Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шантаажчдыг хазаарлахгүй бол өөдлөхөөсөө өнгөрлөө

Нээлттэй нийгэм рүү шилжээд 31 жил өнгөрч байхад Монгол улс олигтой хөгжиж, цэгцрээгүй яваагийн нэг шалтгаан нь шантааж, сүрдүүлэг хийн мөнгө шахагчдыг давраасан, бүр хуулийн боломж нээж өгсөнд байгаа юм.Монголын шантаажчдад хуулийн боломж нээж өгсөн хүн нь гайхал Ц.Элбэгдорж бөлгөө. Тэрээр суудлаасаа буухын өмнө зориуд хорлонтойгоор нэгэн хууль санаачилсан нь уул уурхай эрхэлж байгаа компани нутгийн иргэдээс, багийн дарга, сумын даргаас санал авах заалт юм. Ц.Элбэгдорж суудлаасаа буусан ч улс төрийг үймүүлсээр байх атгаг санаагаараа ийм хууль батлуулсан нь улам бүр тодорхой болж байна. Тэр өнөөдөр хөлсний этгээдүүд, худалдагдсан сэтгүүлчдийг ашиглан Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирүүлэхгүй байх, уул уурхайг гацаах, төсвийг бүрдүүлэхгүй байх өргөн хэмжээний явуулгыг удирдан залж, чиглүүлж санхүүжүүлсээр байгааг нотлох баримтууд ар араасаа гарсаар байгаа билээ.
Ц.Элбэгдоржийн гаргасан хуулийн боломж дээр бүх аймаг сумдад “эх орончид”, “байгаль хамгаалагчид”, “үндэсний үзэлтнүүд” гэх зэргээр өөрсдийгөө өргөмжилсэн шантаажчид зохион байгуулалтад орж, ТББ байгуулан хоорондоо хамсрах, заримдаа сөргөлдөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар байна. Ихэнх нь хэний тоглоом болж байгаагаа, юунд ашиглагдаж байгаагаа сайн ойлгоогүй, өгсөн цөөн хэдэн цаасанд нь огшиж, омгорхож явдаг.
Саяхны нэгэн жишээн дээр шантаажчдын хосолсон ажиллагаа, алсын удирдлагыг зураглан харуулъя.
Шударгаараа гайхагдсан сэтгүүлч Б.Отгон гэгч "Баялагтаа эзэн" нь Бид биш Ван гэх Хятад ажээ хэмээх сүржин нь дэндсэн гарчигтай зүйл тэрлэв. Хууль зүйн сайд Х.Нямбаатар Монголын нутаг дэвсгэрийг хятадуудаар ухуулаад, цөмийн бөмбөгнөөс ч илүү хөнөөлтэйгээр сүйдлэх гэж байхад нь Б.Отгон амжиж илрүүлсэн юм байх. Тэгээд “Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээсэн” гэх ялыг Хууль зүйн сайдад шууд оноов. Ван Рейнхау гэх хятадын иргэн Дорноговь аймгийг, монгол улсыг сайдтай юутай хээтэй нь худалдаад авчихсан шахуу юм тэр бичжээ. Тогтож хайрла, шударгын туйл минь.Эхлээд магадлая. “Түмэн айл инвест” ХХК 2014 онд байгуулагдсан, 95 хувийн Монголын хөрөнгө оруулалттай аж. Б.Отгоны нэр цохон “ялласан” Хятадын иргэн ердөө 5 хувь эзэмшдэг юм байна. Б.Отгон хөрөнгө оруулалт, бизнесийн талаар ямар ч ойлголтгүй дүр эсгэжээ. Компанийн засаглал нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог гэдгийг сэтгүүлч сайн мэдэх ёстой. Зориуд үл мэдэгч болон муйхарлаж, бусдыг харлуулах шалтаг гаргах гэж ядаж байна.
“Түмэн айл инвест” ХХК бүх зүйлийг хууль, журмын дагуу хийсээр өдий хүрчээ. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 2014 онд Довцог худаг, Ногоон тал нэртэй газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг Засгийн газраас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авсан байна. Энэ гэмт хэрэг гэж үү? Хууль бус юм бол Засгийн газар тендер зарлахгүй, шалгаруулахгүй байх ёстой. Тендергүй авсан бол Б.Отгон баярлан дэвхцэж, илчлэн шуугиулахад болохгүй зүйлгүй л дээ.
