Архангай аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргаа огцруулав. Ингэхдээ нийт 39 төлөөлөгчийн 21 нь уг хуралд оролцож, 20 хүний саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан юм. Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын төлөөлөгч, 19 нь МАН-ын төлөөлөгч бөгөөд тус аймагт АН засаглаж байсан ч ийнхүү АН-аас томилогдсон Засаг даргаа МАН-тай хамтарч "хөмрүүллээ". АН-ын бүлгийн гишүүдийн гарын үсэгтэй Засаг даргаа огцруулах албан бичгийг АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат нь "эвлүүлэг" хэмээж байна. Мөн Засаг даргаа огцруулах хуралд АН-аас гуравхан төлөөлөгч оролцсон ч хоёр нь намынхаа эсрэг санал өгч "урвагч" гэх нэрийг зүүж орхив. Уг хоёр саналын гороор Ардчилсан засаг ноён Д.Золжаргал ийнхүү огцорсон юм.
АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн мэдээлж буйгаар Д.Золжаргал огцорсонд Экс Ерөнхийлөгч Х.Баттулга буруутай гэнэ. Учир нь "Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна" гэжээ. Мөн "Сая урвасан 3 урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо" гэсэн юм.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хуралд оролцсон гурван төлөөлөгч нь аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Р.Нямдорж, ИТХ-ын төлөөлөгч Э.Баттулга нар байжээ. Тиймээс уг гурван эрхмийн хоёр нь Засаг даргаа огцруулахыг дэмжиж, намынхаа эсрэг бодлого явуулсан болж таарч байна.
Харин аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нь “дэмжихгүй” гэсэн санал өгсөн гэдгээ намынхандаа хэлжээ. Тодруулбал, Засаг даргыг огцруулах хуралд оролцсон 21 төлөөлөгчийн 20 нь дэмжсэн, нэг нь дэмжээгүй. Тэр дэмжээгүй хүн нь өөрийгөө гэжээ. Мөн тэрбээр төлөөлөгчдийн өргөн барьсан огцруулах бичгийг арга буюу хурал зарлаж хуралдуулсан хэмээн намын нөхөддөө тайлбарлаж байгаа ч өвчтэй байгаа Засаг даргаа эзгүй хойгуур нь ядаж явуулахгүй байх ёстой байсан гэх шүүмжлэлд нам дотроо өртөж буй гэнэ. Гэвч намынх нь түүнийг дэмжээгүй санал өгсөн ч хурлыг удирдаж, зохион байгуулсан нь анхнаасаа засгаа унагах сонирхолтой байсан гэж хардаж байгаа аж. Учир нь Засаг дарга нь эзгүй хойгуур хурал зарлаж хуралдуулсан, хамт хуралд орсон АН-ын хоёр төлөөлөгчийг намынхаа эсрэг санал өгөхийг болиулаагүй гэж үзэж байгаа юм байна.
Олонхи болсон ИХТ-ын дарга бол аймгийн Засаг даргаас илүү улс төрийн хүчтэй. Тийм атал Б.Батжаргал яагаад түүнийгээ гаргасангүй вэ, ямар шалтгаанаар Д.Золжаргалыг хамгаалсангүй вэ. ИТХ-ын дарга Б.Батжаргалын хэлсэнчлэн тэрбээр дэмжихгүй гэх санал өгсөн байлаа ч тэргүүлэгч Р.Нямдорж, төлөөлөгч Э.Баттулга нартай нийлж, засгийнхаа эсрэг ажилласан гэж намынхан нь үзэж байна.
Мөн өөр нэгэн зүйл нь тус хуралд аймгийн Засаг дарга Д.Золжаргал оролцоогүй. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, тэрбээр тусгаарлагдаад байжээ. Халдвар авч, тусгаарлагдсан мэдээллийг нь ИТХ-нд танилцуулсан ч ийнхүү хурлыг Д.Золжаргалын эзгүйгээр хийж, огцруулсан нь хууль бус гэж аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийнхэн үзэж, өнөөдөр хуралдахаар болоод байгаа юм байна.
Г.Лхагвадорж
https://ubn.mn/p/16085