Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Банкны эздийн дангаар ноёрхлыг хуулиар “хуваана”

Монгол Улсын арилжааны аливаа банкны хувьцааны 20-иос дээш хувийг хэн нэгэн дангаар эзэмшихийг хориглох хуулийн төсөл боловсруулж буйг эх сурвалж дуулгав. Хувьцааны хэмжээ дээд тал нь 20 хувь байх санал гаргахаар яригдаж буй ч энэ нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ эл санаачилга нь банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэлээс ангид, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх учраас УИХ-ын гишүүд дэмжинэ гэж төсөөлж байна. Хэрэв нэг хуулийн этгээд хувьцааных нь 20 хүртэлх хувийг эзэмшихээр болбол тухайн банк дор хаяж таван хөрөнгө оруулагчтай байх нь. Ингэвэл ямар нэг шийдвэр гаргахын тулд таваас доошгүй хүн ярилцана гэсэн үг. Бас бие биеийнхээ үйлдлийг хянана. Энгийнээр хэлбэл, олон хөрөнгө оруулагчтай байх нь банкны засаглалыг сайжруулж, улмаар буруу хазгай гишгэхээс сэргийлнэ гэсэн зүй тогтолтой зохицуулалт аж.
Шинжлэх ухааны түвшинд авч үзвэл эдийн засгийн агентын буюу төлөөллийн онол гэж байдаг гэнэ. Уг онолын дагуу хувьцаа эзэмшигч буюу өмчлөгч нь удирдлагын эрхийг хэр тэнцвэртэй хангаж, хэрэгжүүлж байгаагаас хамаарч, тухайн банкны үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд тодорхойлогддог байна. Хувьцаа эзэмшигч нь банкаа удирдах Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг томилох зэрэгт шууд бусаар оролцдог. Энэ эрх нь хэтэрхий давамгай байдал үүсгэвэл эрсдэлтэй шийдвэр гаргах түвшин нь өсдөг аж. Харин эрх нь хэтэрхий сулраад эхэлбэл хувьцаа эзэмшигч зөвхөн өмчлөгч болж хувираад, банкны ТУЗ, гүйцэтгэх захирал өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах эрсдэл үүсдэг байна. Тиймээс дээрх хоёрын тэнцвэрийг хангах нь маш чухал гэнэ.
Монголд одоогоор 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрийн хувьцааны 60-аас дээш хувь нь 1-3 хүнд төвлөрчээ. Жишээ нь, манайдаа томд тооцогдох Худалдаа хөгжлийн банкны 65, Улаанбаатар хотын банкны хувьцааны 99.99 хувийг Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын 87 хувийг Д.Баясгалан, Төрийн банкны 63 хувийг “Хадгаламжийн даатгалын корпорац” эзэмшдэг. Монголбанкнаас “Банкны гол хувьцаа эзэмшигч нь өмчлөлөөрөө дамжуулаад, удирдлагыг бүрэн хэрэгжүүлж байна. Үүнд тавих хяналт сул. ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн бүтэц нь алдагдсан байна гэсэн дүр зураг ажиглагдаж байгаа” гэсэн дүгнэлт хийсэн. Тиймээс банкны хувьцааны төвлөрлийг хязгаарлах аргаар дээрх гажуудлыг засах хуулийн төсөл боловсруулж буй нь энэ.
Уг аргыг олон орон хэрэгжүүлж, банкуудынхаа “тамир тэнхээ”-г хамгаалж иржээ. Судалгаанаас харахад улс орнууд тухайн банкны хувьцааны 10-40 хүртэлх хувийг эзэмших хязгаар тавьсан хууль хэрэгжүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг хөрөнгө оруулагч тухайн банкны хувьцааны дээд тал нь 40 хүртэлх хувийг эзэмших эрх олгож байна гэсэн үг. Тэгвэл нэг хөрөнгө оруулагчид тухайн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх хязгаар тавьсан улс нийтлэг байгаа аж. Хувьцааны төвлөрлийн дээд хязгаар 20 хувь байснаар тухайн банкны өмчлөл, удирдлагын тэнцвэртэй байдлыг хангах боломжтой гэж Төвбанкныхан үзэж байна. Хувьцааны төвлөрөл 20 хувиас дээш байхаар банкны удирдлагад хэтэрхий их оролцоод, нөлөөлөл нь ихэсдэг нь тэдэнд анзаарагджээ. Иймээс хуулийн төсөлд хувьцааны төвлөрөлд тавих хязгаарыг 20 хувь гэж тусгуулахаар ярилцсан бололтой.
Хуулийн төсөлд тавих уг шаардлагыг хангаж буй нэг банк бий. Тэр бол манайдаа хамгийн сайн засаглалтай гэгддэг “Хас” банк билээ. Тус банк 13 хувьцаа эзэмшигчтэй. Хамгийн том хөрөнгө оруулагч нь “Монголын алт корпорац” агаад нийт хувьцааных нь 20 хувийг эзэмшдэг. Бусад нь “Хас” банкны 0.09-17.17 хувийг эзэмшдэг юм.