Дараа нь тендерээр эзэмшсэн талбайдаа жил бүр хөрөнгө оруулалт хийж геологи хайгуулын ажлыг хуулийн дагуу хийжээ. Илрүүлсэн нөөцөө 2020 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулж, бүртгүүлснээр MV-021530 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг мөн АМГТХЭГ-ын ЭБМЗ-өөр хянуулан батлуулжээ. Тайлан, төлөвлөгөөг тухай бүрт нь мэргэжлийн байгууллагаар батлуулж ирсэн. Энэ бас хууль бус уу, Б.Отгон гуай?  Бүх үйл ажиллагаагаа хууль журмын дагуу явуулж, холбогдох бичиг баримтуудыг шат шатны байгууллагуудаас авч, БОННҮ-ний тайланг боловсруулаад үйл ажиллагаагаа эхлэх гэтэл Цар тахал гарч ажлууд хойшлогдсон байдаг.  
Гайхал Ц.Элбэгдоржийн тавьсан тээг, чагтыг ч гүйцээж, Уурхайн төслийн БОННҮ-ний тайланг багийн иргэдээр хэлэлцүүлж, БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 10-р сарын хурлаар давхар хэлэлцүүлэн батлуулжээ. Маргааны үндэс болсон зүйл нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.11-д “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ус ашиглах” гэж заасны дагуу 2020 оны 12-р сараас хойш 3 удаа Мандах сумын ИТХ, Засаг даргад газарт хүсэлт гаргасныг удаа дараа буцаажээ. Хачирхалтай нь буцаах шалтгаан, хуулийн үндэслэлээ Мандах сумын Засаг захиргаа бичгээр болон амаар огт тайлбарсангүй. Энэ бол авилга нэхэхийн тулд үүсгэдэг сонгодог арга юм. Компани тодорхойгүй саадыг давахын тулд авилга санал болгох ёстой болно. Гэтэл тэгсэнгүй хүлээсээр суужээ.Орон нутгийн удирдлага ийм “тэнэгүүдэд” ойлгуулахын тулд эхлээд Өмнөговиос Босоо хөх монголын салбарын мэргэшсэн “тэмцэгчдийг” урьж авчрав. Сумын иргэдээс муйхарлах хүн олдоогүй, ямар нэг тэмцлийн ТББ-ын салбар байхгүй зэрэг гачлан гарсан бололтой.
Уригдаж ирсэн тэмцэгчдийг Ж.Мөнхзул гэх Босоо хөх монголын Өмнөговь салбарын идэвхтэн толгойлж хийрхүүлэх, шуугиулах ажлыг гардан зохион байгуулжээ.
Өөрийн аймаг дахь уул уурхайнуудыг алгасаад өөр аймагт ирж тэмцэж байгаа хүмүүсийн зардал, хөлсийг хэн төлөв гэдэг сонирхолтой. Сум, аймгийн удирдлага болон сонгогдсон гишүүнтэй нь сүлбэлдэж, зохион байгуулалтай дарамт учруулж байсан байж болзошгүй сэжүүр бий. Яагаад сум, аймгийн удирдлага хуулийн үндэслэл бүхий тайлбар шалтгаангүйгээр аж ахуйн нэгжийн хүсэлтэд хариулахгүй байна. Яагаад нийгмийн сүлжээ, хэвлэлээр шуугиулах арга барилыг сонгов гэдгээс сэжүүрийг хөөх хэрэгтэй.
Б.Отгоны хувьд хулхи тэмцэгчдийн хатгалгад автаж гүтгэлэгт зүйл бичив үү, УИХ-ын гишүүн найз залуугаасаа зааварчилгаа авсан уу гэдэг нь тодорхойгүй.
Тодорхой зүйл нь “Тэмцэгчид” болон  сэтгүүлчийг хөтөлж буй далд гар бий. Намын удирдлагыг авах, улмаар Засгийн эрх мэдлийг атгах хүсэлдээ шатаж яваа бүлэглэл бодитойгоор бий. Тэднийг Ц.Элбэгдорж, Ч.Хүрэлбаатар нар залуурдаж чиглэл өгч, сумлаж байгаа юм. Тэр хоёрыг Ж.Оджаргал, түүнийг Рио Тинто жолоодож байгаа нь өнөөдөр хэн бүхэнд тодорхой болжээ. 
