Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Дөмөн” брэндийн хөлд эвтэйхэн, дулаахан арьсан гутлыг хэрхэн хийдэг вэ


Монголчуудынхаа өмсөх гутлыг Монголд нь үйлдвэрлэж, ЖДҮ хөгжүүлж яваа “Хүүгийн гутал” компанийг бид “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна. Тэд “Дөмөн” хэмээх брэндээ бий болгож, дотоодын зах зээлд эзлэх байр сууриа бататгахаар хөдөлмөрлөж байна. Харин үүний дараа онилох тэдний цэг дэлхий гэнэ.

Компани ба брэнд: “Хүүгийн гутал” ХХК, Дөмөн
Үйлдвэрлэлийн чиглэл: Гутал үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч, удирдлага: Ерөнхий захирал Г.Алтанхуяг
Үүсгэн байгуулсан он: 1994 онд өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр эхэлж, 2011 онд “Хүүгийн гутал” ХХК байгуулагдсан
Сошиал холбоос: Khuugiin gutal Co.,Ltd

ХӨРӨГЛӨЛ: ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БРЭНД БОЛГОСОН Г.АЛТАНХУЯГ

Биднийг “Хүүгийн гутал”-ын үйлдвэрийн байранд ирэхэд Ерөнхий захирал Г.Алтанхуяг угтлаа. Эдийн засаг зах зээлд шилжиж, цаг ороо бусгаа болох үеэр түүний аав, ээж хоёр гэртээ гутал хийдэг байжээ. Г.Алтанхуяг айлын том хүү. Гутал хийх ажилд багаасаа туслалцсан болохоор өдгөө тэр энэ салбарт багагүй олон жил ажиллачихжээ.
Өрхийн үйлдвэрлэлээ жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд хөгжүүлж, “Хүүгийн гутал” ХХК-иа үүсгэн байгуулах ажлыг Г.Алтанхуяг сүүлийн 10 гаруй жил гардан гүйцэтгэж байна. Тэр нэг тийм хээ шаагүй, даргын амбицгүй, эгэл эр хүн аж. Ажилчидтайгаа эчнээ найз нөхдийн хувиар мэндэлж, залуу дадлагчдадаа өөрөө гардан ажил зааж, оёдолчидтойгоо хошигноно.
“Хүүгийн гутал”-ын үйлдвэрийн байр гурван давхар. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхний хоёр давхарт явагдах бөгөөд гуравдугаар давхартаа ажилчдад зориулсан цайны газар байгуулжээ. Тэнд “Хүүгийн гутал”-ынхан цайны цагаараа төлбөр мөнгө гэхгүй хоолоо идэцгээнэ. Ажилчдынхаа ажиллах тав тухтай нөхцөлд Г.Алтанхуяг хэрхэн анхаардаг нь үүнээс мэдрэгдэнэ.
Тэдний компани сүүлийн үед хэд хэдэн тендерт шалгарч, төрийн өмчит компаниудын ажлын гутлыг массаар үйлдвэрлэх захиалга аваад буй аж. Монголд гутлын үйлдвэр, брэнд цөөнгүй байдаг ч тэдний хувьд массын үйлдвэрлэл явуулдгаараа онцлог ажээ. Хөдөө, таньдаг айлдаа ороод гарахад тэдний гутлыг өмсчихсөн хүн тааралдахад хөөрцөглөн баярладгаа Г.Алтанхуяг хуваалцлаа.
Нэг хэсэг Г.Алтанхуяг ямар салбарт ажиллахаа төдийлөн шийдэж чадахгүй, гадаадын орнуудаар ч багагүй явжээ. Энэ хэдхэн жилийн цаг хугацаагаа тэр “Алдаа” хэмээнэ. Гэвч удалгүй аав, ээж хоёрынхоо үлдээсэн өвийг өвлөж, өрхийн үйлдвэрлэлээ “цэцэглүүлж”, гутал үйлдвэрлэлийн салбарт хүч үзэх нь хамгийн зөв гэдгийг ойлгожээ.
Түүний энэ салбарт хөдөлмөрлөхөд нь хөдөлгүүр болдог гол итгэл үнэмшил бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэл. “Энэ улсад төрж, ажиллаж амьдарч буйн хувьд бахархах, омогших нэг ч гэсэн зүйл үлдээх хэрэгтэй. Юу ч үлдээлгүй “явчихвал” хайран биз дээ” гэж Г.Алтанхуяг ярина. Тэр “Бизнес хийх таатай орчин алга, улс төрчдийн бодлого муу байна” гэж ярих төдийлөн дургүй. Тэгвэл бухимддаг. Харин ханцуйгаа шамлаад, гурван давхар үйлдвэрийн байраа түчигнэтэл ажиллуулж, цоо шинээр гялалзсан гутлуудаа хэдэн зуугаар нь өрөхийн төлөө хөдөлмөрлөнө.

