Тус аймагт коронавирусний халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 295 иргэн байна.
-Үүний 159 нь Улиастайд Халдвартын тасагт эмчлүүлж байгаа бол, Тосонцэнгэл сумын эмнэлэгт 65, Дөрвөлжин суманд 33, Тэлмэн сумын эрүүл мэндийн төвд 15 иргэн эмчлүүлж байна. Харин Цэцэн-Уул, Цагаанчулуут, Идэр, Баянтэс, Отгон, Алдархаан сумдын Эрүүл мэндийн төвд мөн 2-8 иргэн тус бүр хэвтэн эмчлүүлж байна.
Гэрээр нийт 35 иргэн Улиастай, Тэлмэн, Алдархаан, Их-Уул сумдын өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 67 нь биеийн байдал хүндэвтэр байна. Маш хүнд нэг хүн байгаа. Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Аймгийн хэмжээнд PCR шинжилгээ хийгдээгүй, нөөц дууссан байна. Харин түргэвчилсэн оношлуураар 17 иргэн халдвар авсан нь батлагдаад байна. Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон бусад өвчлөлөөр онош тодруулах, амбулаториор үйлчилгээ авахдаа шаардлагатай тохиолдолд заавал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч байгаа. Мөн сайн дураараа шинжилгээ өгөх иргэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр төлбөртэй шинжилгээ өгч байна. Коронавирусний халдварын тоо буурахгүй байгаа. Аймгийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй томоохон сумдад халдварын тоо их буюу нийт батлагдсан тохиолдлын 69 хувь нь аймгийн төв Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Дөрвөлжин сумдад байна. Тиймээс иргэдийг хүн хоорондын зайгаа барих, амны хаалт заавал зүүх, гарын ариун цэврийг ягштал баримтлахыг дахин зөвлөж байна. Халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад хувь хүн өөрөө хариуцлагатай байх нь л чухал болоод байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.