Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлтэй уулзаж, орон нутгийн мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашид хийхээр төлөвлөсөн зарим үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Ховд аймгийн Мал эмнэлгийн газар өнгөрсөн онд ямар зорилт дэвшүүлж ажилласан бэ? Зарим ажлын амжилт ололтоос дурдвал?
-Манай мал эмнэлгийн байгууллага захиргаа санхүү, мал амьтны эрүүл мэнд болон лаборатори гэсэн гурван албатай.
17 суманд мал эмнэлгийн тасаг, хувийн хэвшлийн үйлчилгээний нэгжид 47 мал эмнэлэгт 31 их эмч, 25 бага эмч ажиллаж, эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг тусгай төлөвлөлт, стандартын дагуу гүйцэтгэж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “Орон нутгийн мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн чадавхыг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан таван зорилт бүхий нийт 41 ажил, үйлчилгээг төлөвлөж, 100 хувийн гүйцэтгэлтэй амжилттай хэрэгжүүлсэн.
Эдгээр ажлын зорилго нь мал эмнэлгийн салбарт мөрдөх эрх зүйн баримт бичиг, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сумдын мал эмнэлгийн тасгийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, бэлэн байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, малын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мал амьтны гоц халдварт өвчингүй “тайван бүс нутаг” болоход чиглэж байсан юм.
Улмаар аймгийн Мал эмнэлгийн газар 2020 онд дэвшүүлсэн зорилт, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлж, шилдэг тэргүүний байгууллагын шагналыг гардан авлаа.
Үүнд бидэнтэй хамтран ажилласан аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад мэргэжлийн байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй байсан гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.
Тухайлбал, аймгийн ИТХ, Засаг дарга нь мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрт 100.0 сая, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, лаборатори болон мониторинг шинжилгээнд 496.6 сая, нийт 596.6 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс батлан санхүүжүүлж, хамтран ажилласан.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд “Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем”-ийг Ховд аймгийн бүх суманд нэвтрүүлж, 47 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг ухаалаг төхөөрөмж, суурин болон зөөврийн хэвлэгчээр бүрэн хангав.
Ингэснээр мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулж, эрүүл аюулгүй байдлыг хангах боломж бүрдлээ.
-Ховд аймагт малын өвчлөл хэр байна вэ?
-Бид мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалт, угаалга туулгалт, боловсруулалтын ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэн. Ховд аймагт сүүлийн хоёр жилийн хугацаанд мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй, харьцангуй тайван байдлаа хадгалж байна.
2020 оны тухайд тус аймгийн 9 сумын 17 багт долоон төрлийн халдварт өвчний 30 голомтод 135 толгой мал өвчилсөн. Үүнээс 29 мал хорогдож, 102 нь эдгэрч, дөрвөн малыг устгасан байна. Энэ бол өмнөх онтой харьцуулахад халдварт өвчний гаралт 2.1 дахин буюу 54.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын ажил хэрхэн өрнөв?
-Манай хамт олон боом, галзуу, томуу, дуут хавдар, сохор догол зэрэг 10 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтад нийт 1199.6 мянган толгой малыг хамруулахаар төлөвлөж байсан. Улмаар 2020 оны төлөвлөгөөт дархлаажуулалт 98.0 хувьтай хэрэгжиж, 1175.6 мянган толгой мал вакцинд хамрагдсан.
Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих вакцины тарилгын үйлчилгээний хөлсийг аймгийн ИТХ-аар батлуулж, 295.9 сая төгрөгийг сумдын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хуваарилан олголоо. Мөн 97.3 сая төгрөг буюу вакцины үнийн зардлыг шийдвэрлэсэн.
Түүнчлэн малаас хүнд халдварлах эрсдэлтэй бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, нийт 719.6 мянган толгой төл малыг хамруулах төлөвлөгөө байсан. Үүнд нийт 4389 өрхийн 713.3 мянган толгой мал (тугал 36.4 мянга, бог малын төл 676.9 мянга) хамрагдаж, дархлаажуулалт 99.1 хувийн гүйцэтгэлтэй байна гэх дүн мэдээ бий.
-Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний тухайд?
-2020 онд 23 төрлийн шимэгчтэх өвчнөөр 10247 толгой мал өвчилсөн. Үүнээс дөрвөн мал хорогдож, 10243 мал эдгэрсэн байна.