БЛИЦ ЯРИЛЦЛАГА: “ХҮҮГИЙН ГУТАЛ”-ЫН АЛСЫН ХАРАА

“Хүүгийн гутал” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Алтанхуягтай үйлдвэрлэлийн процесстой нь танилцангаа товч ярилцлаа.
-Таны ЖДҮ эрхэлж буйн гол зорилго юу вэ?
-Бид Монгол гэдэг улсад төрж, өссөний хувьд эх орондоо ганц ч гэсэн үйлдвэрлэл хөгжүүлж, ямар нэг зүйл бүтээж үлдээхийг эрмэлзэх хэрэгтэй. Энэ бол миний үзэл баримтлал. Магадгүй эргээд 20 жилийн дараа харахад бахархах, баярлах зүйл үлдээж чадсан байхын тулд хөдөлмөрлөдөг.
-“Хүүгийн гутал” бусдаас юугаараа онцгой вэ?
-Бид сүүлийн үед яг бүтээгдэхүүнийхээ чанарт л анхаарч байна. Монголд гутал үйлдвэрлэдэг 200 гаруй компани байдаг гэж сонссон. Тэдний 20 хувь нь л гол тоглогчид: Шинэ бүтээгдэхүүн гаргах, массаар үйлдвэрлэх, гадаадын зах зээлд хүч үзэх чадалтай. Энэ 20 хувьд багтаж, өрсөлдөх, цаашлаад гадаадын зах зээлд хөл тавихын тулд бид бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулдаг. Манай гутлыг нэг худалдаж авсан хүн дахиад ирж авах бол хамгийн сайхан мэдрэмж.
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг ямар шалгуураар үнэлдэг вэ?
-Энгийн үгээр хэлбэл эвтэйхэн бас дулаахан байх.
Цаашлаад Монгол Улсын холбогдох стандартад нийцүүлдэг. Мөн ISO9001:2015 стандартын гэрчилгээгээ авсан. Гэхдээ уг стандартыг зөвхөн авлаа гээд бүх ажил дуусахгүй. Тогтмол хэвшил болгож төлөвшүүлэх нь асар чухал.
Мэдээж хамгийн гол үнэлгээг хэрэглэгч тавьдаг. Тэр бол дүн.
-“Хүүгийн гутал” өдөрт ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Яг өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал тийм ч амаргүй байна. Хил гааль, тээвэр ложистикийн асуудлаас болж төлөвлөгөө нэлээд тасарч байна. Иймд өдөрт 150-200 гутал үйлдвэрлэхээр зорьж буй. Гэхдээ энэ маш бага тоо. Үйл ажиллагаа хэвийн нөхцөлд явагдаж эхэлбэл нэмэгдэнэ. 
-Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг вэ?
-Одоогоор хоёр салбар дэлгүүртэй. Үүнээс гадна бид орон нутгийн харилцагчдыг татаж чадсан. Малчид их худалдаж авдаг. Мөн сүүлийн үед хэд хэдэн тендерт шалгарч, “Улаанбаатар төмөр зам”, “Ус сувгийн удирдах газар”, “Монголросцветмет” зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
-Таны ажлын ноу-хау юу вэ?
-Товчхон хэлбэл өдөр тутам хийдэг ажил маань надад ер хэцүү санагддаггүй. Харин нэг ч гэсэн шинэ зүйл мэддэг, чаддаг болчихвол тэр маш таатай байдаг.
-Ажилчдадаа ажил олгогчийн хувьд нийгмийн халамж талаас нь хэрхэн анхаардаг вэ?
-Бусад компаниудаас нэг их илүүрхэхгүй байх аа. Надад итгэж, хамтарч ажиллаж байгаа хүмүүсээ байгаа боломжоороо тусалж, дэмжихийг хичээдэг. Энэ хүрээнд бид Хөрөнгөжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Тодруулбал, тухайн ажилтанд тодорхой хугацаанд өөрийгөө баталж, харуулах шаардлага тавина. Хэрэв манай босгыг давж чадвал тэр хүнд хэрэгцээтэй байгаа үл хөдлөх хөрөнгө, автомашин зэргийг нь байгууллагын данснаас төлж, худалдаж авч өгдөг.
Тухайн ажилтан ирээдүйд байгууллагын гаргасан мөнгөн дүнг эргүүлж төлөхдөө хүүгүй төлнө. Энэ хөтөлбөр манай ажилчдад маш том дэмжлэг болдог.
-Үйлдвэрлэлээ тэлж, гадаадын зах зээлд өрсөлдөх хэтийн боломжоо хэрхэн харж байна вэ?
-Бид нэг хэсэг экспорт гэж их давхисан. Цар тахал гарахаас өмнө манай гутлууд Өвөр Монгол, Тува, Халимаг руу тодорхой тоогоор гардаг байсан. Хамгийн гол асуудал нь, бид дотооддоо маш бага тооны гутал хийдэг. Тэдгээр нь үнийн дайнд ороод ялагддаг, үнээ унагадаг. Ингээд үйлдвэрлэгчид ашиг олсон олоогүйн хооронд амьдардаг.
Тэгэхээр миний санаа бол эхлээд Монголынхоо зах зээлд тодорхой байр суурийг эзлэх. Үүний дараа экспорт ярихад харьцангуй амар болчихно.

