Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны зургаан сард болохоор тогтсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн товыг хойшлуулах санаачилга гаргасан боловч хоёр нам эсрэг байр сууриа нэгэнтээ илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч уг санаачилгыг гаргахдаа арваад үндэслэл дурдсанаас хамгийн чухал, анхаарч үзэх ёстой гэж үзсэн хоёрыг онцолж байна.
Нэг. Эдийн засгийн хэмнэлт, зохистой зарцуулалт - “Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.”
Хоёр. Олон хүнийг нэг дор цуглуулахаас урьдчилан сэргийлэх. “Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэй улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусийг халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна. ”БНХАУ-ын Ухань хотоос эхтэй КОВИД-19 вирусын эсрэг вакцин ирэх жилийн өдийг хүртэл бэлэн болохгүй гэдэг дээр эрдэмтэд, шинжээчид санал нэгдээд байгаагаас гадна бэлэн болсон вакциныг дэлхийн улс орон бүрт хүргэж, ард иргэдэд нь тараахад түүнээс ч урт хугацаа орохоор байгаа аж. Тиймээс чинээлэг улс орнууд хүртэл бүсээ чангалж, тэвчиж болох зардлыг хойшлуулж байгаагаас гадна маш хатуу дэглэм тогтоосон. Хүний эрх, эрх чөлөөг хамгийн эрхэмд үздэг гэгддэг АНУ болон Европын орнууд “онц ноцтой шаардлага”-гүйгээр гэрээсээ гарсан хүмүүст торгууль бичиж, хуулийн хариуцлага хүлээлгэхээ зарлаад байна. Эрх чөлөөний “бэлгэ тэмдэг” болсон Нью Йорк хот 100,000 хүний үхэлд бэлдэж байгаагаа зарлан, нас барсан иргэдээ оршуулах газаргүй болох юм бол цэцэрлэгт хүрээлэнгүүдээ ашиглахаар төлөвлөж байгаа. Хэдхэн долоон хоногийн өмнө Олимпоо хийнэ хэмээн “зүтгэж” байсан Япон ч Олимыг хойшлуулж, онц байдал зарласан. Манай хөрш болох ОХУ-д халдвар өдрөөр бус цагаар, нэгээр биш мянгаар нэмэгдэж байгаа тул иргэддээ цалинтай амралт олгож, улс даяар карантин тогтоосон. БНХАУ-д хоёр дахь “давалгаа” тохиох эсэх дээр хүн бүр ажиглаж байна. Жишээ нь Хонг Конгчууд КОВИД-19 халдварын хоёр дахь давлагааг тэсэн гарахаар бэлдэж байгаа бөгөөд гурав, дөрөвдөгч давлагаа ч гарч магадгүй гэж үзэж байгаа юм байна.
Монгол улсын хувьд эхний давалгаагаа ч даван гарах эдийн засаг ба эрүүл мэндийн салбарын хүчин чадал, чадавхи байхгүй. Энэ цар тахлаар нас барагсад зүгээр нэг үхэхгүй тарчлан зовж, ойр дотныхоо хүмүүстэй хагацах ёс ч хийж чадалгүй цор ганцаар буцдаг. Амьсгал бүр нь өвчин дагуулж, хамаг бие нь өвдөн өөд болж байгаа хайртай хүмүүсээ, эмээ өвөөгөө, ээж аавыгаа, үүр хүүхдээ цонхны цаанаас л харж буй тухай мянга мянган гунигт хагацлын түүхийг бид өглөө бүр уншиж байна. Манайх байтугай дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжингүй улс орнуудын эмч сувилагч нар зүүх хамгаалалтгүй, арга ядсандаа хогийн уутаар аргацааж байгаад өөрсдөө өөд болж байна. Амьсгал орлуулагч аппаратнаас гадна эмнэлгийнх нь хүчин чадал хүрэхгүй зарим хүмүүсийг гэр рүү нь буцааж гэртээ өөд болсон цогцосыг нь ч авахгүй байна.
