Өмнөговь аймгийн Сэврэй суманд олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо.
Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон, ГГСБЦГХЗ-ны Хонгорын голын бүс нутгийн байгаль хамгаалагчид, нутгийн иргэдтэй хамтран уг гүүрийг шинэчлэн барьсан байна. Мэндчилгээний үгсийг орос, англи, хятад зэрэг найман орны хэлээр гүүрэн дээр бичжээ. Өмнө нь 2005 онд энэхүү Сэрүүн булаг, Нүдэн булгийн гарам гүүрийг барьсан байсан юм. Олон улсын хэлээр мэндчилдэг гүүр нь ган төмөр багана, төмөр нуруу модон гишгүүртэй аж. 52 метр урт гарам гүүрийг орчны тохижилтын хамт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр хийсэн байна.
Ташрамд баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх элсэн уулыг Хонгорын голын элс гэж нэрлэдэг. Хормойгоор нь Сэрүүн булаг, Хонгорын гол гэсэн хоёр гол зэрэгцэн урсдаг голын зүлэг нь элсэн уултайгаа нийлж байдаг үзэсгэлэнт баян бүрд юм. Уг байгалийн үзэсгэлэн нь Өмнөговь аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг билээ.