Г.Алтанхуяг компанийн залуу захирлын хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ арга барилд суралцаж, мэдлэгээ тэлэх зорилгоор цөөнгүй тооны манлайллын сургалтуудад хамрагдаж байжээ. Тэдгээр нь түүнийг илүү алсын хараатай, бас туршлагатайгаар компани удирдаж сурахад нь түлхэц болсон байна.
Тэдгээрээс ХААН банкнаас зохион байгуулсан “Хөгжлийн хөтөлбөр” болон “Дэлхийн түвшний менежер” сургалтуудыг тэр онцолж байв. Г.Алтанхуяг “Өмнө нь олон сургалтад суугаад олж авсан мэдлэг, мэдээллээ яг хэрхэн ашиглах, бодит ажил хэрэг болгохоо мэддэггүй байлаа. Харин ХААН банкны сургалтууд зөвлөх үйлчилгээтэй. Зөвхөн цаасан дээрх мэдээллийг өгөхөөс гадна практикт хэрэгжүүлэх тал дээр том тус, дэм болдог юм билээ. Миний нүдийг нэлээд нүд нээж өгсөн” гэж ярилаа.
Г.Алтанхуягийн хувьд үйлдвэрлэлээ тэлж, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэйг 2014 онд ойлгосон талаараа хуваалцав. Энэ хүрээнд хэд, хэдэн арилжааны банкнаас бизнесийн зээл авахаар судалжээ. Ингээд хамгийн таатай нөхцөлтэй нь гэж үзээд ХААН банкийг сонгосон байна. Өнөөдрийг хүртэл “Хүүгийн гутал” ХХК ХААН банкнаас хэд хэдэн удаа эргэлтийн хөрөнгийн зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлж чаджээ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС: ЭСГЭХЭЭС ГҮЙЦЭТГЭХ ХҮРТЭЛ