Бид мал угаалга, боловсруулалтын ажлыг эрчимжүүлснээр гадна шимэгчтэх өвчин өмнөх оноос 80 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Өнгөрсөн онд Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөний дагуу бүх үхэр, бог малыг угаалгад хамруулахаар зорьж ажилласан. Ингээд анх удаа аймгийнхаа нийт мал сүрэг буюу 3.221.1 толгой малыг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулсан.
Түүнчлэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн угаалгын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1.5 тонн угаалгын бодис, боловсруулалтад 400 л ивермектин бэлдмэл тус тус олгож, “Мал угаалга-2020” сэдэвт хоёр сарын аян өрнүүлсэн.
Энэ хүрээнд 2020 онд угаалгад 2929800 мал хамрагдахаас 2412400 буюу 82.3 хувь нь хамрагдсан. Мөн туулгад 548500 толгой мал хамрагдахаас 484036 буюу 88.2 хувь нь хамрагдсан байна.
Түүнчлэн 13900 нохой туулга үйлчилгээнд хамрагдахаас 6537 буюу 47 хувь нь хамрагдаад байна. Харин боловсруулалтад 480100 толгой мал хамрагдахаас 390309 буюу 81.2 хувь нь хамрагдсан гэх тооцоолол гарсан байдаг.
Харин 2021 онд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 17 сумын 7936 малчин өрхийн давхардсан тоогоор 3.561.367 толгой мал хамрагдах төлөвтэй байна.
Үүнээс угаалгад 1.970.897, туулгад 740786, боловсруулалтад 845.666 толгой малыг хамруулахаар төлөвлөсөн. Мөн 4018 нохойг туулгад хамруулна гэж төлөвлөгөөнд тусгасан байгаа.
-Тодорхой цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийсэн гэж сонслоо?
-Монгол Улсын Ерөнхий сайдын 01 албан даалгаврын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын А/126 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/12 дугаар тушаал гаргаж, “Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” батлан орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх, сэг зэм устгалын ажил зохион байгуулсан.
Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд 7454 мал, амьтны сэг зэм устгалаа. Мөн хашаа хороо, өтөг бууц, худаг, уст цэг, бэлчээр, агуулах, зоорь, устгалын цэг, нийтийн эзэмшлийн талбай зэрэг нийт 470902.0 мянган м/кв газарт халдваргүйжүүлэлт хийв.
Харин 2021 оны тухайд мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхээр нийт 672.6 мянган м/кв талбайг төлөвлөгөөнд тусгасан. Бид Мал эмнэлгийн ерөнхий газарт халдваргүйжүүлэлтийн ажлын тухай мэдээг долоо хоног бүр уламжилдаг. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 15787 м/кв талбайг халдваргүйжүүлээд буй. Үүнд нийтийн эзэмшлийн талбай 530, хашаа хороо 7153, өтөг бууц 295, худаг уст цэг 80, бэлчээр 530, агуулах, зоорь, түүхий эд хадгалах цэг 6960 м/кв тус тус байна.
-Гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх ажил хийсэн. Гол зорилго нь юу байв?
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр нохой, муурыг бүртгэж гэрчилгээжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулахаас гадна нохой, муур эзэмшигч иргэдэд эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зөвлөмж өгөхөд энэхүү ажлын гол зорилго чиглэж байсан.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр нохой, муурнаас үүдэлтэй халдварт, шимэгчтэх өвчнөөс хүн, мал амьтныг хамгаалах, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Нохой, муур тэжээж буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажилласанд талархалтай байна. Манай аймгийн хувьд гэрчилгээжүүлэлтийн ажил 60 гаруй хувьтай явж байгаа.
-“Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд энэ жил ямар ажил хийх вэ?
-Тус хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд “Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн цахим систем”-ийг Ховд аймагт нэвтрүүлэх ажлын хүрээнд 17 сумын мал эмнэлгийн тасгуудад зөөврийн компьютер, ухаалаг төхөөрөмж, малын ээмэг зэргийг олгосон.
Энэ жилийн тухайд тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 40.0 сая төгрөг олгоно. Иймээс 2021 онд хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад байна.
