Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байгалийн хийн хоолойд баярлах болоогүй...


Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн 99 хувийг Орос Хятад хоёр өгч авалцах учраас монголчууд бид баярлах болоогүй, тэгэх тусмаа гол хэрэглэгч захиалагч хятадууд хийгээ монголоор дайруулж авах эсэх талаар ам ч ангайгайгүй таг чиг байхад, авлаа гэхэд тэр болтол зай ч байна лай ч байна гэдэг шиг наандаж техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах таван жил, барьж дуустлаа арван жил нийтдээ арвантаван жил бид улаан лууны аманд багтаж цагаан баавгайн савруунд атгаастай байна гэсэн үг. Энэ нь бариулахын тулд бид шанд нь Шанхайд шахуулж ардчилал эрх чөлөө Америк НАТО хэмээн далчигнахгүй байх зэрэг ам мөчгөө өгөхөөс эхлээд баярлуулаад байгаа хоолойгоор маань байгалийн хийгээ баавгай луу хоёр өгч авалцахдаа тулбал яг ямар нөхцөл болзол бидэнд тулгахыг тааж мэдэшгүй.
Одоо үед хийн хоолой дан ганц нэг улсын гуйлтаар бус гурвалсан улсын чин хүсэл тэмүүлэл бүр заримдаа гучаад улсын нэгдмэл ашиг сонирхол харилцан буулт дээр асуудал шийдэгддэг болсон цаг. Уг нь бид гуйх биш харин оросууд ерээд онд гуйхад нь бид өөрсдөө нөхцөл болзлоо тулгаад барьчихсан бол өдийд манай Ерөнхий сайдын Орост хийсэн арванхоёрдугаар сарын айлчлалтай зэрэгцүүлэн бодлогоор нээлтээ хийж байгаа Сибирийн хүч хийн хоолойн нөөц баялаг зам маршрут монголоор дайрч хөрөнгө оруулалт үр өгөөж нь монголд шингэх байлаа. Тухайн үед оросуудыг бид бараг л Шөнөжингөө нүргэлээд байшин барилга бариад гагнуур хийгээд нүд гялбуулаад унтуулахгүй байна гээд дарга цэрэггүй хөөж тууж гаргасан тийм нийгмийн синдромтой ерээд онд алдсан шигээ хоёрдахиа алдаж өнөөдөр монголчууд бид араатны аманд өөрсдөө гуйж гүйж очиж ормооргүй байна. Тухайн үедээ оросуудтай аятайхан шиг байж байгаад одоогийн UB palace-ийн буурин дээр бараг бариад дуусгаж байсан Спорт цогцолбороо гүйцээгээд, Гацууртын хар усан тохойн усан сангийн төсөл төдийгүй хийн хоолойгоо барьчихсан бол өдийд бид Ази Европын аашинд нь тохируулан крантаа нээж хаасан шигээ устай утаагүй Улаанбаатартаа маадайж суухгүй юу. Эрчим хүч хийн хоолойн эцсийн хэрэглэгч захиалагч болох Хятад улс Алтай чиглэлээр шууд Оросоос орж ирэх хийн төслийг арвантаван жил аргацааж хойш сууж аль болох хямд төсөр төв азийн торгоны замаар хөврөх туркмен мэтийн төсөл газ дээр тоглолт хийсээр байхаар нь Оросууд аргаа бараад одоогийн бидний хөөрцөглөөд байгаа энэхүү альтернатив монгол дүр хувилбарыг гаргаж ирж шавдуулаад ч Бээжин таг чиг чимээгүй суух нь транзит газанд хятадууд угаасаа дургүйтэй холбоотой.
