Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын жимс жимсгэний эрдэм шинжилгээний ажилтан Г.Ганчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд ховор төрлийн жимс жимсгэнийг тариалахаас гадна чавганы суулгац, үржүүлгийн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Намрын ургац хураалтын үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэдийнээс жимс жимсгэнэ тариалж эхэлсэн бэ?
-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат. 2018 оноос хойш Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарт жимс жимсгэний эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2008 онд ХААИС-ийг төгссөн. 2018 онд магистрт элсээд ерөнхий агрономичийн чиглэлээр нарийн мэргэшиж ажиллахыг хичээж байна. Гэр бүлийн хүн маань Увс аймгийнх бид хоёр нэг мэргэжилтэй. Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд хүрээлэнгийнхээ жимс жимсгэний 1,2 га талбайг хариуцан ажиллаж байна.
-Хэчнээн төрлийн жимс жимсгэнэ тариалж байна вэ?
-Жимс жимсгэний талбайн хувьд анх 2015 онд байгуулагдсан. Бэсрэг алим, торниун алим, чавга, үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, интоор, хөх далайн хальс зэрэг олон төрлийн жимсний суулгацтай плантаци. Энэ жилээс чавганы мод ургацаа өгч байна. Чавганы дөрвөн сортын 250 орчим бут бий. Сортоосоо хамаараад нэг бутнаас 15-30 кг жимс өгдөг.
-Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагаа юу вэ?
-Манай хүрээлэнгийн хувьд шинэ төрлийн сорт нутагшуулах, судалгааны чиглэлээр илүү нарийн ажилладаг. Тухайлбал жимс жимсгэний тухайд намрын бөөрөлзгөнө жимсийг туршсан бол хөх далайн хальсны суулгац үржүүлж байна. Үхэр нүдний 4 сорт, улаалзганы 3 сорт, чавганы 4 сорт, хөх далайн хальсны 6 сорт, бэсрэг алимны 6 сорт, торниун алимны 2 сорт, чацарганы 4 сортыг тариалж байна.
-Энэ жил ургац арвин байгаа бололтой?
-Өмнөх жилүүдийг бодвол энэ жил ургац арвинтай сайхан жил байна. Чавганы бут 4-5 жилийн дараа ургацаа өгч жигдэрдэг. Манай хүрээлэнгийн талбайн хувьд 5 дахь жилээсээ ургацаа өгч эхэллээ. Сортоосоо хамаараад болц өөр өөр байдаг.
-Жимс жимсгэний тариалалтад арчилгаа чухал байх?
-Жимс жимсгэний тариалалтад арчилгаа маш чухал. Энэ ч утгаараа сайн арчилгааны үр дүнд ургац арвин хураана гэсэн үг. Чавганы бут гэхэд цэцэглэх үед цэцгийг нь унагаахгүйгээр хаврын цочир хүйтнийг өнгөрөөчихвөл ургац их авах боломжтой. Манай жимс жимсгэний талбайд 3 хүн ажилладаг. Чацаргана, гоёл чимэглэлийн мод, бусад жимс жимсгэнэ гээд хуваагдаад хариуцсан талбайгаа арчлах, судалгаа хийх ажлыг дор бүртээ хийнэ.
-Жимс жимсгэний үрсэлгээ хэр хийж байна?
-Манай эрдэм шинжилгээний хүрээлэн жилд үхэр нүдний 5000, улаалзганы 3000 орчим үрсэлгээг зах зээлд борлуулдаг. Гол тариалалт болсон чацарганы 15,0000 орчим үрсэлгээ бэлддэг. Мөн интоор, бөөрөлзгөнө, олон төрлийн гоёлын мод үржүүлээд Улаангом болон Улаанбаатар хотод худалдан борлуулж байна. Хувь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үрсэлгээ хайгаад ирнэ. Түлхүү хотод худалдаалж байна.
-Газар тариалангийн ажил уйгагүй хөдөлмөр шаарддаг. Ажлын ачаалал хэр байдаг вэ?
-Тариалалт болон ургац хураалт зэрэг ид ажлын үеэр ажлын ачаалал ихтэй байна. Өглөө эрт ирээд л цаг наргүй хөдөлмөрлөнө. Гэхдээ ажилтан бүр хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хийгээд хариуцлагатай байвал цагт баригдаад байдаггүй. Өдрийн ажил эрт цэгцэрвэл амарч болно.
-Залуу хүний хувьд мэргэжлийн хүрээнд илүү мэргэших хүсэл тэмүүлэлтэй байх?
-Мэргэжлийн хүрээнд илүү нарийн мэргэшихийн төлөө магистртаа элсээд одоо аргазүйгээ боловсруулаад явж байна. Эрдэм шинжилгээний судалгааг чавганы суулгац үржүүлгийн чиглэлээр дагнан хийж байна. Одоогоор чавганы суулгацаа залгаж үржүүлэхийг зорьж байгаа. Чавганы үрсэлгээг интоортой залгаж үржүүлэхийн тулд 2 настай интоорын үрсэлгээг бэлдсэн. Амжилттай болчихбол Улаангомд чавга залгаж үржүүлэн борлуулалтад гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Хүний мөрөөдөл хязгааргүй болохоор талбайдаа гоё сайхан, амттай жимс болгоныг тариалахыг хүсдэг. Ирэх жил гүзээлзгэнэ тариална.
-Амжилт хүсье. Баярлалаа.