Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Наадмын бөх, хоор дуучдаасаа салсан нам ЯЛААСАЙ

Саяхан манай сайтад УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу ярилцлага өгөхдөө “УИХ-д бүхэл бүтэн хоор дуучид, наадмын бөхчүүд байна. Яршиг зүгээр, 50 хувь нь дуучин, 50 хувь нь бөхчүүд сонгочихсон дээр. Нэг бол ерөөсөө болих хэрэгтэй. Бөх сонгуульд өрсөлддөг асуудлыг анх хийсэн хүн нь Н.Энхбаяр л даа. Б.Бат-Эрдэнийг анх нам нь гуйваад ирэхээр олны танил болохоор нь нэр дэвшүүлсэн. Бусад нь болдог юм байна гэж орж ирсээр одоо тав, зургуулаа болсон. Одоо С.Жавхланг дуурайгаад баахан дуучид орох гээд бэлтгэж байна. УИХ-д ийм хүмүүс ороод юм хийж чадахгүй. УИХ-ын дарга нь энэ хүмүүсийг гадаадын томилолтоор шагнаад явуулаад байдаг. Явсан хойгуур нь улс орны бүх асуудал яригдана” гэж хэлсэн нь хатуу боловч үнэн үг.
Сонгуулийн тойрог эргэж, дараагийн дөрвөн жил эрх барих эрхмүүдийг сонгох цаг болчихоод байна. Өнгөрсөн дөрвөн жилд манай төрд суусан 76-аас чуулгандаа суудаггүй, ямар асуудал хэлэлцэж байгааг ч мэддэггүй, сонирхдоггүй, ойлгодоггүй, үг хэлж, асуулт асууж ч үзээгүй гишүүн нэлээд хэд байсан. Хааяа сууж байгааг нь хараад ийм гишүүн байдаг  бил үү ч гэж бодогдох жишээтэй. Энэ дөрвөн жил ч ингэсгээд өнгөрлөө. Ёстой л Ш.Сайхансамбуу гуайн хэлснээр өнөө хэдийг томилолтоор явуулсаар байж дуусгачихав уу яав.
Дөрвөн жилийн мөчлөг гэдэг тийм ч бага хугацаа биш. Иргэдийн ухамсар, мэдлэг, мэдээлэл, юманд хандах хандлага өөрчлөгдөхийн хэрээр тэдний сонголт ч өөрчлөгдөж байна. Энэ сонгуулиар нэр дэвшигчээ сойх намууд ард иргэд, сонгогчдоо арай өөдрөгөөр үнэлэх хэрэгтэй байх. Аль болох мэдлэг боловсролтой, эдийн засагч, хуульч, улс төрийн мэргэшсэн хүмүүсийг нэр дэвшүүлж байж л энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэж бодох хэрэгтэй. Наанадаад улс эх орондоо хэрэгтэй юм. Цаашлаад олонх болж төрийн  эрх барихад та нарт ч хэрэгтэй биз.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр улсын төсөв ярьж байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын амыг таглаад дуугүй болтол нь асуулт асууж, үг хэлж, шүүмжилдэг гишүүн бараг байхгүй гэхэд болно. АН-ын гишүүн З.Нарантуяа л ганц дайчин ганцаардахгүй гэгчээр төсвийн хуулинд хяналт тавих асуудлаар эмэгтэй хүний хувьд эрчүүдийн анзаардаггүй нарийн нарийн зүйлсийг олж харж, ярьж байгаа нь харагддаг. Төсвийн асуудлыг жинхэнэ утгаар нь парламентад гаргаж ирж чаддаг. Төсвийн анализ маш сан хийдэг. Төсвийн анализ хийх хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс л сангийн сайдыг зөв ажиллаж байна уу, буруу ажиллаж байна уу гэдгийг мэдэрч, Засгийн газрыг хянах чиглүүлэх үүргээ зөв биелүүлнэ гэсэн үг юм. Гэтэл тийм хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа парламентын гишүүд бараг харагддаггүй.
Тэгэхээр манай УИХ-д энэ мэт боловсролтой, сэхээтэн, асуудлаа мэддэг, мэтгэлцдэг төлөөллүүд орж ирж байж гэмээн жинхэнэ утгаар нь парламент гэгчийг бүрдүүлж байгаа нь тэр.   
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд ЖДҮХС-г "цөлмөсөн" нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй гэж хатуу шийдсэн нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс энэ удаа МАН-аас нэр дэвшигчдийн тэн хагас шахуу нь шинэ хүмүүс байх болов уу гэх таамаг байна. Тэд ч эхнээсээ ил болж байна. Сайшаалтай нь МАН энэ удаа боломжийн хүмүүсийг сонгож эхэлсэн байх юм. Тухайлбал, Хөгжлийн банкны захирал байсан Г.Амартүвшин, ХСҮТ-ийн захирал байсан Ж.Чинбүрэн, Хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хуульч Б.Гүнбилэг гэх мэт төр түшилцэхэд өмөг түшиг болж мэдэх эрхмүүд байх юм.
Харин АН-ын хувьд нэр дэвшигчид нь тодорч эхэлсэн.  С.Эрдэнэ даргын ахлах зөвлөх З.Энхболд нэр дэвшигчдийн 50 гаруй нь өмнө нь УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагүй хүмүүс байна гэсэн. Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд манай сайтад өгсөн ярилцлагадаа ч үүнийг бас дурдсан.  Олны танил болоогүй ч гэсэн мэдлэг боловсролтой залуус тус намаас нэр дэвших нь тодорхой. Ганц, хоёрхон хоногийн өмнө болж өндөрлөсөн Солонгосын парламентын сонгуульд Ардчилсан нам ялсан. Тэд сонгуульд оролцохдоо хууччуул, хөгшчүүлээсээ татгалзаж, мэдлэг чадвартай залчуудыг сонгосон нь ялалт байгуулахад нөлөөллөө гэсэн анализыг хийж байгаа юм билээ. Харин тэдний хажуугаар сумоч Дагвадорж, жүдоч Түвшинбаяр нарын эрхмүүдийг нэр дэвшүүлэхээр болсон нь тэдний нэр хүндийг ашиглаж намдаа ялалт авчрах гэсэн санаархал агуулсан болов уу. Яг л Н.Энхбаяр Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлж байсан шиг. 
Ерөөс АН, МАН гэлтгүй бусад нам, эвсэл ч гэсэн бөхчүүд, дуучид, яруу найрагчид гэх мэт уянгалах, попрох, мэлрэхээс өөрийг мэддэггүй хүмүүсийг нэр дэвшүүлэхээс татгалзах байх гэдэг итгэж байна. Түүнээс гадна, хувийн бизнестэй, илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс ч татгалзмаар байгаа юм. Тэгж гэмээнэ парламент зөв жишигтээ орно. 30 жил төр барихдаа энэ улсыг хөгжүүлж чадаагүй, өөрсдөө хаустай, оффшортой, алтаар баах шахам баяжсан хөгшидөөсөө АН, МАН татгалзаасай. Одоо энэ улсыг тэтгэврийн өвгөчүүл, эмгэдэд биш ид жагсаж яваа, идэрийн жавхаа нь бүрэлдсэн, боловсролтой, мэдлэгтэй, чадвартай залуучууд удирдах цаг болсон. Ийм л зарчим барьж чадвал танай нам ялна. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн хийнэ. Миний Монголын ард түмний сонголт мэргэн байг ээ.
Б.Бурмаа
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