Эцсийн эцэст Орос Хятад хоёр үнийн санал дээрээ тохиртлоо биднээр баахан амлалт үүрэг авхуулж ам мөчгийг нь авч хошгируулж хошгируулж байгаад ямарч транзит төлбөр тооцоогүй Алтай нурууныхаа 54 км зурвасхан орой дээгүүр хоёр талаасаа хоолойгоо холбон баруун зүүнээрээ байгалын хийгээ өгч авалцан арвантаван жил удаан ч гэсэн урагшлаж байгаа Алтай төслөө юуны өмнө чулуу болгох нь тэдэнд ашигтай. Одоо бол оросууд коммунист социалист ахан дүүс байхаа больж өөрт ашигтай нөхцөл байдлаа тулгадаг болсон цаг томордог цаг болсон, харилцан ашигтай гэхээсээ илүү зөвхөн өөрт ашигтай арилжаа наймааг илүүд үзэж, байгалийн хий нефтээ аюулгүй байдал улс төрийн түлхүүр болгон ашигладаг болсон цаг. Ялангуяа транзит хийн хоолойн тухайд оросууд анд нөхөд белорусь украин нартаа хангалттай хулхидуулж замаас нь хулгайд хийгээ алдсаар байгаад бүр долоо буудуулсан чоно шиг хаширсан товарищууд. Ямартаа, транзит бус чиглэлээр бол ямар ч үнэ цэнээр хамаагүй шууд нийлүүлэх хийн хоолойг илүүд үзэж хятад орос монгол казакстан дөрвөн улсын торгон уулзвар уул хадтай Алтай нурууны 54 км зурвасаар хоолойгоо барихаар арвантаван жил зүтгүүлж хятадтай залгахад бараг бэлэн болгосон. Тухайн үедээ торгоны зам цайны замаар цай гэдэг геополитикийн хүчтэй товар одоогийн нефть хий шиг урсаж байх үед цайндаа хорхойсох Орос Англи хоёр транзит тээврээс татгалзаж дорно зүгт Гонконг Порт-Артур Аляска хүртэл газар нутгаа тэлсээр цайгаа өөрсдөө шууд зөөснөөр нэг нь төмөр замын нөгөө нь далайн супер гүрэн болсон түүхтэй. Цай анх алдарт торгоны транзит замаар дамжин хятадаас Орос Европ Англид хүрч байсан ч зуучлагч худалдаачид дундаас нь үнээ нэмсээр байгаад асар өндөр үнээр Лондонд хүрч байв. Үүнд ундууцах англичууд цайгаа хятадаас шууд усан замаар очиж авахын тулд тэнгисийн флотоо сайжруулсаар байгаад далайд хэнд ч дийлддэггүй далайн гүрэн болсон бөгөөд бүр давраад Хятадаас төлбөрөөр цай авснаас өөрсдөө Энэтхэг Шри-Ланкаг дараа нь Африкийн талыг колончлон үнэгүй цай тариалах түшэц газраа болгосноор дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон юм.
Торгоны замаар дамжиж Москвад очих цай нь мөн л үнэтэй тусах тул цайндаа ойртох зорилгоор Орос улс дорно зүгт жилээс жилд хүрээгээ тэлсээр 1727 онд Чин улстай Буурын гэрээ гэгчийг байгуулж цайгаа Хиагтаар дамжуулж авах болсон бөгөөд Бээжингээс мянган тэмээгээр гарсан цайны цуваа сүүлдээ үхэр тэрэг морин чаргаар бүтэн жил явж Москвад орж ирдэг ч торгоны зам Бухарын дамчдаас авдаг байсан цайнаас гурав дахин хямд тусч байлаа. Аажмаар англичууд өөрийн колони орнуудаас цайгаа татах болсноор хятадын цайны зах зээлийг оросууд эзлэж хятадын нутаг дээр найман том цай боловсруулах үйлдвэр, анхны төмөр замыг барьж ашиглалтанд оруулан цайгаа Аляска Европ хүртэл зарах болов. Үүний гол судас болох Бээжин Хүрээ Хиагт Москвагийн чиглэлд нийтдээ 9000 км-ын цайны замыг туулж гурван жилдээ ганцхан эргэдэг хүндхэн бизнесээс оросууд зүрхшээж цайндаа улам ойртох зорилгоор транс-сибирийн төмөр замыг тавьж 1903 онд ашиглалтанд оруулж Владивостокын боомт давхар ажилд орсноор манай Хиагтын цайны зам зогсонги байдалд орж монголын хөгжил эдийн засагт хүчтэй цохилт болсон юм.
Өнөөдөр ч гэсэн Ази Европын гол хаалга Улаанбаатар Хиагт-Наушки байхаа больж монголын хоёр талаар нефть хийн хоолой бусад бараа товар хойшоо урагшаа урсах нь транзит зарчмаас төвөгшөөж ирсэн их гүрнүүдийн бодлого түүх давтагдаж байгааг манай шийдвэр гаргагчид анзаарч байгаа бизээ. Тиймээс геополитикийн том тоглоом крант түлхүүрийг эзэгнэх чадалтай хийн хоолойг монголын нутгаар бариач тавиач гэж гуйж гувшаад барина тавина гэсэн гэж баярлаж хөөрцөглөөд амьтны аманд очиж багтаад хэрэггүй харин түүнийг монголын нутгаар дайруулахад бид татгалзах зүйлгүй хамтран ажиллахад бэлэн гэдгээ тунхаглаад л асуудлыг гол хоёр захиалагч нийлүүлэгчийн дунд нь хаячих хэрэгтэй. Тэгээд Орос Хятад хоёр Монголд ямар богцтой орж ирэхийг харъя, учир нь уг багц богц байгалийн хийн хоолойн 99 хувийг тэр хоёр л өгөлцөж авалцах учраас.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