Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сорилтоор дүүрэн Л.Оюун-Эрдэнийн өдрүүд



Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод зургаан сар гаруй боллоо. Анх болоход нь “Дөрвөн сар болоод л огцорно” гэцгээж байсан. Бодвол МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-д ч, засагт ч “хөдөлгөөн” орох ёстой гэж хэн нэгэн үзсэн юм шиг байгаа юм. Гэвч тийм зүйл болсонгүй. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болчихсон.
Л.Оюун-Эрдэнийг албан тушаал талаас нь харвал тун хурдан өгсчихсөн юм. 2016 онд УИХ-ын гишүүн болж байсан Л.Оюун-Эрдэнэ гурван жилийн дараа ЗГХЭГ-ын дарга, дөрвөн жилийн дараа Ерөнхий сайд болчихож байгаа юм.
Гэхдээ энэ удаа Л.Оюун-Эрдэнэд ирсэн Ерөнхий сайдын албан тушаал маш хүнд ачаатай. Коронавируст цар тахлын үе таарсан. Хүн төрөлхтнийг сөхрүүлж буй энэ цар тахал Монголыг тойрсонгүй. Тойрохгүй нь ч ойлгомжтой. Хэдэн мянган хүн өвдөж, хэдэн зуун хүнээ алдлаа. Энэ цар тахлаас хэзээ ангижрахыг  бөөрөнхий дэлхий дээр одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.
Чухам ийм цаг үед дэлхийн эдийн засаг үүдээ барьж, улс орнууд үүцээ шавхаж байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеийг давж гарна гэдэг улс орнуудын хувьд маш том шалгуур болоод байгаа юм.
Ер нь Л.Оюун-Эрдэнэд очсон Ерөнхий сайдын суудлыг коронавируст цар тахлын аюул, тархалт, үүний эсрэг вакцин, Ерөнхийлөгчийн сонгууль, удахгүй болох нөхөн сонгуулиуд, эдийн засгийн уналт, авлигын эсрэг тэмцэл гээд олон асуудал дагасан.
 
Харин тэрбээр энэ асуудлуудыг тайван шийдэж, бага багаар давсаар байна. Хүн амын вакцинжуулалтыг 60 хувь давуулчихлаа. Энэ уг нь амаргүй ажил гэдгийг ДЭМБ нотлоод байдаг. Энэ вакцинжуулалтын асуудлаар дотооддоо өөлүүлж, гадаад ертөнцөд үнэлүүлж яваа нь үнэн юм.
Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сайн муу хэлүүлсэн ч зах зээлд эргэлт үүсчихээд байгаа юм. Ингэж ажилласнаар эдийн засгийн өсөлт “-6”-гаас “+6” болж өсчээ. 2019 оны өдий үетэй ижил хэмжээнд оччихсон тоон үзүүлэлт гарсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн хагас жилийн хугацаанд Цэцийн асуудал, хөл хорио, Оюутолгойн 300 мянган төгрөг зэрэг санаанд оромгүй хувилбарыг тэр гаргаж хэрэгжүүлэв.
Одоо авлигын индексийг бууруулахаар эхлүүлсэн акц нь эрчимтэй явж байна. Зам-Үүд боомтод нэлээд том салхи орууллаа. Цаашлаад Гашуунсухайт, тэндхийн тээвэрт гардаг авлигын асуудал сөхөгдөх юм байна. Мөн олон жилийн авлигын “наадам”-д торгон жолоо өргүүлж ирсэн гаалийн байгууллага энэ үйл ажиллагааны хүрээнд цэгцрэх бололтой. Нөгөө талаас төрийн дунд, доод шатны албан хаагчдын голдуу холбогдддог авлигын асуудал энэ акцны гол анхааралд байх ажээ.

Авлигын эсрэг тэмцэл нь үргэлжилнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлээд байна лээ. Үүний нөлөөгөөр эрх ашиг нь хөндөгдөж буй улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүд ч нэгдэж нийлээд эсэргүүцэх чимээ бас бий. Гарах л ёстой үзэгдэл.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Японд хийсэн ажлын айлчлал тун сайн, үр дүнтэй болсон гэж экспертүүд дүгнэсэн байна. Олимпийн нээлттэй давхцуулсан энэ айлчлалынхаа эхэнд нутаг нэгтнүүдээсээ шүүмж их сонссон. Харин айлчлал үргэлжилж Японы ерөнхий сайдтай улс төр, эдийн засгийн том хэлцэл хийж, эх орондоо буцах замдаа Солонгосын ерөнхий сайд, тус улсын “Эксим” банкныхантай хийсэн уулзалтаар бас хөрөнгө оруулалт татах тал дээр сайн хэлэлцээр хийж чаджээ.
Ерөнхийд нь харвал Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноос нь хойшх өдрүүд сорилт дундуур л өнгөрч байна. Юм юмтай. Ажлын амжилт муугүй. Боломжийн гарц гаргалгаа олчихсон шийдлүүд нэлээд байна. Шүүмжлэл ч багагүй дуулддаг. Энэ ч байх ёстой. Улс төр шүү дээ.
Хамгийн гол нь Монгол Улс энэ коронавируст цар тахлыг хохирол багатай давж, эдийн засгаа сэргээгээд, авлигагүй, “шилэн” нийгмийг бий болгох нь нийтийн ашиг сонирхол юм л даа. Засаг төр үүнд л нийцэж ажиллах учиртай юм.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