НЭГ. ЭСГҮҮРИЙН ЦЕХ.
Үйлдвэрлэлийн хамгийн эхний дамжлага. Эл цехийн үйл ажиллагааг “Хүүгийн гутал” ХХК-д 21 дэх жилдээ ажиллаж буй С.Мөнхсүх танилцууллаа.
Гутлын гадар болон дотор арьс энд “Дархан минж” компаниас хүргэгдэн ирдэг. Ингээд эсгүүрийн цехэд олон жижиг деталь болж эсгэгдэнэ. Ингээд эсгэгдсэн деталиудыг савлаж, нэг хэсгийг нь оёдлын цех рүү, нөгөө хэсгийг нь ул бэлтгэлийн хэсэг рүү хүргэдэг байна.

ХОЁР. ОЁДЛЫН ЦЕХ.
Оёдлын цехийг “Хүүгийн гутал” ХХК-д 14 дэх жилдээ ажиллаж буй С.Мөнхтуяа танилцууллаа. Энд эсгүүрийн цехээс мөнөөх жижиг деталиуд савлагдаж ирнэ. Ингээд оёдолчид тэднийг холбон оёж, нэгтгэнэ.
Хамгийн эхлээд толгой хэсгийг нь залгаж оёх аж. Үргэлжлүүлээд өсгий буюу зулгийг нь холбож оёдог байна. Үүний дараа дотор арьсыг оёх бөгөөд хамгийн сүүлд бүслүүр буюу кантыг нь хаддаг ажээ.

ГУРАВ. ГҮЙЦЭТГЭХ ЦЕХ.
Гүйцэтгэх цехэд гутлын улыг бэлтгэнэ. Бэлтгэсэн уландаа оёдлын цехээс орж ирсэн арьсан бэлдцийг татаж, царддаг. Эл цехийн үйл ажиллагааг “Хүүгийн гутал” ХХК-д 15 дахь жилдээ ажиллаж буй Х.Ууганбаяр танилцууллаа.
Түүнчлэн: Дотор ул хадах, цардаж гадар арьсыг нь татахад бэлэн болгох болон цайруулах, цавуудах, улыг нь наах, шахалгаанд шахах ажлууд хийгддэг. Хамгийн сүүлд хэвлүүрээ сугалаад, шүршиж будан, улавчийг нь дэвссэнээр гутал бэлэн болно.


ТӨГСГӨЛ: ҮЙЛДВЭРИЙН БАЙРНЫ ГАДАА ХАДСАН Ю.ЦЭДЭНБАЛЫН ҮГ

“Хөдөлмөр хүнийг сайхан сэтгэлтэй, зориг самбаатай, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг болгодог юм”. Энэ бол маршал Ю.Цэдэнбалын хэлсэн үг. Г.Алтанхуяг эл эшлэлийг үйлдвэрийн байрныхаа гадаа томоор хэвлэж хаджээ.
Энэ тухай нь асуувал Г.Алтанхуяг “Миний хувьд манай улсын түүхэн дэх хамгийн мундаг Ерөнхий сайд Ю.Цэдэнбал гуай байсан. Тэр Монгол Улсад асар их үйлдвэржилт бэлэглэсэн. Хөдөлмөр дээр улс орны хөгжил цэцэглэдгийг батлан харуулсан гэж боддог.
Хөдөлмөр гэдгийн цаана асар их ухаан, мэдлэгийн хамт явж байдаг. Хөдөлмөр гэдэг сайхан. Хүнийг хүмүүжүүлдэг зүйл шүү дээ” гэлээ.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