Үүнээс гадна Монголбанкнаас банкуудыг нээлттэй компани болгох бодлого баримталж байгаагаа дуулгалаа. Үнэн хэрэгтээ банкны хувьцаа эзэмшигч өндөр ашиг олохыг л бодно. Харин банкны ТУЗ ашиг олохоос гадна бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээдэг. Банкийг хувьцаат компани болгосноор дээрх хоёр эрх ашгийг тэнцвэржүүлэхэд томоохон давуу тал болно гэж Төвбанкныхан үзэж байна. Нээлттэй компани болсноор банкны хувьцааны төвлөрөл буурах нь ойлгомжтой. Цаашлаад хөрөнгийн биржийн шаардлагын дагуу олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой мэдээллүүдээ гаргаж эхэлнэ. Ингэснээр банк зөвхөн Төвбанкны хяналт, шалгалт доор ажиллахгүй. Үйл ажиллагаа нь муудаж, ямар нэг алдаа гаргавал хувьцааных нь ханш хямдарч, ажлаа сайжруулах дохио өгнө. Өөрөөр хэлбэл, олон нийт, хувьцаа эзэмшигчид нь банкны үйл ажиллагааг шууд бус хэлбэрээр хянаж эхэлнэ гэсэн үг. Банк нэг талаасаа төрийн, нөгөө талаас олон нийтийн болон зах зээлийн хяналтын дунд ажиллавал илүү нягт, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулна гэж Монголбанкныхан үзэж байгаа. Үүгээр зогсохгүй банк нээлттэй компани болсноор цөөн хувьцаа эзэмшигч бүх шийдвэрийг дангаараа гаргадаг эрсдэл арилах нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчид нь өмчлөгчийн хувьд банкны үйл ажиллагаанд хяналт тавих нь ойлгомжтой. Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилсон ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь банкны эрсдэлийг удирдаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэг хүлээнэ.
Ийм жишгийг олон улсад амжилттай хэрэгжүүлсэн нь судалгаанаас харагджээ. Жишээ нь, Австри, Герман, Унгар, Норвег, Швед зэрэг Европын улсад “Банк бол хувьцаат компани” гэсэн хуулийн зохицуулалт үйлчилдэг гэнэ. Эдгээр орон хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг тусдаа хуулиар хийдэг аж. Уг хуульд нь банк хэдэн хувьцаа эзэмшигчтэй, хэдий хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, мэдээллээ ямар байдлаар гаргах, хэн хяналт тавих, хурлаа яаж хийх гэх мэт бүх харилцааг нарийн зохицуулсан байдаг гэсэн.
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг “Банк нээлттэй компани болсноор нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө татаад, санхүүгийн чадавхаа богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь нөгөө талаас банкны олон улсын стандартад тавигдаж буй нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгөд ногдох энгийн хувьцааны тоог нэмэгдүүлж байгаа явдал юм. Нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгө их байх тусам банк сайн гэсэн үг. Үүнийг нэмэгдүүлэх боломж нь банк нээлттэй компани болсноор үүснэ” гэж ярилаа. Мөн тэрбээр “Банк нээлттэй компани болсноор нэг этгээдээс хадгаламж татаад, түүндээ хүү төлөөд явах бус, бусад эх үүсвэрийг ашиглах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн сертификат, өрийн бичиг зэргийг гаргаснаар богино хугацаатай, зардал багатай эх үүсвэрээр хөрөнгөө нэмэх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зэрэг давуу талтай. Банк хувьцаат компани болох зардал өндөр. Гэсэн ч нийгэм, эдийн засаг болон тухайн банканд гаргасан зардлаас нь хавьгүй өндөр үр ашиг өгөх тооцоог бид хийсэн” гэв.
Монгол Улсад эдийн засгийн хямрал, хүндрэл тохиох бүрт банк дампуурч, төр, засгаас бусдынх нь үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч иржээ. Тухайлбал, 2009 оны эдийн засгийн хямралын үед “Анод”, “Зоос”, “Монгол шуудан”, “Хадгаламж” банк хаалгаа барьсан. Үүнээс гадна 2014-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр “Капитал” дампуурч, хэд хэдэн жижиг банк “сэхээн амьдруулах тасаг”-т шилжээд байна. Эдийн засгийн 2009 оны хямралын дараа Төвбанкнаас банкуудын өөрийн хөрөнгийг гурав дахин нэмэх арга хэмжээ авч байв. Энэ удаад банкны хувьцааны төвлөрөлд хязгаар тавьж, нэг хүний алдаатай шийдвэрээс шалтгаалж, үйл ажиллагаа нь доголдохоос хамгаалах нь. 
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