Б.Отгоны халуурал руу эргэж оръё. Тэрээр “цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу? Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адил юм” хэмээн хадуурчээ. Хадуурчээ гэхийн учир нь зах зээлийн тогтолцоонд тохиролцоогоор бүх ажил явагддаг. Ажил олгогч, ажилтан хоёрын тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээ юм. Уурхайд ажиллаж байгаа хүмүүсийг боол гэж нэрлэх нь албадан хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг. Боолчлол, албадан хөдөлмөр нь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ноцтой гэмт хэрэг юм. Б.Отгон хөдөлмөрийн гэрээгүйгээр, албандан хөдөлмөр эрхэлж байгаа боол хүмүүстэй таарсан бол тэрийгээ баталж нотлох ёстой. Үгүй бол бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх болно.Сэтгүүлч Б.Отгон хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмыг мөрддөг бол компанийн тухай хуулийг уншсан, компанийн хувь эзэмшлийн хэмжээг тогтоосныхоо дараа “хятадын компани” гэх нэр томъёог ашиглах учиртай. 95 хувийн эзэмшил нь уг компанийн харъяаллыг тогтоох болохоос 5 хувийн эзэмшлээр харъяалал тогтоодог хууль дэлхий дээр байхгүй. Энэ бол монгол эзэмшигчидтэй, монголд бүртгэлтэй, монгол компани. БНХАУ-д бүртгэлтэй бол хувь эзэмшил хамаарахгүй хятадын гэж хэлж болох байх. 5 хувийн эзэмшлээр Монголын битгий хэл уурхайнхаа баялагт ч эзэн сууж чадахгүй! Дээр нь Б.Отгон амь, амьжиргаанаасаа салсан, боолчлолд өртсөн хүмүүстэй таарсан бол шуурхай илчлэх ёстой. Хэн хэн гэдэг хэдэн хүн амьнаасаа салахад хүрэв? Амьжиргаанаасаа яагаад салав, хэн салгав? Энэ маш ноцтой гэмт хэргийн мэдээлэл шүү. Худал бол гүтгэлэгт мэдээлэл тараасандаа хуулийн хариуцлага хүлээх ёстой.Хууль зүйн сайд Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу хуулийн үндэслэлтэй хариу өгөхгүй байгаа орон нутгийн удирдлагад бичиг хүргүүлсний төлөө Б.Отгон цэвэр ашиг сонирхлын зөрчил гэж дүгнэжээ. Уучлаарай, Б.Отгон гуай. Үндсэн хуулиар газрын дорхи баялаг нь нийт ард түмний өмч юм. Тэрийг уурхай ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг” биш юм. 3,4 сая монголчуудыг төлөөлж байгаа Засгийн газар, Хууль зүйн сайд шийдэлцдэг юм. Сумын хэсэг хүмүүс л дураараа шийдвэр гаргаад байх юм энэ улсад Засгийн газар гэж байгаад яахав, УИХ ч хэрэггүй болно биз. Б.Отгон бичээд өөр аймаг, сумын Босоо хөх монголын гишүүд л шийдээд сууг дээ. Засгийн газар хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон юм бол энэ шийдвэрээ хамгаалах ёстой. “Зөвшөөрөл өгсөн болоо, өөрсдөө хахуулиа өгөөд учраа ол” гэдэг зарчим байж болохгүй.Ц.Элбэгдорж шантаажчдыг сумлахдаа өөрийн санаачлан батлуулсан хуулийн заалтыг зориуд уншиж өгдөг шиг байгаа юм. Уг нь тэр заалтаар бол орон нутаг шийдвэр гаргах эрхгүй. Танилцах, саналаа тусгуулах л эрхтэй төдий. Зориуд гуйвуулж тайлбарладаг, ашигладаг байх.
Б.Отгонтой зэрэгцээд Ц.Элбэгдоржийн америк дахь тролл Ц.Батмөнх “ОНЦ НОЦТОЙ БАРИМТ: Хууль зүйн сайд гэмт хэрэгтэн Нямбаатар газрын наймаа хийж ХЯТАДУУДАД тал зассан баримт. Чоно борооноор Муу хүн чөлөөнөөр 2021-10-22 нд ийм хүсэлт гаргажээ” хэмээн дэмийрэв. Ц.Элбэгдорж өөрийн хэвлэлийн албаны дарга байсан С.Эрдэнэболдоор дамжуулан сэтгэцийн өөрчлөлттэй Ц.Батмөнхийг олон жил ашиглаж байгаа. Орон нутгийн удирдлагыг компанийн гаргасан хүсэлтэд хуулийн үндэслэлтэй хариу өг гэсэн утгатай бичгийг газрын наймааны ОНЦ НОЦТОЙ баримт гэгдэх хүртэл хийрхэл өндөр авчээ. Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар ийм явуулгандаа айхтар сурцтай. Эгээ л найрал хөгжим удирдаж байгаа мэт дохино, зангана, угжина. Гучин жил ийм ажил хийхээр сурахаас ч яахав. Цар тахлын хөнөөлд өртсөн эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг Засгийн газар тунхагласан. Үүнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын трасс дагуух 23 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэг чухал чиглэл юм. Засгийн газрын гишүүн бодлогынхоо дагуу шаардлага тавьснаараа буруутах гэж үү? Орон нутгийн удирдлагын хүнд суртал, авилгач арга барилд боогдсон компанийн 5 хувийг гадаад хүн эзэмшиж байснаар далимдуулан Засгийн газрыг харлуулах гэж оролдох юм уу? Арай өөр том шалтаг шалтгаан олдохгүй байна уу, Ц.Элбэгдорж гуай?
