Монголын хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг, эрдэмтэн Ш.Лусанвандангийн гэрэлт хөшөөг төрөлх нутагт нь, түүний нэрэмжит сургуулийн өмнөх талбайд босгожээ.
Гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд нэрт эрдэмтний ууган охин, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Л.Маналжав, академич С.Чулуун, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Хүмүүн бичиг" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, УИХ-ын даргын орон нутаг дах бие төлөөлөгч С.Цэнд, хөшөөг урлан бүтээсэн уран барималч, Галуут сумын уугуул П.Дэлгэрсайхан нар болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, "Сайн Оюут" сургуулийн хамт олон оролцсон байна.
Монгол Улсын нэрт эрдэмтдийн нэг Шадавын Лувсанвандан Өлзийт сумын сургуулийн анхны сурагчдын нэг юм. Тиймийн учир төрөлх сургууль нь 1996 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор түүний нэрэмжит сургууль болсон ажээ.
Бэсүд овогт Шадавын Лувсанвандан /1910-1983/ нь орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн бүтээлч сэтгэлгээ, бүхий л амьдралаа зориулсан нэрт эрдэмтдийн нэг. Тэрээр Ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн ухааны доктор (Sс.D), профессор багш байв.
Ш.Лувсанвандан 1936-1943 он хүртэл Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 1938-1940 онд “Шинэ толь” хэмээх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллаж байжээ. 1945 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд монгол хэлний багш, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч (1949-1957), эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг ажил албыг хашиж байсан байна.