Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нэг хүний амь хохирсон бол 10 хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна.
- Ноцтой зам тээврийн ослыг дурдвал, өнгөрсөн сарын 31-ны 18.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй UB MOTO загварын мотоцикл онхолдож, жолоодож байсан 13 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд өөд болжээ.
Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтуугаар осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэжээ.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад дуудлага мэдээлэл 1.7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 3.2 хувиар нэмэгдэж, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар багассан байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогчдод зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.