Сүүлийн үед Ховд аймагт шинэ ургацын хүнсний ногооны нөөц нэмэгдэж байгаа тул үнэ ханш 1000-2000 төгрөгөөр буурчээ.
Ховд аймгийн төв захийн худалдаа эрхлэгчид анх шинэ ургацын төмсийг кг тутамд 2500 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл энэ сарын 10-ны өдрийн байдлаар үнэ ханш буурч, төмс кг тутамд 500-600 төгрөг боллоо.
Мөн одоогоор манжин, байцаа кг тутамд 1000-1500, лууван 2000-2500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин сонгино 3000-3500 төгрөгийн үнэтэй байгаа бол хүрэн манжин кг тутамд 2000-2500 төгрөгийн үнэтэй байна.
Үүнээс гадна нутгийн брэнд болох тарвас анх худалдаанд гарахдаа кг тутамд 3000 төгрөгийн үнэ ханштай байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар үнэ буурч, кг тутамд 1000-1200 төгрөгөөр борлуулж байна.
Хүнсний ногооны эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан цаашид үнэ ханш буурах хандлага ажиглагдаж байна гэж орон нутгийн худалдаа эрхлэгчид хэллээ.