Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Я.Содбаатар: Сонгуулийг хойшлуулж, иргэдийн төр барих эрх рүү яаран халдах шаардлагагүй


-Ерөнхийлөгчөөс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Хэрэв сонгуулийг хойшлуулахаар болчихвол Үндсэн хууль зөрчих үү?
-УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй, болж өгвөл хугацаандаа хийх нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлэг илэрхийлж байгаа. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн өрнөхийг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Хэдий цар тахал дэлхий нийтийг сандаргаж байгаа ч улс төрийн сонгуулиа хойшлуулсан орон хараахан алга. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ УИХ-ынхаа сонгуулийг хийхээр шийдвэрлэж, сурталчилгаа нь ид дундаа орж байна. Халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна лээ. Европын хэд хэдэн орон тав, зургадугаар сард сонгуультай, одоогоор сонгуулиа хойшлуулсан ямар нэгэн чиглэл, мэдээлэл алга. Тийм учраас бид ард иргэдийн төр барих үндсэн эрх рүү яаран халдах шаардлагагүй. Үндсэн хуульд шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болдог. Ийм учраас сонгуулийг хойшлууллаа ч гэсэн парламентын үйл ажиллагаа, бүрэн эрхийн асуудал шийдэгддэг эрх зүйн зохицуулалт бий. Үүнээс гадна сонгууль хойшлуулах нөхцөл яг өнөөдрийн байдлаар үүсээгүй байна гэдгийг мэргэжлийн байгуллагууд дүгнэж байгаа.
-Хатуу хөл хорио тогтоох шаардлага үүсвэл иргэдийг заавал цуглуулахгүйгээр цахимаар ч гэдэг юм уу өөр арга замаар саналыг нь авах боломжтой юу. Энэ талаар тооцож судалж байгаа зүйл бий юү?
-Цар тахлын үед бусад оронд хийж байгаа сонгуулийг харахаар олноор хүн цуглуулахыг хязгаарлаж, сонгууль өгөхдөө нэг метрийн зайтай дугаарлаж, тодорхой минутын зайтай цуварч саналаа өгч байна. Манайх ч гэсэн ийм халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийнэ байх. Харин цахим хэлбэрээр сонгууль явуулахад улсын хэмжээнд техникийн хувьд, иргэдийн сэтгэл зүй, улс төрийн намуудын бэлтгэл ажлын тухайд ч бэлтгэл хангагдаагүй гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн уриалгыг иргэд янз бүрээр хүлээж авч байна. Цар тахлыг далимдуулж төрийн эрх мэдэл авахад санаархаж байна гэдгийг ч тулхтай хуульчид онцолсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Ерөнхийлөгчийг бусад засаглалуудаа зогсоогоод, дангаараа засаглалын эрхийг авах санаагаар асуудлыг хөндөөгүй байх гэж бодож байна.
Монгол Улсын үндэсний эв нэгдлийг хангах субьектийн хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа, санал өгөхийн өмнө улс даяар цар тахлыг хяналтаас алдвал бид ямар байдалд орох вэ гэдэг талаас нь дүгнэж харж, асуудлыг тавьсан байх гэж эерэг талаас нь харж байгаа. Өнөөдөр цар тахалтай улс даяараа тэмцэж байна. Нэг ёсондоо энхийн цагийн дайн болж, өвчин зовлон, үхэл хагацал болж байгаа энэ үед асуудалд улс төрийн агуулгаар битгий хандаасай гэж улстөрчдөөс хүсч байгаа. үнэхээр ард иргэд ч гэсэн улстөржилтийг хүлээж авахгүй байна шүү дээ.
Ерөнхийдөө Онц байдлыг гамшгийн, нийтийн эмх замбараагүй байдал, дайны болон дайн бүхий байдал гэх зэргээр үздэг л дээ. Парламентын зүгээс холбогдох хуульд зарим нарийвчилсан заалтуудыг ойрын үед тусгая гэж байгаа. энэ нь Монголын болоод дэлхий нийтийн хувьд анх удаагаа үүссэн тооцоолж болшгүй хүчин зүйл шүү дээ.
-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тэр дундаа эдийн засгийн асуудлуудад тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ тухайд?
-Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхий нийтийн өмнө том сорилт тулгарч байна. энэ үед Монгол Улсын төр засаг бүхий л шатандаа нэгдмэл бодлоготой, нэг санаатай байх нь чухал. зөвхөн төр засаг ч гэлтгүй ард иргэд эв нэгдэлтэй байж хамтран зүтгэснээр энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж бид үзэж байгаа. Тийм учраас хаврын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, засгийн газраас өргөн бариад буй "Ковид-19"-ийн нийгэм эдийн засагт учруулж байгаа хүндрэл, бэрхшээл, эрүүл мэндийн салбарт хийх зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаар холбоотой асуудлаар оруулж ирсэн саналыг зарчмын хувьд дэмжсэн. Монгол Улсын засгийн газар, Ерөнхий сайдаас дэвшүүлж байгаа тав гаруй их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон багц асуудлыг хэрэгжүүлснээр өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломж бүрдэнэ. энэ багц асуудлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийг ялгаварлан гадуурхахаа больё, зөвхөн орлого нь буураагүй төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг тусад нь авч үзье гэж шийдсэн. Мөн цаашдаа ажлын байрыг хадгалах чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэх шийдвэрийг бүлгээс гаргасан.
