааран сайн дурын хандивлагчдыг эс тооцвол хөрөнгө оруулалт тун хомс байсан аж.
Харин өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, дэлхийн хэмжээнд 100 гаруй тусдаа судалгаа хийж байна. “CEPI” өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг 115 өөр судалгааг бүртгээд байгаа аж. ДЭМБ дөрөвдүгээр сарын 20-нд коронавирусийн эсрэг дэлхийн хэмжээнд хийгдэж буй 76 өөр боломжит вакцины судалгааны жагсаалтыг танилцуулсан. Үүнээс таван судалгаа нь клиникийн туршилтын шатанд шилжээд байгаагаас гурав нь БНХАУ-д, хоёр нь АНУ-д хамаарч байгаа юм. Харин үлдсэн 71 вакцины судалгаа клиникийн өмнөх туршилтын шатанд үргэлжилж байна.
Товчхондоо хамгийн түрүүнд клиникийн туршилтын үе шатуудыг амжилттай давж, хүний биед ямар ч сөрөг нөлөө, аюулгүй бөгөөд коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй гэдгээ баталж чадсан вакциныг ДЭМБ баталгаажуулна. Статистик тоо баримтыг авч үзвэл ямар ч өвчний эсрэг боловсруулсан нийт боломжит вакцинуудын ердөө зургаан хувь нь бүх туршилтын үе шатуудыг амжилттай давж, олон тоогоор үйлдвэрлэгдэн, эмнэл зүйд ашиглагддаг байна.
Тиймээс АНУ-ын Засгийн газар тус улсын биотехнологийн “Moderna” компани болон АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг вакциныг гарган авах ажлыг хурдасгах зорилгоор нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийгээд байна. Уг судалгаа нь клиник туршилтын нэгдүгээр шатанд үргэлжилж байгаа юм. Мөн АНУ-ын Био анагаахын дэвшилтэт судалгаа, хөгжүүлэлтийн газар клиникийн туршилтын үе шатыг түрүүлж давсан, боломжит вакцинуудыг олон тоогоор үйлдвэрлэх ажилд нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдсэн. Энэ мэтчилэн хөрөнгө оруулагчид тухайн вакцины үр дүнгээс үл хамааран хамгийн хурдан хугацаанд боловсруулагдан гарч, эмнэлзүйд нэвтрэх боломжтой вакцинд түлхүү хөрөнгө оруулах хандлага ажиглагдаж байгаа аж.  
Энэ хугацаанд одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо бараг гурван саяд хүрээд байгаа юм. Мэргэжилтнүүдийн хувьд вакцин гарган авах боломжит хамгийн ойрын хугацааг 12-18 сар гэж тооцож буй. Тиймээс “CEPI”-гийн тэргүүн Ричард Хатчет хөрөнгө оруулагч нарт хандан өнөөдрийн хийж буй вакцины судалгаанууд үр дүнтэй байх, клиник туршилтыг давж чадахаас үл хамааран, хэрэв нэг судалгаа амжилттай болсон тохиолдолд хэдэн зуун сая тунгаар шууд үйлдвэрлэх боломжийг хангахын тулд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг уриалсан байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters, The Guardian, WHO.int
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