Эхний ээлжинд малын шилжилт хөдөлгөөний босоо болон хэвтээ тэнхлэгийн замын хяналтын цэгт тэмдэг, тэмдэглэгээ хийнэ. Мөн Дарви, Булган, Мянгад, Манхан, Жаргалант сумын байнгын ажиллагаатай хяналтын цэгт мэдээллийн самбар, таних тэмдэг байршуулах, малын халдварт болон гоц халдварт, шимэгчтэх өвчний тархвар зүйн зураглал хийх, малын эмч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, зэрлэг амьтны шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн байдалд ажиглалт, тандалт судалгаа хийх, сумдын тасаг нэгжүүдийг зөөврийн хөргүүрээр хангах зэрэг нэлээд ажил төлөвлөсөн.
-Танай байгууллага 2021 онд ямар зорилт дэвшүүлсэн бэ? Зарим ажлын эхлэл тавигдсан байх?
-Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон салбарын хууль тогтоомж, холбогдох бодлогын баримт бичгийг үндсэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас 2021 оныг “Мал эмнэлгийн салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах” жил болгон зарласан. Иймээс манай байгууллага 32 зорилт бүхий 62 ажил, үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Манай байгууллагаас гурван ажлын баг гарч, энэ сарын 15-20-ны өдөр хөдөөгийн сумдад бүсчилсэн хэлбэрээр ажиллалаа. Энэ үеэр 17 сумын Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжүүдтэй 2021 онд хамтран хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны гурвалсан гэрээ байгуулсан. Тэгэхээр цаашид мал эмнэлгийн үйлчилгээний гурвалсан гэрээний үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллах, орон нутгийн санхүүжилтээр хийж байгаа вакцин дархлаажуулалтын ажлыг оновчтой, зөв зохион байгуулах, дотоод хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах нь чухал байна.
Аймгийн Мал эмнэлгийн газар 2020 онд Мал эмнэлгийн тасаг нэгжийн чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд 17 суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мотоцикл, компьютер техник хэрэгсэл, ажлын хэрэгцээний ширээ сандал тавилга олгох зэргээр ажиллах нөхцөлийг сайжруулсан.
Мөн Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй “Оролцооны эпидемиологийн хэрэгжүүлэгч эмч”-ээр 14 эмч, тархвар зүйчийг сургаж, бэлтгэсэн зэрэг чухал ач холбогдолтой томоохон ажил хийлээ. Гэвч мал эмнэлгийн салбарт хууль эрх зүй болон цахим систем, технологийн горим, зааврын шинэчлэл өөрчлөлт явагдаж байна. Иймээс малын эмч нарыг мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулах, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цаашлаад мал амьтны халдварт өвчнөөс сэрэмжлүүлэх, эрт илрүүлэх, тандан судлахад цаашид мөн анхаарч ажиллана.
-Цаашид тулгамдаж буй ямар асуудал байна?
-Сум орон нутагт мал угаалгын ванныг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Мөн Ховд аймгийн хэмжээнд тус салбарын боловсон хүчний асуудал дутмаг, малын эмч нарын ажлын ачаалал их байгаа нь бидний нэг тулгамдсан асуудал болж байна. Иймээс малын эмч нарыг шинээр бэлтгэх тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа.
Түүнчлэн Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын барилга стандарт хангахгүй байгаа тул шинэ байртай болох санал гаргаж байна. Мөн сумдын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд техник хэрэгсэл, материаллаг бааз дутмаг байна.
Одоогоор малын эмч нарын үйлчилгээний үнэ тариф бага байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд аймгийн ИТХ-ийн 73 тогтоолоор баталсан үнэ тарифаар ажлын хөлс олгогдож байгаа нь малын эмч нарт хүндрэл үүсгэдэг. Иймээс цаашид үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Бид цаашид лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар “баруун бүсийн төв лаборатори”-той болгохоор зорьж байна. Энэ дагуу холбогдох тооцоолол, судалгааны ажлыг хийж байгаа юм.
Үүнээс гадна мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд малчдын оролцоо чухал. Тиймээс малчдын үүрэг хариуцлага, эрхийг сурталчлан таниулах ажилд анхаарах гэх мэт олон тулгамдсан асуудал байна. Бид шийдвэрлэх арга замыг тодорхой үе шаттайгаар эрэлхийлж, хөөцөлдөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.