Буруутгах гээд ядчихсан зүйлс дунд “нутгийн тахилгат уулын бөөрнөөс ухахаар завдсан” гэж бий. Арван найман Ац богд уулыг 2011 онд Дорноговь аймгийн БОАЖГ-аас орон нутгийн байгалийн нөөц газрын ангилалд бүртгэжээ. Уулын тусгай хамгаалалтын хилийн бүсээс 12 км зайд уурхай оршдог. Түмэн айл инвест компани байгалийн нөөц газраас хол байгаа ч дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагаа явуулах газраар сонгож, ус хамгаалах, мод тарих, ногоон байгууламж хийх, мөн тахилгын зан үйлийг дэмжин байнга хамтран оролцох саналуудыг Орон нутагтай байгуулах нийгмийн хариуцлагын гэрээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган хүргүүлжээ. Гэвч хүнд суртал, авилга нэхэх далд ажиллагааны золиос болж, өнөөдрийг хүртэл Мандах сумын 1,2-р багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй барьж байгаа. Багийн дарга нар иргэдэд үнэн бодитой мэдээлэл хүргэх, эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэхийн оронд мэдэх эрхийг нь боомилох, явцуу мэдээллээр жолоодох гэж оролдох байдал үүсгэсээр ирсний цаад учир нь авилга авах нөхцөл бүрдүүлэх гэж чармайж байгаад л бий.  Аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгээ умартан хэсэг бүлэг хүмүүсийн хатгаас, шахалтаар хөдөлж байгаа шинж тэмдэг ч бий.
Сонгогдсон албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүрэг нь төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах, зохицуулах болохоос нийгмийн сүлжээний коммент, пост бол тэдний мөрдөх ёстой бичиг баримт биш.
Б.Отгон, Ц.Батмөнх, Ж.Мөнхзул, Б.Тунгалаг нарын явуулж буй шахалт дарамт нь монгол орныг бүхэлд нь хамарсан шантаажны бизнесийн нэг л жишээ юм. Тэдэнд ийм боломж олгож, араас нь сэм турхирч санхүүжүүлж байгаа бүлэглэлийн эцсийн зорилго нь Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалах болчихоод байгаа билээ.
Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар бол Оюутолгой төсөлтэй амь насаараа дэнчин тавин холбогдсон этгээдүүд. Тэд өнөөдөр Хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашигтайгаар өөрчилье хэмээн зүтгэж буй Засгийн газрыг унагах, гадаад эздийнхээ даалгавраар юм бүхнийг эсэргүүцэх, харлуулах, муучлан гутаах аяныг өрнүүлжээ. Рио Тинто-гийн логик нь: Монголд бид ухахгүй л юм бол хэн ч ухахгүй!Үндэсний хэмжээний гамшиг болж байгаа сум бүрт шигдсэн шантаажчлагчдыг дарж авахгүй бол энэ улс өөдлөхөөсөө өнгөрлөө.  Төрд төмөр нүүр байдаг бол одоо энэ мэт шантаажийг зогсоо!

PS: chantage – аялгуут шүлэг гэх франц үг бөгөөд оросоор дамжин монгол хэлнээ шантааж хэмээн нутагшжээ. Анхдагч утгаасаа нилээд гажсан агуулгатай. Бусдаас мөнгө, эд хөрөнгө салгахын тулд элдэв хоосон гүтгэлэг явуулж дарамтлах, үл ялиг доголдлыг томруулж сүржигнэх гэсэн утгыг илэрхийлдэг болсон. Монголд «шантааж» нь бизнесийн бие даасан хэлбэр болж төгөлдөршсөн. Зохион байгуулалттай,  салбарын шинжтэй, үүгээр амьдардаг бүхэл бүтэн давхарга төрүүлсэн бизнес. Англи хэл дээр үүнийг racketeering гэнэ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Ил” бүлэг
Эх сурвалж: https://www.newstv.mn/a/1730?fbclid=IwAR2l3uzIiqMnvLjpPxQjP1lWeC-bw8Pq-gRnY-FBXQpWlYzR_zXAF-MH0LU
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