Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг манлайлан оролцохыг уриалсан билээ. Тэгвэл Баянгол дүүрэг энэ хөдөлгөөнд нэгдэн улмаар “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ-ын талбайд мод тарих нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.10.04/ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон Соёлын яамны холбогдох албан тушаалтнууд мөн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улс тэрбумаар тоологдох модыг 2030 он гэхэд тарина гэж мэдэгдсэн.
Энэ ажлын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна. Энэ үйл ажиллагаанд Соёлын яам болон Урлаг соёлын байгууллагуудын төлөөлөл мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон оролцож байна. Зарим хүн 2030 он гэхэд тэрбум мод тарих боломжгүй гэж байгаа. Гэвч энэ бол санамсаргүй хэлсэн тоо биш. Нарийн тооцоо судалгаанд тулгуурласан тоо. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч улс үндэстнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч нь байдаг. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ганц мод тарьж байгаа үйл явдал биш харин монголчууд бүгд эвлэлдэн нэгдэж чаддаг юм. Байгаль орчныхоо төлөө нэгдэж чаддаг юм гэдгийг харуулсан томоохон үйл явдал” хэмээн онцоллоо.
Дараа нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээр ирсэн байгууллага, хамт олонд талархал илэрхийлээд “Баянгол дүүрэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт болж байгаад баяртай байна. Манай дүүрэг 231 мянган хүн амтай, 20 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Бид өнөөдөр энэ үүргээ хэрэгжүүлж байна. Та бидний мод тарьж байгаа “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ нь нийтдээ 50 га газартай. Энэ газрынхаа 60 хувьд нь 250 мянган мод тарихаар төлөвлөж, эхнээсээ суулгацаа тариад эхэлсэн. Мод тарих бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Модыг тарихаас гадна арчилж ургуулна гэдэг маш чухал ажил байдаг.
Төрийн шат шатны байгууллагууд энэ талаарх тогтоол шийдвэрээ гаргаад, түүнийгээ хэрэгжүүлээд явбал энэ ажил үр дүнгээ өгнө. Баянгол дүүргийн хувьд цаашдаа бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах, мод зүлэг тарих ажлыг эрчимжүүлнэ. Энэ тухай дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ногоон хөгжлийн бодлого”-ын зорилтод тусгагдаж, иргэдэд экологийн боловсрол олгох, эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн эрүүл аюулгүй орчин бүхий соёл, спорт, аялал жуулчлалын цогц орчинг бий болгохоор тусгасан. Түүнчлэн Нийслэлийн ЗДТГ болон НЗАА-аас мод тарих, хотоо ногооруулах уриалгыг байнга гаргаж, бид дэмжин ажилладаг. Та бүхэндээ хэлэхэд дараа яг энэ газартаа ирэхэд “БАЯНГОЛ-Агропарк” маань нийслэлийн баруун бүсийн Соёл амралтын хүрээлэн болсон байна. Үүний төлөө бид хичээн ажиллаж байна” гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ-ын талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлтгэсэн бөгөөд Соёлын яам болон соёл урлагийн байгууллагын ажилтан албан хаагчид тодруулбал, Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр зэрэг соёлын урлагийн байгууллагынхнаас гадна БГД-ийн Засаг даргын Тамгын газар, үндсэн болон харьяа хэлтсийн алба хаагчид мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.