Гэтэл яагаад манай намууд сонгууль хийнэ гэж зүтгээд байгаа вэ. Нэгэнт зарцуулсан мөнгөндөө харамсаж, сонгуульд зориулсан төсөв нь зургаан сар хүртэл л тооцоологдсон болохоор уу? Хэвлэл, ПР, сонгуулийн ажилчид, штаб болон байгууллагуудтай хийсэн гэрээний чинь хугацаа хоёр сарын дараа дуусчих гээд сандраад байна уу. Эсвэл энэ нөхцөл байдлыг ашиглаад “мапантай” сонгууль хийх гэж үү. Хаяанд ирсэн цар таахлаар сэргийлэх үүднээс онлайнаар сонгууль явуулах санаачилга гаргаж байгаа тухай хүртэл сонсогдох боллоо. Улсын Их Хурлын гишүүд нь өнөөдрийг хүртэл хурууны хээгээрээ саналаа өгч сурахгүй байгаа улс маргаангүй сонгууль онлайнаар зохион байгуулна гэдэгт итгэх хүн ховор. Чадлаа ч гэсэн тэр мөнгөө эдийн засаг, ард иргэд, бизнесүүдээ дэмжихэд зарцуулах нь илүү чухал. Нөгөө 200 мянган төгрөгийг хэнд, яаж өгөхийг хэн ч тодорхой мэдэхгүй байна. Мөн улсын өмчит цахилгаан дулааны газрууд хувийн хэвшлүүдийг бид төсвөө бүрдүүлж байна хэмээн “дарамталж”, “шантаачилж” байгаа атлаа сонгууль хийнэ гэж дайраад байдаг нь ямар учиртай юм бэ. Ард иргэдийн чинь амьдрал, эдийн засаг чинь зогссон ч ямар ч үнээр хамаагүй хийх ёстой сонгууль юм уу. Зургаан сард сонгууль боллоо ч гэсэн шинэ дарга нар нь хөл толгойгоо олох гэж “зодолдох” шилжилтийн үед хил дээр нь ба улс дотор нь онц ноцтой тахал ирсэн ард иргэд чинь яах вэ. 
Улсын Их хурлын ээлжит сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх жил хийвэл цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай болсон хөрөнгө мөнгөө харин ч хэмнэх бус уу. Сингапурын Засгийн Газрын бүх сайд, дарга нар нь Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийнхөө хамт нэг сарынхаа цалингаас татгалзаж КОВИД-19 тэй нүүр тулж байгаа эмч сувилагч нартаа өгсөн. Манайд цалингаасаа татгалзсан нэг ч болтугай эрх мэдэлтэн байгаа юу. Тэгсэн хэрнээ манай улс төрийн намууд цалинг таван сая болгоно, хүн бүрт байр гэж амласаар. Ингэж худлаа амлаж, ард иргэдээ доромжилж, сонгууль гэж зүтгэж байхынхаа оронд байгууллагуудаа ус, цахилгаан, газар, үл хөдлөх ба МҮОНРТ-ын татвар хураамжаас чөлөөлж, найман хувийн байрны зээлээ идэвхижүүлж, амласан 200 мянгаа өгөх ёстой бус уу. Та бүхэнд ард иргэдийн чинь амь нас, ажлын байрнаас ИЛҮҮ улс төрийн ашиг хонжоо, эрх мэдэл чинь чухал уу? Эрхэм хүндэт улс төрчид ба улс төрийн намууд минь хэт харалган, эрх мэдэлийн төлөө шуналаасаа татгалзаж, улс орныхоо, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит нөхцөл байдлыг анзаарч, анхаарч энэ аюулт вирус улс төрчид та бүхнийг ч тойрч биш дайрч гарч байгааг дэлхийн бусад улс орнуудын төр засгийн өндөр дээд албан тушаалтнуудын жишгээс харан, тунгаавал зөв шийд гаргаж юуны магад!

Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