-Цаашдаа дэлхийн эдийн засагт хүндрэл үүсэх нь тодорхой болчихсон. хэрэв цаашдаа нөхцөл байдал улам хүндэрвэл бид яах вэ. Тэр талаар хэрхэн төсөөлж, тооцсон бэ?
-Судлаачид цар тахлаас үүссэн хүндрэл хамгийн багадаа нэг жил хоёр сар, цаашилбал нэг жил зургаан сарын турш үргэлжилж, томоохон хүндрэлийг бий болгоно гэж ярьж байгаа. Дээрх нь эхний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Нөхцөл байдал байдал хэрхэн өөрчлөгдөхийг бид битгий хэл дэлхий нийт ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс бид нөхцөл байдлыг гурван хувилбараар авч үзэж тооцоо хийж байгаа. Өнөөдрийн дотооддоо халдвар тархаагүй нөхцөлд “А” хувилбар хэрэгжиж байна. Магадгүй дотооддоо өвчин гарвал , эсвэл хоёр, гурван жилийн турш үргэлжилсэн хямрал үүсч, үүнийгээ дагаад дэлхийн эдийн засагт гүн хямралын байдал үүсэн Монгол Улсад цар тахал хяналтаасаа гарвал яах вэ гэдгийг тооцон, муу, дунд, сайн гэсэн хувилбаруудыг авч үзэж, саналуудыг боловсруулсан. Ийм ч учраас яаран төсөв тодотгох шаардлага багатай байна гэж үзэж байгаа.
-Төсвийн тодотгол хийж, зарим зардлуудаа танах ёстой биш гэж үү?
-Ерөнхийдөө төсвийн тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа танах асуудал бий. Гэхдээ энэ асуудалд хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх боломжийг Сангийн сайд нээж өгч байгаа. Нэг ёсондоо гадаад томилолт, бичиг хэрэг, урсгал зардлыг танаж, хөрөнгө оруулалтуудаа ч эрэмбэлж байгаа. Төсөв тодотгоод хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох нь нэг талдаа эдийн засгийг улам агшаах талтай. Манай улс жилдээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл тусламжаар 20-иод мянган аж ахуйн нэгж ажил, үйлчилгээ хийдэг. Энэ аж ахуйн нэгжийг дагаад олон тооны иргэд ажил орлоготой байдаг. Нөгөө талдаа хямралын үед эдийн засаг агшиж байгаа. Импорт, экспорт багасаад дотоод эдийн засгийн эрчимжилт суларчихсан байна. Тэр ч утгаараа бид энэ олон аж ахуйн нэгжүүдээр дамжуулж иргэдийг ажилтай, орлоготой байлгаж, тэдгээрийг дэмжих нь эргээд эдийн засгийг идэвхжүүлж байгаа үйл явц. Дэлхий нийт ч ийм байна. Өнөөдөр төсвөө танаж байгаа орон алга. харин ч их олон орон төсвөө тэлж, хөрөнгө оруулалтаар дамжуулж аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн бодлого руу чиглэж байна. Дээр дурдсанчлэн мэдээж тэвчиж болох зардлуудыг эрэмбэлж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 25-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрыг огцорно, огцрохгүй гэх талцсан байр сууриуд үүслээ. Та үүнд тайлбар өгөөч?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад бид олон талаас нь ярьсан. Шинэ үндсэн хуулийн парламент, засгийн газартай холбоотой заалтууд долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр, үүнийг тухайн салбарын органик хуульд нь нарийвчилж хэрэгжилтийн хугацааг нь зааж өгөхөөр тусгасан. Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 2021 оны долдугаар сараас 1-нээс хэрэгжихээр заасан. энэ утгаараа засгийн газрын бүрэн эрхийн асуудал шинэ Үндсэн хууль хэрэгжих тавдугаар сарын 25-наас хойш шууд хөндөгдөхгүй гэж үзэж байгаа. ийм ч агуулгаар протоколд тэмдэглэсэн, тогтоолд орсон, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд туссан. энэ нь улс төрийн зорилгоор сэдэв гаргаж нийгмийг төөрөгдүүлэх гэсэн цөөн улстөрчдийн явуургүй оролдлого.
-Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин төрийн тэргүүний сонгуульд оролцох боломжгүй болсон гэдэг нь хэр бодитой вэ?
-үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүн зургаан жилээр нэг удаа сонгогдож байхаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн эрх үүрэг үндсэн хуульд заасан 18 чиг үүргийн хүрээнд хязгаарлагдана гэж заасан. Шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулаад одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой. энэ эрх нь нээлттэй. Тэр битгий хэл өмнөх үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан хүмүүс ч дахин нэр дэвших боломжтой. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
 
Өдрийн сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