Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг болох “Бор бургас” гэдэг газар сумын төвийг чиглэн зорчиж явсан УАЗ-469 маркийн суудлын автомашин замаасаа гарч Ховд голын усанд онхолдсон байна.
Уг осол энэ сарын 5-ны өдөр болжээ. Ослын шалтгаан нь жолооны механизм гацсанаас болсон бөгөөд тээврийн хэрэгсэл 15 метр өндөр далангаас Ховд голын усанд унажээ. Улмаар 10 метр хажуугаараа урсаж тогтсон байна.
Онцгой байдлын байгууллагад энэ талаарх дуудлага тухайн өдрийн 19:00 цагийн үед иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 19:36 цагт очсон байна.
Аврагчид осол болсон газар 1 цаг 20 минут ажиллаж иргэн А /53 настай, эмэгтэй/, Х /25 настай, эмэгтэй, 9 сартай жирэмсэн/, Ш /3 настай, эрэгтэй/, Ш /7 настай, эрэгтэй/, нийт 3 том хүн, 2 хүүхдийг эсэн мэнд аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.